"ХАМТДАА ХӨГЖЬЕ" СЭТГҮҮЛИЙН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2017 оны 12 сарын 25, 15:25
1514187111Барилгын салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн эрхэм уншигч, авхай танд шинэ жилийн мэнд хүргэе.

Манай сэтгүүл нь барилгын салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжлийг өсөн нэмэгдүүлэхэд өөрийн бодит хувь нэмэрийг оруулахыг зорин “Барилгын салбарын #1 мэргэжлийн сэтгүүл байх”-ын төлөө ажилладаг ба энэхүү зорилтын хүрээнд сэтгүүлдээ мэргэжлийн заавар зөвөлгөө, техологийн аргачлал, салбарын чиг хандлагын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг тогтмол бэлтгэн та бүхэнд хүргэн ажиллаж байна.

Манай сэтгүүлийн хамт олон дугаар бүртээ тодорхой нэг сэдвээр асуудал хөндөн, тухайн асуудал чухам яагаад үүсэх болов гэдгийг үндэслэлтэйгээр тодорхойлж, тус асуудлыг бусад салбар, улс оронд хэрхэн шийдвэрлэсэн тухай туршлагыг судлан нийтлэж, үүсээд буй нөхцөл байдалд тухайн асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж, шийдлийн хувилбаруудыг санал болгохоор хичээнгүйлэн ажилладаг билээ.

Энэ хүрээнд бид шинэ дугаартаа өвлийн улирал бүр хурцаар яригддаг агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй асуудлуудыг хөндөн, шийдвэрлэх боломжит хувилбарыг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн санал болгож буй “Сервис Центр” төслийн хүрээнд тайлбарлахыг хичээв.

Өнөөгийн Улаанбаатар хотод үүсээд буй агаар, орчны бохирдлын үндсэн эх үүсвэр нь хяналтгүй хот төлөвлөлт гэж бид үзэж байгаа учир хот төлөвлөлтийн оновчтой бодлого, үзэл баримтлал нь юунд оршдогийг мөн тодорхойлохыг зорилоо.

Тодруулбал, “Гэр хорооллын хөгжил” багц мэдээлэл нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал түүнийг хэрэгжүүлэх “Сервис центр” төслийн танилцуулга болон төслийн зайлшгүй шаардлагын талаарх сошиал орчин дахь олон хандалттай бичлэг, анхаарал татсан пост, жиргээнээс бүрдэх ба тус сэдвийн хүрээнд гэр хорооллыг бид хэрхэн өөрчлөн сайжруулах боломжтой байгааг эрэлхийлсэн болно.

Мөн хот төлөвлөлтийн багц мэдээллээс Улаанбатар хотын одоогийн төвлөвлөлтийн талаарх сонирхолтой ярилцлага болон хотын баруун бүсийн ерөнхий төлөвлөгөөний чиглэлийн талаар уншаарай.

“Хамтдаа хөгжье” сэтгүүлийн хамт олон ирж буй 2018 онд уншигч таны оюуны хэрэгцээг хангасан, мэдлэг чадвараа улам өргөжүүлэхэд зориулагдсан мэдээллийг хүргэхээр шамдан ажиллах болно. 

Эрхэм уншигч та манай сэтгүүлийн болоод нийтлэлийн талаарх санал хүсэлт, шүүмж болоод мэдлэгээ тэлэхийг хүссэн, асуудал хөндөхийг зорьсон аливаа сэдэвээ сэтгүүлийн редакцад доорх хаягаар илгээж байна уу. Бид та бүхний санал шүүмж, зөвлөмжийг талархан хүлээж авах болно.

“ndc, ХАМТДАА ХӨГЖЬЕ”
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