Д.БАСАНДОРЖ: БОХИР УСЫГ БИД ЦЭВЭРШҮҮЛЖ ЧАДНА ГЭДГЭЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЭЛЬЕ

2017 оны 03 сарын 03, 11:52
16734882_1345639395494527_843673863_oХэсэгчилсэн инженерийн хангамжийн төв “Сервис центр”-ийн бохир ус цэвэрлэх байгууламжийн шийдлийг бид дотоодын технологиос эрэлхийлэхийг хүссэн юм. Иймд бага оврын “Хөвсгөл” цэвэрлэх байгууламжаа амжилттай туршаад буй ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн доктор, дэд профессор П.Басандоржтой ярилцлаа.

-Таныг Гачууртад бохир ус цэвэрлэх “Хөвсгөл” төслөө амжилттай хэрэгжүүлсэн тухай дууллаа. Технологийнхоо тухай танилцуулахгүй юу?

-Хоёр шатны биологийн цэвэрлэгээний технологиоор ахуйн бохир усыг бүрэн цэвэршүүлээд эргүүлж ашиглах технологийг Монголд нутагшуулаад байна. Анхны 25 метр куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа Гачууртад барьсан юм. Сургууль, дотуур байр, цэцэрлэг, захиргаа, эмнэлэг, 12 айлын орон сууц гээд яг сумын төвийн хэмжээний барилгуудын ахуйн бохир усыг цэвэршүүлэн цэвэр ус гаргаад явж байна. “Хөвсгөл” системийг нэг айлаас эхлээд 3000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх зорилгоор хэрэглэж болно. Аймгийн төв, том байгууламжуудад ч ашиглах боломжтой.

-“Хөвсгөл” цэвэрлэх байгууламж хаанахын технологи вэ?

-Монголчуудын өөрсдийнх нь технологи. Америк, Герман, Орос, Японы технологи ч оролцсон. Үндсэндээ дэлхийн шилдэг гэсэн технологиудыг аваад эрчим хүчний хэмнэлттэй, усыг бүрэн цэвэршүүлэх аргуудыг тусгасан юм. Хөвсгөл бол манай орны хамгийн цэнгэг нуур. Ахуйн бохирыг цэвэрлээд гаргасан усаараа хиймэл нуур үүсгэж, Хөвсгөлтэй адил олон арван нуур цөөрөм байгуулахыг хүсч байна. Мөн ил урсгаж, голын урсацыг ч нэмэгдүүлэх боломжтой.

-“Хөвсгөл” цэвэрлэх байгууламж усаа хэдэн хувь цэвэрлэдэг вэ?

-100 хувь цэвэрлэнэ. Гүйцэд цэвэрлэгээ нэмэгдүүлсэн байгаа. Бүрэн халдваргүйжүүлсэн болохоор буцаагаад уусан ч болно. Бид мэргэжлийн хүмүүс болохоор өөрсдөө ууж үзүүлж байгаа. Хотын усны цогц менежмент гэдэг ойлголт бий. Бид өмнө нь гүний худгаас цэвэр ус аваад түүнийгээ ашиглаад бохирдуулаад хаядаг, үрэлгэн системтэй байсан. Одоо бид хотхоны айлуудын ахуйн бохир усыг цэвэрлээд унднаас бусад хэрэгцээнд буцаагаад ашиглах боломжтой боллоо. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 280 мянган куб байдаг. “Сервис центр” шиг төслүүд хэрэгжээд эхэлснээр өдөрт 8-10 литр ус хэрэглэж байсан гэр хорооллын өрх орон сууцны өрхтэй адил хэрэглээтэй болно. Тэгэхээр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд усаа цэвэршүүлэн хэрэглэхээс өөр арга байхгүй. Ямар ч хэлбэрийн бохир ус байсан бид цэвэршүүлж чадна гэдгээ шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэх байна. Ингэснээр цэвэр ус хайж Туулын өөдөө өгсөх шаардлагагүй болно. Бохир ус бол нөөц. Ногоон Улаанбаатарыг бий болгоё гэвэл усаа л ашиглах ёстой.

-Цэвэршүүлээд гаргасан усаа яг ямар зориулалтаар ашиглавал тохиромжтой вэ?

