Л.БАТЖАРГАЛ: ТУН УДАХГҮЙ ТОМООХОН ТӨСЛҮҮД УРАГШИЛЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМЖИНЭ

2017 оны 05 сарын 01, 11:04
18236010_1191230541005991_2058240715_oБХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа.

-БХБЯамнаас жил бүр зохион байгуулдаг барилгын салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ий энэ жилийн голлох сэдэв юу байх вэ? Барилгынхан маань энэ жил юунд гол анхаарлаа хандуулах учиртай вэ?

-Монгол Улсын барилгын салбар үүсч, хөгжөөд 91 жил болж байгаа 90 гаруй мянган хүн ажилладаг, үндэсний томоохон салбаруудын нэг. Хэдийгээр эдийн засгийн байдал суларсан ч өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувийг үйлдвэрлэж байна. Барилгын салбар өсөлттэй үедээ 12-13 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан. Барилгын яамнаас жил болгон зохион байгуулдаг барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний энэ жилийн гол сэдэв хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй байна. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн салбарт бид анхаарлаа хандуулах учиртай. Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн Төрийн ордонд болох зөвлөгөөнд БХБ-ын сайд, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн газрын удирдлагууд илтгэл тавина. Түүнчлэн орон нутгаас ирсэн төлөөллүүд илтгэл тавиж, мэдээлэл хийнэ. Харин хоёр дахь өдөр ХАБЭА-н болон Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр салбар хуралдаанууд болж, хөтөлбөрийн дагуу мэдээлэл хүргэхээр төлөвлөөд байна.

-Барилгын яам ойрын хугацаанд гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажлууд хийж байгаа. Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Бээжин хотноо Монгол- Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж, яамны зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирсэн. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үр дүнг дүгнэхгүй юу?

-Энэ дөрөвдүгээр сарын 10-12- ны өдрүүдэд Хятадын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн сайд Чэнь Жэн Гао манай яамны сайдыг урьж, хоёр салбарын хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах тухайд амжилттай яриа өрнүүллээ. Хоёр орны хамтын ажиллагааны гол сэдэв нь барилгын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, барилгын материал үйлдвэрлэлийн болон барилгын угсралтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийх хүрээнд өрнөсөн. Уулзалтын дүнд БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар 1000 айлын түр суурьших орон сууц барихаар болсон. 1000 айлын орон сууцыг Дэнжийн 1000, Ногоон нуур орчимд барих юм. Эдгээр орон сууцыг газар чөлөөлөхөд ашиглана. Газраа чөлөөлсөн иргэд энэ сууцанд амьдарч байгаад гэрээт орон сууцандаа орсны дараа дараагийнхаа хүмүүст шилжүүлэх юм. 1000 айлын түр оршин суух орон сууц бол утааны эсрэг тэмцэж байгаа хамгийн үр дүнтэй арга болно гэж бид үзэж байна. Түр оршин суух байрыг тавдугаар сардаа багтааж эхлүүлье гэсэн чиглэлтэйгээр шахаад ажиллаж байна. Зураг төсөл нь бэлэн болсон. Цэцэрлэг, сургуулийн цогцолбортой, 40-50 метр квадрат байрнууд байх юм. Түр оршин суух орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэд түрээсийн орон сууцанд амьдарч, заримдаа түрээсийн байрнаасаа хөөгдөх зэргээр хохирдог байдал арилна. Өмнө нь нэг компани айлуудаа оруулах байргүй байж иргэдийн газрыг чөлөөлчихдөг, сүүлдээ түрээсийнх нь мөнгийг өгч чадахгүйд хүрдэг байсан шүү дээ.
Мөн Хятад дахь айлчлалын хүрээнд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хятад-Монголын барилгын салбарынхны хувийн хэвшлийн хоорондын томоохон бизнес форум болсон. Бизнес форумд “Монгол базальт” ХХК, “Гангар инвест” ХХК, “BCKC” ХХК зэрэг найман компани хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулсан. Чулуун хөвөн үйлдвэрлэдэг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Монгол базальт” ХХК гэхэд Хятад руу 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Ер нь энэ уулзалтаар Хятадын хөрөнгө оруулагчид манай барилгын салбарт хөрөнгө оруулах сонирхол ихтэй байгаа нь харагдсан.

-Барилгын салбарт орон сууц, нийтийн аж ахуй гэдэг ойлголт эргэн сэргэх боллоо. Барилга байгууламжийг дэд бүтцээр хангах нь зайлшгүй тул салбарын яамны бодлогын хүрээнд шийдэгдэх асуудал гэж харж байна. ОСНАА-н бодлогын төвшинд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Нэн тэргүүнд бид орон сууцны дулаалгыг сайжруулахад анхаарлаа хандуулна. Хуучны угсармал барилгуудыг дулаалах хэрэгтэй. I хорооллын барилгууд, III, IV хороолол, Сансар гээд 1965-2000 оны хооронд баригдсан 1077 ширхэг угсармал орон сууц нийслэлийн 14 хороололд байдаг. Эдгээр орон сууцуудад 45 мянган өрх амьдарч байна. Эдгээр барилгуудыг дулаалснаар одоогийн байгаа дулааны хэрэгцээг 30 хувиар хэмнэх тооцоо гарсан. Жилдээ 13.9 тэрбум төгрөгийг дулааны хэмнэлтээр олж авна. Хэмнэсэн мөнгөөрөө гэр хорооллын айлууд руу болон дулааны доголдолтой байгаа газруудад нэмж хуваарилах боломжтой болно. Бидэнд дулааны алдагдлыг бууруулах замаар нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. Нийслэлтэй хамтраад хэд хэдэн байршилд туршилтын байдлаар дулаалах ажлыг эхлүүлээд байгаа.

-Цахилгаан, цэвэр усыг тоолууржуулснаар иргэд хэрэглээнийхээ хэмжээгээр төлбөр төлж байгаа. Харин дулааны хувьд метр квадратаар тооцоо хийдэг. Дулаанаа хэмнэх юм бол бага мөнгө төлдөг тогтолцоонд шилжих боломж хэр байдаг юм бол?

-Боломжтой. Ус болоод цахилгаан эрчим хүчний тоолуурыг айл болгонд тавьснаар айлууд маань ухаалаг хэрэглээтэй болж хэмнэлт хийж эхэлсэн. Дулаанд ч ийм боломж бий. Бүх айлд тоолуур тавихад зардал их гарна. Ядаж л ЦТП буюу дулаан дамжуулах төвүүдэд тавих хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдсэний дараа ажил хэрэг болох бүрэн боломжтой. Дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухайд бид тодорхой гарцуудыг хайж байна. Хэдхэн хоногийн өмнө газрын гүний дулааны технологи судлахаар Барилгын яам болон Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсэг Германд ажиллаад ирлээ. 2500-3000 м өрөмдөөд 100-120 градустай халуун ус гаргах замаар гэр хорооллын дулааныг шийдэх боломжтой юм. Энэ аргыг төвийн дулаан хүрэхгүй газруудад ашиглах боломжтой. Цаашид нарийвчилсан тооцоо, геологийн бүтцийн судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай.

-Ипотекийн зээлийн санхүүжилтээс хамаарч нийтийн орон сууцны барилгын ажил өрнөдөг. Энэ жилийн хувьд ипотекийн зээлийн санхүүжилтын хүрэлцээ хэр хангалттай байх вэ?

