"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН 2017 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2017 оны 02 сарын 20, 15:57
dasdgaСайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигчид аа.

“Барилга хөгжил” сэтгүүлийн шинэ дугаар XVII жарны “Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярын өмнөхөн уншигч танд хүрч байгаад манай сэтгүүлийн хамт олны зүгээс ихэд бэлэгшээж байна. Энэ жил нар, хур тэгширсэн, тариа будаа элбэг, ард түмний амьдрал ахуй сайхан жил болно хэмээн зурхайд буусан тул Монгол Улсын эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтын таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Барилга хөгжил” сэтгүүлийн хамт олон энэ удаагийн дугаартаа Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал болох хэсэгчилсэн инженерийн хангамжийн “Сервис центр”-ийн төслийн технологийн шийдлүүдийг багцлан танилцуулж байна. Та манай сэтгүүлээс “Сервис центр” яагаад хэрэгтэй тухай, “Сервис центр” гэж юу болох хийгээд “Сервис центр”-т тохиромжтой шилдэг технологийн шийдлүүдийг уншиж судлан, Монгол Улсын зөвлөх инженерүүдийн зөвлөмжөөр баяжуулан мэдлэгээ тэлэх боломжтой.

Мөн уламжлал ёсоор “Барилга хөгжил” сэтгүүл салбарын мэргэжлийн сэтгүүл байх зорилгынхоо хүрээнд Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн “Технологийн зааварчилгаа” номноос хэсэгчлэн хүргэдэг цувралаа үргэлжлүүлэн нийтэллээ. Монголын барилгын инженерүүдийн холбооны оны шилдэг бүтээлээр шалгарсан энэхүү зааварчилгааг ҮББК-ийн ИТА-нуудын зүгээс дахин нягталж, сайжруулсан хувилбараар ийнхүү нийтэлж байгаа юм. ҮББК-ийн гишүүн болон туслан гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг уг зааварчилгааг цаашид сайжруулан боловсруулж Монголын барилга, дэд бүтцийн салбарт нэвтрүүлэн нэгдсэн аргачлалаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг байхыг зорьж байгаа тул уншигч Та бүхэн санал зөвлөмжөө ирүүлээрэй.

Ингээд XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилдээ ажил үйлс нь дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

“БАРИЛГА ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