-Хоёр шатны беологийн цэвэрлэгээр гарсан усаа бид ногоон байгууламж, зам талбайн усалгаа, машин угаалгад хэрэглэх боломжтой. Ингэснээр хотхонд хэрэглэж байгаа нийт усны хэмжээг хэмнэх боломж бүрдэнэ. Цэвэрлэсэн усаараа нуур байгуулаад эко орчин бүрдүүлсэн ч болно. Гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан стандартыг мөрдөх учиртай. Дэлхийн бүх орон ийм замаар явж байгаа.

-Цэвэрлэх байгууламжийн хувьд анхны хөрөнгө оруулалт нь хэр өндөр өртөгтэй вэ?

-Цэвэрлэх байгууламжид сараалж, элс баригч, тунгаагуур гээд салангид олон байгууламж байдгийг бид нэгтгэчихэж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тавьж байгаа норм нормативын дагуу усаа цэвэрлэдэг. Хэрэглэгч ямар шаардлага тавина, ууна гэвэл уух хэмжээнд цэвэрлэж чадна. Анхны хөрөнгө оруулалтын хувьд одоо хэрэглэж байгаа бохир усны системээс хамаагүй хямд тусна. Дотоодын үйлдвэрлэлийн давуу тал энэ. Нөгөөтэйгүүр бид монгол хүн учраас Монголын цаг уурыг хамгийн сайн мэднэ. Яг Монголд тохирсон шийдлийг гаргаж ирнэ гэсэн үг. Өртөг зардлын хувьд эрчим хүчний бага зэрэг зардал гарч байгаа. Ямар нэгэн химийн бодис ашиглахгүй. Зохиомол биологийн цэвэрлэгээ хийх юм.

-Лагийн асуудлыг хоёулаа орхигдуулаад байна. Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг яаж цэвэрлэх вэ?

-“Хөвсгөл” бол лаггүй систем. Геомембран уутанд лагийг цуглуулаад уснаас нь ялгадаг. Энэ бол дотор байгаа усаа гадагшлуулахаас биш гаднаас ямар нэгэн чийг авдаггүй технологи. Ингээд үлдсэн лагаа бичил биетүүдээрээ идүүлчих юм. Мэдээж үлдсэн хэсэг нь бордоо болно.

-“Сервис центр” төсөлд таны технологийг ашиглахад ямар нэгэн асуудал гарах уу?

-“Сервис центр”-т 200-300 айл холбогдсон тохиолдолд хоногт ямар хэмжээний ахуйн бохир ус гарах вэ гэдгийг бодох учиртай. Нэг айлаас хоногт 100 литр бохир ус ялгардаг гэж үзвэл 20-30 метр кубын цэвэрлэх байгууламж барина гэсэн үг. Гачууртад бид 6х12-ын байранд 25 метр куб-ийн төхөөрөмж байрлуулсан. “Сервис центр”-т шууд ашиглах боломжтой.

-Гачууртад барьсан системээ ямар хөрөнгөөр барьсан бэ?

-Нийслэлийн захиалгаар барьсан. Гачууртад Хар усан тохой гэж Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр байдаг. Энэ эх үүсвэр рүү бохир ус орохоос сэргийлсэн ажил. Тэгэхээр хот өөрөө туршлагатай болчихсон. Үр дүн нь гарчихлаа. Өнөөдөр би хийе гэж ярьсангүй. Хийчихсэн ажлаа сайжруулах, дэлгэрүүлэх тухай л яриад байгаа юм.

-Танд болон танай багт хэдэн жилийн туршлага байна вэ?

-Миний хувьд 30 гаруй жил бохир усны технологийг судалж байна. Манай багт найман эрдэмтэн байдаг. Америк, Герман, Орос, Хятад, Солонгосын эрдэмтэд. Тиймээс бид дэлхийн шилдэг өндөр технологиудыг хоорондоо солилцож ажилладаг. Бид АСЕМ-ийн өмнө Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарлаа. Тийм их хэмжээний бохирдолтой усыг цэвэрлэж чадаж байгаа юм чинь ахуйн бохир усыг цэвэрлэнэ гэдэг асуудал биш. Улсын цолтой бөх сумын наадамд ирээд түрүүлнэ гэж бардам хэлдэг шиг л бид ахуйн бохир усыг цэвэрлэж чадна гэж бардам хэлнэ.

-Таны технологийг дэлхийн хамгийн шалгарсан технологи гэдгийг яаж батлах вэ?

