"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН 2016 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2016 оны 12 сарын 26, 12:21
1482726177ХУУЧИН ОН СОЛИГДОЖ, ШИНЭ ОН АЙЛЧЛАН ИРЖ БАЙГАА ЭНЭ ТОРГОН АГШИНД ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

2016 ондоо байгууллага, хамт олон, хувь хүн бүгдээрээ санасан сэдсэн бүхнээ хэрэгжүүлэн, амжилт гаргасан гэдэгт итгэж байна. Нөгөөтэйгүүр 2016 онд эдийн засгийн зогсонги байдал салбар бүрийг хамарч үйл ажиллагааг нь хумихад хүргэж байгааг ойлгож байна.

Давын өмнө “Барилга хөгжил” сэтгүүлийн редакцийн зүгээс уншигч та бүхнээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу. Учир хэмээвэл манай сэтгүүл эдийн засгийн энэхүү зогсонги байдлын нөлөөнд энэ оны сүүлийн хоёр дугаарыг хамтатган нийтлэхээс аргагүйд хүрээд байна. Бидэнтэй бүх цаг үеийн туршид хамт байсан үнэнч уншигч, дэмжигчид та бүхэн бидний энэ үйлдлийг ойлгож хүлээн авна гэж итгэж байна. 

“Барилга хөгжил” сэтгүүлийн зүгээс энэ удаагийн дугаартаа төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чухалчлан хөндлөө. Цаашид ч энэ талаар сурвалжлан, судлан дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилт бид тавилаа. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гар бие оролцох сонирхолтой хэн бүхэнд энэ сэдэв нэн чухалд тооцогдох буй за.

Түүнчлэн энэ дугаараас уншигч та ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйн ярилцлагыг уншиж, тус байгууллагын 10 жилийн ойн хүрээнд бэлтгэсэн манай мэдээлэлтэй танилцаж, ТОСК-ийн захиалгаар ҮББК-ийн гүйцэтгэсэн “Буянт-Ухаа” хороолол бүтсэн түүхээр аялаарай. Бид барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудын тухай болон мэргэжилтнүүдийн үгийг дугаарт бүртээ бага гэлтгүй оруулахыг хичээдэг. Энэ удаа “BuildingSmart Mongolia” ТББ болон 2016 оны шилдэг бүтээлийн шагналт “Их гүр инженеринг” ХХК-ийн дэвшилтэт технологийн танилцуулгыг үзээрэй.

Энд нэг онцлох зүйл бий. “Барилга хөгжил” сэтгүүлийн “Технологийн зааварчилгаа” буланг энэ удаагийн дугаараас эхлэн Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци хөтлөхөөр боллоо. МБИХ-ны 2014 оны “Шилдэг бүтээл”-ийн шагналт “Технологийн зааварчилгаа” 4 цуврал номын 2 дахь хэвлэлт буюу сайжруулан боловсруулсан хувилбар уншигч таны гарт хүрч байна. Энэхүү буланд нийтлэгдэж байгаа технологийн зааварчилгаа нь ҮББК-ийн гишүүн болон туслан гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг бөгөөд цаашдаа үүнийг барилгачин та бүхний санал, зөвлөмжийн тусламжтайгаар сайжруулан боловсруулж Монголын барилга, дэд бүтцийн салбарт нэвтрүүлэх, хэрэглэж хэвшин дадал болгох, улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн нэг түвшинд үйл ажиллагаа явуулахад тус дөхөм болох зорилготой хэьлэн нийтэлж байгаа тул Уншигч Та энэхүү “Технологийн зааварчилгаа” цуврал номын талаархи санаа, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаж, Монгол Улсын барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Ингээд нийт уншигчид, хамтран ажилладаг байгууллагууд, бизнесийн түншүүддээ шинэ оны мэндийг хүргэхийн ялдамд ирэх 2017 ондоо амжилт бүтээлийн дээдийг бүтээхийг хүсье. 

“БАРИЛГА ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИