УНШИГЧ ТАНАА

2017 оны 09 сарын 05, 11:33
1504578889Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын салбарт “Хамтдаа хөгжье” хэмээх шинэ сэтгүүл мэндэлж байгааг дуулгахад таатай байна.

Манай сэтгүүл нь барилгын салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг, хувь хүний хөгжлийг өсөн нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээлэл, мэргэжлийн заавар зөвлөгөө, технологийн аргачлалыг тогтмол нийтлэн, салбарын мэргэжилтнүүдийн оюуны хэрэгцээнд нийцсэн сэтгүүл байхын төлөө хичээн ажиллах болно. Бид барилгын салбарын бүхий л шатны үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэх шинэлэг санаа, орчин үеийн техник технологи, дэлхий нийтийн ололт амжилт, бүтээн байгуулалтын эрчмийг сурталчилж, инженерийн боловсролыг дэмжихэд нийтлэлийн бодлогоо чиглүүлэн, сар тутамд уншигч танаа хүрч байх юм.

“Хамтдаа хөгжье” сэтгүүл анхны дугаарынхаа цөмийг Монгол Улсын барилгын салбарын ууган байгууллага болох “Улаанбаатар барилга” компанийн 80 жилийн ойд зориулан бэлтгэлээ. Нийслэлийн өнгө төрхийг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтыг уг компанийн үе үеийн барилгачид барьсан бөгөөд хэрхэн их бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөгийн цагтай золгосныг ахмад иненерүүдийн дурсамжаас уншаарай.

Мөн барилгын салбарт чухал, түүхэн цаг үеийг өгүүлсөн гэрэл зураг, “Барилгачдын алдар” дуу төрсөн түүхийг нийтэллээ. Сэтгүүлд тогтмол нийтлэгдэх “Инженерийн боловсролд” буландаа 100 жилийн баталгаатай Нарны гүүрээр жишээлэн гүүрэн гарц барих технологийн дарааллыг хүргэж байна. 

“Хамтдаа хөгжье” сэтгүүлийн хамт олон цаашид шинэлэг мэдээ мэдээлэл, технологийн талаар нийтлэхийг зорилго болгон ажиллах бөгөөд эрхэм уншигч авхай таны санал, хүсэлт сэтгүүлийн нийтлэлд үнэ цэнэтэй билээ.Цаашид нэгэн салбарынхан бид улс эх орноо хамтдаа хөгжүүлцгээе.
Таалан болгооно уу.

“ndc, ХАМТДАА ХӨГЖЬЕ”
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