-Ипотекийн зээлийн санхүүжилтээс нийтийн орон сууцны бүтээн байгуулалт хамаардаг нь үнэн. Тиймээс ипотекийн зээлийн эх үүсвэрт бид анхаарлаа хандуулж ажиллаж байна. Төсвийн тодотголоор ипотекийн зээлийн санхүүжүүлэхээр 300 тэрбум төгрөг тусгасан. Засгийн газраас санхүүжих нь 110 тэрбум төгрөг, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 190 тэрбум төгрөг гээд нийтдээ 300 тэрбум төгрөгийг энэ жилдээ ипотекийн зээлд олгохоор байгаа. Энэ бол сард 25-30 тэрбум төгрөг гарна гэсэн үг. Хэдийгээр хүртээмжтэй бус ч ингэж ажиллахаас аргагүй байна. Уг нь бидэнд сард 50-60 тэрбум төгрөг байхад ипотекийн зээлийн санхүүжилт хангалттай гэж тооцогддог. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий.

-Засгийн газраас иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам хамтран иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг нийлүүлэхээр болоод байна. 2016- 2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суучихсан ажил. Энэ бол тухайн байрыг ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа улирлын чанартай ажил хийдэг, орлого нь тогтмол ч урьдчилгаагаа хуримтлуулах боломжгүй иргэдэд чиглэсэн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр юм. Энэ жилдээ гурван блок орон сууц барихаар төлөвлөөд байна. “Сервис центр” буюу бичил дэд төвүүдээр дамжуулан инженерийн шугам сүлжээнд холбогдох хоёр давхар нийтийн эзэмшлийн байр байх юм. Энэ орон сууцыг түрээслээд сууж болно. Мөн бага мөнгөөр худалдаад авч болно. Азийн хөгжлийн банкнаас ипотекийн зээлийн шугамаар зээлээр авч болно.

-Та “Сервис центр” төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу. БХБ-ын сайд хэлэхдээ 100 “Сервис центр” барина гэсэн. Ажил хэзээнээс эхлэх вэ?

-100 “Сервис центр” барихаар төлөвлөсөн. Гэр хорооллыг дэд бүтцэд холбох хамгийн зөв шийдэл бол “Сервис центр” гэж харж байгаа. “Сервис центр” нь тухайн гэр хорооллын нутаг дэвсгэрт хамгийн тохиромжтой инженерийн шийдлээр дэд бүтэц хүргэх явдал юм. Мэдээж санхүүжилт хүнд байна. Санхүүжилт хүнд байна гээд бид ажиллахгүй байж болохгүй. Нийслэлийн зүгээс энэ жил хоёр “Сервис центр” барихаар болсон. Манай яамны зүгээс гурван “Сервис центр” барина. Нийтдээ энэ жил 5 “Сервис центр” барьчих төлөвлөгөөтэй байгаа.

-Нийслэлийн гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх чиглэл байдаг вэ. Тухайлбал, “Сервис центр”-ийг нэн тэргүүнд аль хэсэгт барих вэ?

