"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН 2016 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2016 оны 10 сарын 17, 09:30
1476669022Эрхэм хүндэт барилгачин Таныг “Барилга хөгжил” сэтгүүлийнхээ шинэхэн дугаараар угтан мэндчилж байна.

Манай сэтгүүл энэ удаагийн дугаарын голлох нийтлэлүүд олон улсын стандартуудын талаар уншигч танд ихийг өгүүлэх болно.
Эхний ээлжинд уншигч Та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандартын тухай танилцуулгыг ҮББК-ийн барилгын инженер С.Мөнгөнтөрийн нийтлэлээс унших бол BSI болон ISO-ийн техникийн хороодын нарийн бичгийн даргаар ажиллаж ISO 9001, ISO 14001, BS ОНSАS, ISO 45001 болон ISO 55001 стандартуудыг боловсруулах ажлыг удирдсан Чарльз Корритой хийсэн ярилцлагаас уншигч Та стандартуудын талаар дэлгэрэнгүй ойлголт авах болно.

Харин олон улсын стандарт Монголд хэр нэвтэрч байгаа билээ? Монгол Улсад, тэр тусмаа Монголын барилгын салбарт “Дельта констракшн” ХХК олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлж буй компаниудын анхдагч болох гэж байгаа бол “Гэрэгэ констракшн” ХХК Хөдөлмөр болон эрүүл мэндийн хамгааллын OHSAS 18001 стандартыг нэвтрүүлэн гэрчилгээгээ саяхан гардан авчээ. Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болж буй тэд чухам юуг онцолсныг “Барилга хөгжил” сэтгүүлийн энэ удаагийн дугаараас олж уншаарай. 

Олон улсын стандартын ууган байгууллага болох BSI-ийн төлөөлөгчийн газар Монголд үүдээ нээж, үйл ажиллагаа явуулаад удаагүй байна. BSI олон улсын стандартын байгууллага, ISO стандартын талаар Монгол дахь төлөөлөгчийн газрын Г.Билгүүний яриа ч бас Таны сонирхлыг татах байх.

Сэтгүүлийн дараагийн гол сэдэв бол Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байлаа. Монгол Улсын Зөвлөх инженерүүд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бас нэгэн шинэчилсэн үзэл баримтлалын талаар зөвлөлдөх уулзалт хийснийг манай сэтгүүл газар дээрээс нь сурвалжиллаа. Гэр
хорооллын шинэчилсэн үзэл баримтлалыг яагаад санаачлах болсон, дахин төлөвлөлтөд тулгараад буй гол хүндрэл болох инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудал, хэрэгжүүлэх арга замын тухай Зөвлөх инженерүүдийн байр суурь, санаа бодлыг эндээс мэдэж болно. Мөн гэр хорооллын
дахин төлөвлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаархи албаны хүмүүсийн байр суурь, дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа өгсөн ч өнөөг хүртэл орон байртай болж чадаагүй иргэдийн сэтгэгдлийг ч бас сонсов.

Монголын барилгын салбар үүсгэн байгуулагдсаны 90 жил энэ онд тохиож буйг уншигч Та бэлээхнээ мэдэж буй. Дуулиант тэгш ойн баярын тухай мэдээллийг бид энд багцлан хүргэсэн төдийгүй салбарын түүхийг товчхон түүчээлснээ үргэлжлүүлэн нийтэлж байна.

Мэргэжлийн сэтгүүл болохоор зорьж буй манай сэтгүүлийн нийтлэлийг инженер, мэргэжилтнүүдийн үггүйгээр төсөөлөх аргагүй. Барилгын мэргэжилтэй уншигч таны сонирхлыг “Дельта констрaкшн” ХХК-ийн олон улсын стандартад нийцсэн арматурын ажлын зааварчилгаа, шалгах хуудас хэр татах бол? Түүнчлэн “Бөлинтэ” ХХК-ийн хөтөлдөг лифтний талаархи мэргэжлийн зөвлөгөө, барилгын салбарын ойрын ирээдүй гэгдэх BIM-ийг хэрэгжүүлэхэд ямар стандартуудыг хэрэг болох тухай мэдээлэл ч манай сэтгүүлийн нүүр хуудаснаа бий.

Хөгжилд тэмүүлэгч хэн бүхэнд “Барилга хөгжил” сэтгүүлийн энэ удаагийн дугаар ус, агаар мэт хэрэг болох буй за.

ХАМТДАА ХӨГЖЬЕ.

“Барилга хөгжил ” сэтгүүлийн редакц