Б.ЭНХЖАРГАЛ: ГЭР ХОРООЛОЛД ЦЭВЭР УСНЫ МАШ ИХ НӨӨЦ ХҮРГЭЭД БАЙГАА

2017 оны 03 сарын 10, 15:03
IMG_425814Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн инженерийн хангамжийн төв “Сервис центр”-ийн цэвэр усны эх үүсвэрийн талаар Монгол Улсын зөвлөх инженер, “Хүрд” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхжаргалтай ярилцлаа.

-“Сервис центр”-т хамгийн тохиромжтой цэвэр усны эх үүсвэрээр Та ямар шийдлийг санал болгох вэ?

-Нэн тэргүүнд төвийн шугамд холбох арга тохиромжтой. Улаанбаатар хотод ашиглахгүй байгаа цэвэр усны маш урт шугам бий. Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн 1000, Долоон буудлаар дамжаад Дамбын хийдийн араар тойроод Дарь- Эхэд цэвэр усны шугам хүрсэн. Шархад, Толгойтод хүртэл цэвэр усны шугам татсан. Үндсэндээ 2000 оноос өмнө бий болсон ихэнх томоохон гэр хороололд цэвэр усны төвлөрсөн шугам очсон байгаа. Нэгэнт ийм том бололцоо байгаа нөхцөлд цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээндээ айл өрхийг холбох нь хамгийн зөв шийдэл. Уул хад даваад явчихсан гэр хорооллын хувьд амьдрах нөхцлийг сайжруулах тухай л ярих учиртай. Гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангана гэдэг нь утаа, хөрс, усны бохирдол гээд бүхий л таагүй үзэгдлийг залруулах сайн талтай шүү дээ.

-Гэр хороололд хүрчихээд байгаа цэвэр усны шугамын хүчин чадал хэр хүрэлцээтэй вэ?

-Гэр хороололд цэвэр усны маш их нөөц хүргээд байгаа. 2000-аад оны эхээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн хангалттай хүчин чадал бий. Дандаа сүүлийн үеийн ундны усны шаардлага хангасан полиэтилен хоолойгоор хийсэн олон жилийн насжилттай шугамнуудтай. Чингэлтэйд гэхэд маш том усан сан уулын оройд байна. Баянхошуу бас усан сантай. Эдгээр усан сангаас ямар ч том хорооллыг хангах чадалтай.

-Эдгээр шугамыг цааш нь өргөтгөх боломж бий юу?

-Бүрэн боломжтой. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бохир, цэвэр усны шугам хийгээд эхэлчихсэн байгаа.

-Цэвэр усны төвлөрсөн шугамын хүрэлцээ хангалттай байхад яагаад гэр хорооллын айлууд холбогддоггүй юм бол. Тэр шугамыг ямар хэлбэрээр ашиглаж байна вэ?

-Гэр хорооллын иргэдэд ундны ус түгээдэг зөөврийн худгуудад ус шахах хэмжээнд л ашиглаж байна. Машинаар ус зөөхийг л болиулсан төдийгөөр хэрэглээ ханаж байна. Гэтэл иргэд ус түгээх байрнуудаас нь тэргээр ус зөөж хэрэглэсэн хэвээр. Тухайн айл 200 литр ус зөөгөөд авчихад долоо хонож болоод байхад газар ухаж, шугамын зардал гаргаж цэвэр усанд холбогдохыг яарахгүй байна. Тиймээс “Сервис центр”-т холбох хэлбэрээр төвийн цэвэр усны системийн зүй зохистой хэрэглээг нэвтрүүлмээр байна.

-Төвлөрсөн шугам сүлжээнээс гадна гүний худгаар цэвэр усны эх үүсвэрт холбож болно. Гүний усыг хэдэн метрээс татах учиртай вэ?

-Зайсангийн зарим хэсэгт төвийн дулаан, цэвэр усанд холбогдоогүй барилгууд байна. Ийм том хорооллуудыг шийдэж болоод байхад гэр хорооллын айлуудыг гүний худгаар шийдэх бүрэн боломжтой. “Сервис центр” нь цэвэр усны эх үүсвэрээ гүний худгаар хангах тохиолдолд жижиг хэмжээний ус цэвэрлэгээ, ариутгалын байгууламж хэрэгтэй. Учир нь гүний усыг шууд унданд хэрэглэж болохгүй. Ариутган хэрэглэх учиртай. Ариутгах тухайд Улаанбаатар хотын хувьд гайгүй ч зарим аймгийн гүний ус давс, нарти, магни гээд бодиусууд нь шаардлага хангадаггүй. Мөн гүний худгаар шийдсэн тохиолдолд насос тавих тул цахилгааны найдвартай эх үүсвэр хэрэгтэй.

-Гүний худгийг хэдэн метрт ухах ёстой байдаг вэ?

