"БАРИЛГА-ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН 2017 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2017 оны 05 сарын 01, 10:59
1493604035Барилгын салбарын мэргэжлийн сэтгүүл байх эрхэм зорилгын төлөө нийтлэл, сурвалжлагаа бэлтгэдэг “Барилга хөгжил” сэтгүүлийн хоёрдугаар улирлын эхний дугаар уншигч таны гарт хүрч байгаад баяртай байна.

Уудам Монгол орныхоо өнцөг булан бүрээс хуран чуулсан барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдлага, инженер, техникийн ажилтнууд, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид, ахмад барилгачид та бүхний ээлжит зөвлөгөөнд амжилт хүсэн мэндчилье.

“Барилга хөгжил” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газар, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлага, мэргэжилтнүүд болон Монголын барилгачдын холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Барилгын төсөвчдийн холбооны удирдлагууд, Коосен загварын сургуулийн Япон дэд захирал гээд барилгын салбарын бодлого, чиглэлийн талаар бодит мэдээлэл өгөхүйц мэргэжилтнүүдийн ярилцлага, нийтлэлүүд багтсанд олзуурхаж байна. Уншигч Та манай сэтгүүлийн гол нүүрүүдээс барилгын салбарын цаашдын хөгжлийн талаар тодорхой мэдээлэлтэй болж, барилгачдын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдвэрлэх гарцыг олж, бүтээн байгуулах их үйлсдээ ашиглана гэдэгт итгэлтэй байна.

Мөн “Барилга хөгжил” сэтгүүл уламжлалт булангууддаа барилгачдад гарын авлага болохуйц сонирхолтой мэдээллүүд нийтэллээ. Тухайлбал, барилгын салбарынхны мэдлэгт зориулж Монголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн “Технологийн зааварчилгаа” 4 цуврал номоос сэдэвчлэн нийтлэв. Уг цуврал нь Монголын барилгын инженерүүдийн холбооны оны шилдэг бүтээлээр шалгарч байсан юм.

“Барилга хөгжил” сэтгүүлийн 2017 оны дөрөвдүгээр сарын дугаар эрхэм уншигч таны оюуны хэрэгцээг хангана гэдэгт итгэлтэй байна. Таалан болгооно уу.

“БАРИЛГА ХӨГЖИЛ” СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