-Хоёр жил тутамд дэлхий нийтийн бохир усны технологиудийн үзэсгэлэн яармаг болж, эрдэмтэн судлаачид хуралддаг. Энд алт, мөнгөн медаль авч байгаа технологиуд шилдэгт тооцогддог. Тэр бүх технологиудыг бид ашиглаж байгаа. Японы куй-кай гээд бохир усыг доороос нь агааржуулагчаар үлээж бичил биетээ үржүүлдэг технологийг бид ашиглаж байна. Америкийн өөх тос ихтэй бохир усыг хүйтэн орчинд цэвэрлэдэг аргыг мөн хэрэглэж байна.

-Бохир ус цэвэрлэх технологийн дэлхий нийтийн жишиг хаашаа явж байна вэ?

-Усыг био технологийн аргаар цэвэрлэхийг илүүд үздэг болсон. MBR буюу мембран биоректор бол дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи. Дэлхий нийтээрээ цэвэр усны нөөц дуусч байна, 2020 онд дэлхийн хүн ам 8 тэрбум болно, цэвэр усгүй бид яах юм бэ гэж ярьдаг байсан бол одоо тэр асуудлыг мартсан. Бохир ус байвал цэвэрлээд л ундандаа хэрэглэчихэж байна. MBR технологийн тусламжтайгаар далайн усыг ч цэвэрлээд уучихдаг болсон. MBR гэдэг нь бидний арьснаас нарийн зүйлээр усыг шүүж, зөвхөн усны молекулыг нь ялгах арга.

-Бие даасан жижиг цэвэрлэх байгууламжууд олноор нь байгууллаа гэхэд мэргэжилтний хүрэлцээ хэр хангалттай байдаг вэ?

-Боловсон хүчний асуудал чухал. Хүмүүсийг сургаад явахад болно. Гол нь цэвэрлэх байгууламж маань бүрэн автомат системтэй байх ёстой. Орон зайнаас хамааралгүйгээр гар утаснаасаа удирдаад явах боломжоор хангах хэрэгтэй. Би Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Улаанбаатар гээд хана ч хамаагүй 10 цэвэрлэх байгууламжтай байлаа гэхэд түүнийгээ интернет орчиноос удирдаад явчихаж болно. Францад гэхэд цагтаа 1200 ажилчинтай компани 10-аадхан ажилчинтай болчихсон байсан. Тэгсэн мөртлөө ажил нь хэвийн яваад байдаг. Хүмүүс нь гэрээсээ интернетээр ажлаа хийж байгаа юм. Орчин үеийн цэвэрлэх байгууламж ингэж ажилладаг болсон. Бидний судалсан туршлагаас харахад хувийн хэвшлүүд их хариуцлагатай ажиллаж байна. Бага зардлаар үр дүнтэй ажиллахыг зорьдог шүү дээ. Тэгэхээр “Сервис центр”-ийг хувийн хэвшил аваад явахад асуудалгүй харагдаж байгаа.

-Сонирхоод асуухад, монгол хүн өөрийнхөө ялгадснаас ялгасан усыг уух болов уу?

-Бид тархиндаа байгаа ойлголтуудаа өөрчлөх цаг болсон. Цаг үе ондоо боллоо. Сингапурийн жишээг дурдъя. Цэвэр усаа гаднаас зөөдөг байсан орон өнөөдөр борооны усыг цуглуулаад, бохир усаа цэвэрлээд “Шинэ ус” гэсэн нэршил бий болгон ашиглаж байна. Тэд хиймэл газар хийгээд, тэндээ хэдэн худаг гаргаад цэвэрлэсэн усаа шахчихаж байгаа юм. Хүмүүс хөрсөөр шүүгдсэн усыг худгаас уудаг юм байна гэсэн ойлголттой үлдэж байгаа юм. Солонгосын Чежү арлынхан усаа хэрхэн цэвэрлэдгээ ард түмэндээ харуулахын тулд цэвэрлэх байгууламжийнхаа дээр үнэгүй гольфын талбай байгуулчихсан. Хүмүүс тоглохоор ирэхдээ усыг хэрхэн цэвэрлэдгийг харж байгаа юм. Ингэж хүний тархинд зөв үзлийг суулгаж байна. Мэдээж байгалийн усыг ямар ч технологи бий болгож чадахгүй. Гэхдээ усыг эрүүл мэндийн хор хөнөөлгүйгээр цэвэрлээд, гаралт дээр нь эрдэсжүүлээд хэрэглэх олон арга бий.

“БАРИЛГА ХӨГЖИЛ” сэтгүүл