Б.АВИРМЭД: ГЭР ХОРООЛЛЫГ ХОЁР ТАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

2017 оны 03 сарын 06, 14:49
IMG_4187Монгол Улсад хэрэгжсэн анхны томоохон сэргээгдэх эрчим хүчний станц болох 10 МВТ чадалтай Дарханы нарны цахилгаан станц байгуулах төсөлд “Шугам” ХХК оролцож, зураг төслийг нь боловсруулан, зохиогчын хяналт хийж ажилласан билээ. Иймд эрчим хүчний барилга, зураг төсөл боловсруулалтын чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулаад буй “Шугам“ ХХК-ийн ерөнхий захирал Б.Авирмэдтэй уулзаж, “Сервис центр”-ийн цахилгааны эх үүсвэрийн талаар ярилцлаа.

-“Сервис центр”-ийн цахилгаан хангамжийн шийдэл ямар байвал зохимжтой гэж Та үзэж байна вэ?

-“Шугам” компани эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр 1994 онд байгуулагдсан. 2008 оноос эрчим хүчний зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр дагнан ажиллаж байна. Бид ҮББК- ийн санаачилсан хэсэгчилсэн инженерийн хангамжийн “Сервис центр” төсөлд санал бодлоо тусгаж байгаадаа баяртай байна.

Монгол Улс хөгжиж байгаа улс. Баян орнуудтай харьцуулахад цоо шинэ техник технологи нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Бодит эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад өөрсдөдөө тохирсон шийдэл олохоос аргагүй байна. Дээр нь манай эрчим хүчний тариф улсын тогтсон үнийн дагуу буюу маш хямд байдаг. Тиймээс хүмүүс цахилгааныг ямар үнээр үйлдвэрлэдгийг ойлгодоггүй. Харин шийдлийн хувьд АВВ, Шнайдер гээд бидний хэрэглэж ирсэн олон хувилбар бий. Мөн Оросын сүүлийн үеийн технологиуд байна. Хэдийгээр орчин үеийн өртөг багатай шинэ техник технологи нэвтрүүлж болох ч стандарт нь манайд хүлээн зөвшөөрөгдсөн үү гэдэг асуудал гарч ирдэг. Үүний тулд тодорхой туршилтын төсөл хэрэгжүүлдэг юм.

-Эрчим хүчний шийдэл боловсруулахад юу анхаарах ёстой вэ?

-Олон улсын чиг хандлага ямар байгааг харах ёстой. Технологи хурдацтай шинэчлэгдэж байгаа цаг үед бид даган өөрчлөгдөх нь зөв. Манай эрчим хүчний сүлжээний стандарт ГОСТ-оор явдаг. Өөр стандарт сонгох бол илүү зардал багатай шийдэл олох нь зөв. Гэхдээ орчин үеийн шийдэл нэвтрүүллээ гэхэд анхны хөрөнгө оруулалт нэмэгдэх талтай. Тиймээс төслийн нийт эдийн засгийн үр ашгийг бодолцох учиртай. Сүүлийн үеийн трансформатор, кабел шугамын техник технологи сайжирсан болохоор анхны хөрөнгө оруулалт өндөр ч дараа нь гарах ашиглалтын зардал маш бага байдаг. Жишээ нь, АВВ-ын трансфоматор 30 жил ямар ч үйлчилгээ шаардахгүй ажилладаг.

-Анхны хөрөнгө оруулалтыг бууруулах арга нь дотооддоо үйлдвэрлэх. Цахилгаан хангамжийн дотоодын үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ?

-Манайхан төмөр бетон тулгуурыг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Зарим цахилгааны утсыг үйлдвэрлэж байна. Нам хүчдэлийн самбарууд, иж бүрдэл дэд өртөөг ч дотооддоо угсарч байна. Шугамын гэмтэл тодорхойлдог багажийг “Ган Одель” ХХК хийж байгаа. Монголд хийсэн төхөөрөмж гадны төхөөрөмжүүдээс хоёр дахин хямд. Дотоодынхоо боломжуудыг “Сервис центр” төсөлд тусгаж чадвал анхны хөрөнгө оруулалт буурах сайн талтай.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх шинэчилсэн үзэл баримтлалд цахилгааны найдвартай ажиллагааг хэрхэн тусгах вэ?

-Өнөөдөр хотын төвийн хорооллуудын цахилгааны найдвартай ажиллагаа сайжирч байгаа. Хаалттай дэд станц нь хоёр трансформатортой. Нэг нь гэмтэхэд нөгөө нь ажиллах горимтой. Хэрэглэгчийнхээ зэрэглэлээс
хамаараад хоёр болон гурван талаас тэжээлтэй, нэмэлт цахилгаан үүсгүүртэй газрууд ч байна. Гэтэл гэр хороололд хоёр талын тэжээлтэй газар байдаггүй. Цахилгаан нэг тасарсан бол тэр чигтээ тасардаг. Үүнийг өөрчилж, найдвартай ажиллагааг хангах учиртай. Ялангуяа гэр хорооллын айлууд халаалтаа цахилгаанаар шийддэг болсон цагт заавал хоёр талын тэжээлийн эх үүсвэртэй байх хэрэгтэй.

