Их барилгын салбарт “НЭН ТЭРГҮҮНД ХАБЭА”

2015 оны 01 сарын 28, 16:28
plakatБарилгын салбарт осол гэмтэл их гарч буй нь барилгын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н хууль, дүрэм, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, мөн эрүүл, аюулгүй, таатай нөхцөлд ажиллах бололцоог бий болгоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засаг, техник технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээг авах хийгээд хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Олон улсын стандартаар бол эрүүл ахуй биш эрүүл мэнд гэж тодорхойлдог.

Аливаа хөдөлмөр нь аюулгүй байдалд хийгдэж, үр дүнд нь хүний эрүүл мэндэд ямарваа нэгэн хор хохирол үзүүлэхгүй байх тогтолцоог ХАБЭА гэж ойлгож болно. 2008 онд хууль батлагдсанаар ХАБЭА-н эрх зүйн орчин, хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэж, аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБЭА-н асуудалд зохих хэмжээнд анхаарах болсон зэрэг эерэг үр дүн гарч байгаа ч зөрчил, дутагдал тасрахгүй байна.

ХАБЭА-н хэрэгжилтийг хангахад OHSAS 18001:2007 стандартыг барилгын салбарт хүлээн зөвшөөрч мөрдөх, ХАБЭА-н удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог баталгаажуулах, ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, ИТА-нуудынхаа мэдлэгийг дээшлүүлж, сургалтад хамруулах зайлшгүй шаардлагатай байна.

Байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нэн тэргүүнд ХАБЭА-н төсөв, журмаа батлах хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгж, байгууллага дотоод журмынхаа дагуу ХАБЭА-н алба байгуулан журмаа ягштал мөрдөж ажиллах хэрэгтэй. Барилгын салбарын ХАБЭА-н удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог баталгаажуулж, салбарын төрийн захиргааны байгууллага, хөрөнгө оруулагч, захиалагч, барилгын гүйцэтгэгч, байгууллагуудын тогтолцоог нарийвчилбал ИТА, ажилчдын хэмжээнд хэн нь юугаа хариуцаж ямар үүрэг хүлээх вэ гэдэг нь тодорхой болно.
ХАБЭА-н хуульд заасны дагуу бүх байгууллага ХАБЭА-н ажилтантай байх ёстой. Монгол Улс 1998 онд НҮБ-ын ХАБЭА-н тухай 155 дугаар конвенцид нэгдэн орж, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай үүрэг хүлээдэг болсон. Хэдийгээр манай улсын зарим коллежид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны техникч мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байгаа ч тэр нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд барилгын ХАБЭА-н бакалавр зэрэгтэй инженерүүдийг олноор бэлтгэн гаргах нь чухал байна. ХАБЭА бол тухайн байгууллагын соёлын хэмжүүр юм. ХАБЭА дахь урьдчилан сэргийлэх үндэсний соёлыг бий болгох, тасралтгүй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, ХАБЭА-н салбарт хэм хэмжээг нэвтрүүлэн хүчтэй, үр дүнтэй хяналтын системээр хянах замаар ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалалтыг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Барилгын үйлдвэрлэлийн бүх шатанд ХАБЭА-г мөрдөх шаардлагатай учраас ХАБЭА-н ажилтнууд ихээхэн эрэлт хэрэгцээтэй болж эхэлсэн. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт аюулгүй байдлыг дээд зэргээр сахих учиртай. Ганц ХАБЭА-н ажилтан талбайгаар явж ажилтнуудад хэлж зааварчлах нь тийм ч үр дүнтэй биш. Барилга гэдэг багийн хүчээр босдогтой адил хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хамт олны хүчээр бүрдэх учиртай. Тийм ч учраас ҮББК нь “Нэн тэргүүнд ХАБЭА”, “Хүн бүр ХАБЭА-н ажилтан байх ёстой” гэсэн зарчмыг барьж ажиллаж байна. ХАБЭА-н ажилтан нь ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийхдээ “Энэ ажлын байранд ямар осол аваар гарч болзошгүй байна вэ” гэдгийг урьдчилан тогтоодог. Ингэж ажилласны үр дүнд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж чадна. ХАБЭА-н ажилтан осол аваар гарсны дараа нь арга хэмжээ авах бус гарахаас нь өмнө сэргийлж ажилладаг. Ослын дийлэнх хувьд нь ажилд шинээр орж буй дадлага, туршлага муутай залуус өртдөг. Хаана зохион байгуулалт муу байна, тэнд осол гардаг. Инженерүүд талбайгаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг онцолж байгаагийн учир нь хязгаарлагдмал орчинд барилга барьдаг учир барилга барих технологийн дарааллаа чандлан сахих ёстой. Талбайн зохион байгуулалт муу байх тусам осол гарах эрсдэл тэр хэрээр нэмэгддэг. Мөн ажилтнуудын хувийн зохион байгуулалт их чухал. ИТА-нуудаа ХАБЭА-н талаар дадлагажуулж мэргэшүүлэх хэрэгтэй. Эдгээрийг биелүүлээгүй бо осол аваараас холдох боломжгүй. Барилга дээр эрсдэл байнга гардаг. Ийм учраас ХАБЭА-н ажилтан байнга эргүүл хийдэг. ИТА-нууд ажилдаа улайран нэг ажлыг олон давтан хийхийн хэрээр анхаарал нь суларсан байдаг. Энэ үед нь хэлж, сануулж байх нь ХАБЭА-н аижлтнуудын үүрэг. Тийм ч учраас барилгын талбайд ажиллаж буй төслийн удирдагч, ерөнхий инженер, нярав нь ХАБЭА-н талаар маш өргөн мэдлэгтэй байж ХАБЭА-н ажилтантайгаа нягт хамтран ажиллах нь осол аваараас сэргийлж, үр дүнд хүрэх нэг түлхүүр нь юм. Бидний уриа “Нэн түрүүнд ХАБЭА”. Ажилтан эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах өөрийн эрхээ хангуулж, ХАБЭА-н асуудлаар зөвлөгөө авахын зэрэгцээ,
-ХАБЭА-н арга барил, зааврыг ягштал баримтлах /Тухайлбал, хувийн хамгаалах хэрэгсэлтэй холбоотой,
-ХАБЭА-н асуудлаар хийж байгаа сургалт, ухуулан сурталчлах үйл ажиллагаанд заавал оролцох,
-Үйлдвэрлэл дэх аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхэд өөрийн ажил олгогчтой хамтран ажиллах нь барилгын салбарын ХАБЭА-н түвшнийг сайжруулахад нэн чухал билээ.

Их барилгын салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй эрхэм хүндэт барилгачид та бүхэндээ аваар осолгүй, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөе.

ҮББК-ийн ХАБЭА-н менежер, Барилгын инженер Х.БАТХҮҮ