-Одоо айлууд 25-30 метрийн худгаас усаа татан хэрэглэж байгаа. Энэ нь хөрсний бохирдолд өртөх магадлал өндөртэй. Хамгийн тохиромжтой хэмжээ бол 80 метр болон түүнээс гүнд байдаг. Жинхэнэ гүний усан сан руугаа орж байна гэсэн үг. Харин 30 метрээс ууж байгаа ус бол хөрсний давхаргын хооронд юм уу, ан цавын дунд байгаа л ус. Хөрсний бүтцийн хувьд Сансар, Дарь-Эх орчмын хөрс хадархаг тул хөрсний бохирдолд өртөх нь бага. Харин нийт Улаанбаатарын хувьд хайрган, сэвсгэр хөрстэй тул хөрсний бохирдлын нэвчилт их байдаг.

-Гүний худгийн сайн технологи гэвэл Та юуг нэрлэх вэ?

-Бидэнд олон жилийн туршлага байна. Бодит жишээ нь Зайсангийн хорооллууд. Сүүлийн үеийн шилдэг насосуудыг бид хэрэглэж байна. Данийн “grand¬foc” насосыг нэрлэж болно. За тэгээд Япон насосууд сайн. Гүний худгийн ашиглалтын зарчим бол цооног, насос шүү дээ.

-Манай орны хувьд гүний усны нөөц хангалттай бий юу?

-Гүний усны нөөц багасч байгаа. Шавхагдах баялаг шүү дээ. Харин бохир усаа цэвэрлээд эргэн ашиглах технологийг нэвтрүүлж эхэлсэн тохиолдолд санаа зовохгүй байж болно. Улаанбаатар хот гэлтгүй бүхий л сум сууринд гүний усыг хэрэглэж байна. Жилээс жилд багасч байгаа нөөцийг шийдэх нэг арга нь ус хадгалах далан байгуулж, томоохон усан сан байгуулах явдал. Үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх учиртай. Зарим усархаг борооны үеэр жилийн усны хэрэглээтэй тэнцэх хэмжээний ус урсаад өнгөрчихөж байна. Гадны томоохон хотууд бүгд борооны усыг нөөцлөөд ашигладаг болсон. Улаанбаатарчууд яахав ойрын хэдэн жилдээ гүний худгаараа ундалчихлаа гэхэд хаврын улиралд Туул тасарч загас жараарай олноороо үхдэг. Хэрэв бид усан сантай, нөөцлүүртэй байсан бол Туулын усны урсацыг тогмол хэмжээнд барих боломжтой болно. Гол нь нөөцлүүртэй болсноор тухайн усаа цэвэршүүлээд ундны усны найдвартай эх үүсвэртэй болж байгаа юм.

-Туулын эх орчимд томоохон усан сан байгуулах асуудлаар Ус сувгийн удирдах газраас ТЭЗҮ гаргасан санагдаж байна?

-1980-аад оны дундуур оросууд Гачууртад усан сан байгуулахаар зураг төслөө гаргаад ажил эхлэхэд бэлэн болчихсон байсан юм. Гэтэл ард түмэн ойлгохгүй хотынхоо дээр атомын бөмбөг байрлуулахтай адил аюул гэж хүлээн авсан. 1966 оны үер шиг аюул нүүрлэх болно гэцгээгээд болиулчихсан юм. Одоо цаг өөр болсон. Дэлхийн бүх том хот усан сангаар ундны усаа шийдэж байна.

-Гадаргын усыг ашиглах тал дээр Танд ямар санаа байна вэ?

-Хотын захаар сайхан булаг шанд олон бий. Сум, суурин газарт ч булаг шандны шавхагдашгүй нөөц бий. Энэ бүхнийг тохижуулаад, хуримтлуулаад, шинжилгээнд хамруулаад, ариутгаад хэрэглэхэд болохгүй зүйлгүй.

-Цэвэр усны эх үүсвэртэй холбогдсон тохиолдолд тухайн айлын усны хэрэглээ нэмэгддэх талтай. Ийм нөхцөлд бохир усны асуудлыг давхар шийдэх хэрэг гарна. Та үүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Айл болгоныг цэвэр устай холболоо гэхэд айл болгоныг бохирын системд холбох хэрэг гарна. Нүхэн жорлондоо бохир усаа асгаад явж болохгүй шүү дээ. Нэгдсэн бохирын системтэй холбох нь зөв шийдэл. Европын орнуудад айл болгонд ус цэвэршүүлэх байгууламж байдаг юм билээ. Манай орны нөхцөлд 200 айл дундаа нэг “Сервис центр”-тэй, түүндээ цэвэрлэх байгууламжаа шийдээд явах нь зөв хувилбар. Мэдээж цэвэрлэх байгууламжаас гарсан усаараа зүлэг, ногоогоо усалж болж байна. Машин угаалгадаа ч хэрэглэж болно. Хангалттай цэвэрлэсэн тохиолдолд Сэлбэ гол, Улиастайн гол гээд голуудын урсацыг нэмэгдүүлэх байдлаар ашиглаж болно. Дэнжийн 1000-аас эхлээд хот дундуур явсан үерийн усны суваг бий. Түүндээ урсгаад орчныг нь тохижуулаад хотын чийгшил, өнгө үзэмжийг нэмэгдүүлж болно. Тайланд шиг тодорхой зайнд усан оргилуур шийдэх байдлаар ч тохижуулж болж байна.

Эх сурвалж: “Барилга хөгжил” сэтгүүл