-Сэргээгдэх эрчим хүчний ямар хувилбарууд ашиглаж болох вэ?

-Нарны толь, нарны модуль, Power wall гэж яриад байгаа. Нарны зай ч гэдэг. Нарны эрчим хүчийг ашиглахын тулд хамгийн наад зах нь нэр томъёогоо тодорхой болгох хэрэгтэй. Нарны модулийн үнэ хямдарч байгаа. Сүүлийн таван жилд тав дахин хямдарсан. АНУ-д байгаль орчныг хамгаалах хуулиуд өндөр шаардлагатай байдагтай холбоотой нүүрсний цахилгаан станц байгуулснаас нарны эрчим хүчний үйлдвэр байгуулах нь хямд тусдаг болчихсон. Тэгэхээр нарны эрчим хүчийг бодолцох л ёстой. Манай хувьд нүүрс, цахилгааны үнийг төр тогтоодог. Хамгийн хямдаар цахилгаан үйлдвэрлэдэг газар нь “ТЭЦ 4”. Нэг кватт цахилгааныг 56 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Нарны эрчим хүчээр шийдэх гэж байгаа бол 56 төгрөгөөс багаар үйлдвэрлэх гарцыг олох ёстой. Гэхдээ одоохондоо тийм нөхцөл байхгүй болохоор дэмжих байдлаар ашиглаж болно. Жишээ нь, айл болгонд нэг кватт нарны эрчим хүч санал болгож болно. Энэ нь тухайн айлын халаалтаас бусад хэрэглээг хангах хүчин чадал гэсэн үг. Төвийн эрчим хүчнээс тог авахгүйгээр өөрийгөө зохицуулах боломжтой болно. Мөн нарны өдрийн эрчим хүчийг хуримтлуулан хадгалах төхөөрөмж нэвтрүүлж болно. Хэдийгээр өндөр өртөгтэй ч олон шинэ технологиуд хоорондоо өрсөлдөж байгаа нөхцөлд өртөг буух байдал ажиглагдаж байна. Бидэнд гэрэл гэгээ харагдаж байна. Ойрын үед хувьсгал ч болж магадгүй. Америкт “Тесла” компанийнхан энгийн дээвэртэй адилхан үнэтэй нарны эрчим хүч үйлдвэрлэдэг дээвэр хийж эхэлсэн. Япончууд гэрийн бүрээсийг нарны эрчим хүчээр цэнэглэх судалгаа хийж байгаа гэж сонссон. Ийм тохиолдолд гэр байнга дулаан байх боломжтой болно.

“Тесла”-ийнхан айл өрхийн хэрэглээний тогийг хадгалдаг батерей худалдаад эхэлчихлээ. 14 кватт цаг ажиллах чадалтай нарны батерейг 5500 ам.доллаар санал болгож байгаа. Хэрэглэгч цахилгааны мөнгө төлөхгүй амьдарч болно гэсэн үг. Ийм шийдлүүдийг бид урьдчилж хараад системтэйгээ холбох аргыг төлөвлөж л байх хэрэгтэй.

dasdga(1)-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд дулаан алдалтын асуудлыг хөндсөн. Дулаанаа алдахгүй байх нь эрчим хүчний эх үүсвэрийн шийдэлд нөлөөлж чадах уу?

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиар их ажил хийгдэх төлөвтэй байна. Эрчим хүчний шинэ шийдэл хайхаасаа илүү одоо байгаа гэр, байшингаа дулаалах асуудал чухал. Үүнийг “Сервис центр”-ийн төсөлдөө анхаарч үзэх хэрэгтэй. Дулааны эх үүсвэрийг цахилгаанаас гадна газ-аар халаадаг системүүдийг ч судлах хэрэгтэй. Газ нь цахилгаанаас хямд тусна. Бидний хамгийн гол зорилго бол эдийн засгийн үр ашгийг тодорхой хэмжээнд бариад шинэ техник технологи нэвтрүүлэхэд анхаарах юм.

-Ахуйн чанартай галын голлох шалтгаанд эрчим хүч ордог. Ил цахилгааны шугам байрлахгүй байх талаар ямар боломжууд байна вэ?
-Социализмийн үеэс л хотын төвөөр ил шугам явуулахгүй байх бодлого баримталдаг байсан. Шинэ төлөвлөж байгаа гэр хороололд шугамыг газар доогуур, кабел шуудуугаар явуулах гээд олон арга байна. Дэд станциа ч газар доор төлөвлөж болно. Ер нь “Сервис центр” төслийг хэрэгжүүлэх газарт хаус хороолол босгох уу, таун хаус болгох уу, гэр хорооллыг сайжруулах уу гэдгээс хамаараад технолги нь өөр болно. Цахилгааны аюулгүй ажиллагаанд зүй зохистой хэрэглээ нөлөөдөг. Дарханд гэхэд хамгийн анхны хувийн цахилгаан түгээх сүлжээ ажиллаж байна. Цахилгааныхаа төлбөрийг урьдчилж төлдөг системтэй. Гар утасны нэгж авч байгаа юм шиг цахилгааныхаа нэгжийг авна гэсэн үг.

“БАРИЛГА ХӨГЖИЛ” сэтгүүл