-Улаанбаатар хотын гэр хорооллыг төвийн бүс, дундын бүс, захын бүс гэж хуваан хөгжүүлэхээр төлөвлөсөн. Төвийн бүс нь инженерийн төвлөрсөн системд холбогдох бол төвийн систем хараахан очих боломжгүй хэсэгт дундын бүсийг хамруулдаг. Энэ дундын бүсүүдэд бид эхний ээлжинд “Сервис центр” буюу бичил дэд төвүүд барих төслийг хэрэгжүүлнэ. Нийтдээ 100 орчим бичил дэд төв хэрэгтэй. Энэ бол утааны эсрэг хамгийн үр дүнтэй ажил болно гэж харж байгаа. Бичил дэд төвүүд нь 18 х 12-ын хэмжээтэй, хоёр давхар байгууламж байна. Дотроо бага оврын дулааны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, гүний ус, сэргээгдэх эрчим хүч, холбооны сувагчлалтай байх ба эдгээр үндсэн таван шугамаар хэрэглэгчдийг хангана. Үүний өмнө төсөл хэрэгжүүлэх газрынхаа айлуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Нэг “Сервис центр”-т 200 айл хамрагдах боломжтой. Одоогоор найман байршлаас 1600 гаруй айл “Сервис центр” төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа. “Сервис центр”-т холбогдох санал нэгтэй байгаа эдгээр байршлуудад эхэлж бүтээн байгуулалтын ажил хийнэ. Ингэснээр иргэд хашаандаа инженерийн шугам сүлжээтэй холбогдож, орчноо сайжруулан цэвэр тохитой, дулаахан амьдрах боломжтой болно. Мэдээж зохион байгуулалтын зарим ажлуудыг давхар хийнэ. Тухайлбал, иргэд байшингаа дулаалж, сайжруулах хэрэгтэй. Шинээр барьсан тохиолдолд амины орон сууцыг нь ипотекийн 8 хувийн орон сууцны зээлтэй ижил нөхцөлөөр зээлд хамруулах боломжийг бид Монголбанктай зөвшилцөж байна. Нэг маягийн зурагтай, чанартай байшингууд, хямд нөхцөлөөр барьж болно.
Гэр хорооллоос гадна зайлшгүй шийдэх учиртай асуудал бол ашиглалтын шаардлага хангахгүй барилгууд. Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудаас шалтгаалан иргэдийн итгэл буураад байгаа. Яамны зүгээс төслийг урагшлуулахад шинэлэг хөшүүрэг хэрэглэхээр судалж байна. Хан-Уул дүүрэгт Нэхмэлийн шар гэсэн 20-иод байр бий. Энэ барилгуудыг шинэчлэх, сэргээн засварлах ажил өрнөнө.

-Замын-Үүдийн чөлөөт бүс олон жил зогсонги байдалтай байгаа ч эргэн сэргэж байгаа тухай мэдээлэл гарсан. Зам-Үүд яаж хөгжих вэ?

-Замын–Үүдийн чөлөөт бүсийг 17 жил ярьсан. Гэтэл тэнд үйлдвэрүүд байгуулагдсангүй. Одоо боломж бүрэн утгаараа бий болоод байна. Ихээхэн хөрөнгө оруулалтаар дулааны станц нь баригдчихлаа. Цэвэрлэх байгууламж нь шийдэгдчихлээ. Эрчим хүч, цэвэр усыг нь шийдчихсэн байна. Тэгэхээр манай барилгын салбарынхан тэнд үйлдвэрээ нээхийг уриалмаар байна. Замын-Үүдийн чөлөөт бүсэд үйлдвэр барих газар нь үнэгүй, материал нь үнэгүй. Тэндээс гарч байгаа бараа бүтээгдэхүүн экспортод гарахдаа татваргүй байдаг. Мөн үйл ажиллагаа явуулахад татвар төлөхгүй. Тэгэхээр маш том боломж гарч байгаа биз дээ.

-Засгийн газраас Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төслийг боловсруулаад байгаа. Энэ бодлогын үр дүн?

-Хүн ам, нутагшилт, суурьшлын ерөнхий бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байсан. Хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэр эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшилд томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн, экологийн нөхцөл ч муудаж байна. Хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөл боловсруулах шаардлага гарсан. Аливаа улс хөгжье гэвэл хүн ам болон суурьшлаа тухайн орон нутагтаа хамааруулж, уялдуулах учиртай. Жишээ нь, Замын-Үүд бол боомт нутаг тул боомтоо түшиглэн хөгжинө. Энэ мэтчилэн тухайн бүс нутагт ямар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг нь Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төслөөр гарч ирнэ. Хөгжлийнхөө бодлогоор л явна гэсэн үг.

-Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа. Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг дэмжиж, тусгай дугаар гаргаж байгаа “Барилга хөгжил” сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлье. 2017 онд барилгачид маань хийж бүтээх их үйлсийн эзэд байж, барилгын үйлдвэрлэл эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна. Барилгын салбарын хөгжлийг түргэтгэх бүхий л ажлыг Барилга, хот байгуулалтын яам санаачлан хэрэгжүүлэх болно. Тун удахгүй томоохон төслүүд урагшилж, бүтээн байгуулалт эрчимжинэ.

Ярилцсан М.ХАНГАЛ