"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН 2017 ОНЫ АНХНЫ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2017 оны 01 сарын 24, 13:15
1485150900Барилгын салбарын мэргэжлийн сэтгүүл “Барилга хөгжил” сэтгүүлийн 2017 оны анхны дугаар уншигч таны гарт хүрч байгаад баяртай байна.
Бид оны анхны дугаартаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан утааны асуудлыг тусгайлан хөндөж, гамшгийн хэмжээнд хүрээд буй утааны тухай бүхий л асуудлуудыг нэгтгэн дүгнэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг хүслээ. Ингэснээр утаатай тэмцэх төр засгийн үйл ажиллагаанд идэвхижүүлэх “ташуур” өгч, үр дүнг нь ард түмэн хүртэнэ хэмээн найдна.

“Барилга хөгжил” сэтгүүлийн редакцийн зүгээс иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй олон сэдвийг хөндөж, шийдвэрлэх арга замыг санал болгож ирсэн билээ. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрээр тусгай дугаар бэлтгэн, үнэрээс ангижрах арга замыг зөвлөж байв. Нийтийн орон сууцны агаар сэлгэлт, салхивчын найдвартай ажиллагааны асуудлаар мэргэжилтнүүдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөмж гаргаж байлаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт удаашралтай, хүний өмчлөх эрхийг зөрчиж байгааг удаа дараа хөндөж, шийдвэрлэх арга замыг Монгол Улсын зөвлөх инженерүүдийн зөвлөмжийн хамтаар нийтэлж байв. Мэдээж эдгээр асуудлыг “Барилга хөгжил” сэтгүүлийн нийтлэлийн мөрөөр шийдвэрлэсэн гэх нь хэтийдсэн хэрэг боловч бидний хүчин чармайлт зөв шийдлийг олох гарц нь, сайн зөвлөгч нь байсан гэдэгт итгэнэм. Үр дүнд нь өнгөрсөн зун монголчууд өмхий үнэрийг мартаж, гэр хорооллын дахин төлөвлөлт хүний эрхийг зөрчиж байгааг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бүхэн бидний ажлын үр дүн гэдэгт итгэхийн ялдамд удаахь дугаараа “УТАА” хэмээн нэрийдэж, утаатай тэмцэхийг нийт ард иргэддээ уриалж байна.

“Барилга хөгжил” сэтгүүл салбарын мэргэжлийн сэтгүүл байх зорилгынхоо хүрээнд Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн “Технологийн зааварчилгаа” 4 цуврал номыг сэдэвчлэн нийтэлж байгаа билээ. Монголын барилгын инженерүүдийн холбооны 2014 оны шилдэг бүтээлээр шалгарсан энэхүү зааварчилгааг ҮББК-ийн ИТА-уудын зүгээс дахин нягталж, сайжруулсан хувилбараар ийнхүү нийтэлж байна. ҮББК-ийн гишүүн болон туслан гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг уг зааварчилгааг цаашид сайжруулан боловсруулж Монголын барилга, дэд бүтцийн салбарт нэвтрүүлэн нэгдсэн аргачлалаар чанарын өндөр төвшинд барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг байхыг зорьж байгаа юм.

Мэдээж бид сэтгүүлийн уламжлал ёсоор мэргэжилтний үг, ухаалаг барихуй зэрэг барилгын салбарын хөгжлийн шинэ боломжуудын тухай нийтэллээ үргэлжлүүлэн хүргэж байна.

“Барилга хөгжил” сэтгүүлийн 2017 оны анхны дугаар эрхэм уншигч таны оюуны хэрэгцээг хангана гэдэт итгэлтэй байна. Таалан болгооно уу.

“БАРИЛГА ХӨГЖИЛ” сэтгүүлийн редакц