Г.БОЛД: МОНГОЛ ОРНЫ ХААНА Ч ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭНЭЛТТЭЙ БАЙШИН БАРИХ БОЛОМЖТОЙ

2017 оны 04 сарын 03, 12:14
1491189527Нийслэл Улаанбаатар хотын гэр хороололдын өрхүүдийг тал хувь нь дунд болон дундаас доош орлоготой айл өрхүүд байдаг гэсэн судалгаа бий. Бага орлоготой өрхийн дийлэнх нь дулаан алдагдал ихтэй сууцанд амьдардаг төдийгүй сарын орлогынхоо 50-иас илүү хувийг гэр, байшингаа халаахад зарцуулдаг байна. Иймд иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй байшин, орон сууцаар гэр хорооллыг шинэчлэн сайжруулах шаардлага гарч байна.
Ингээд эрчим хүчний хэмнэлттэй байшингийн талаар Монгол Улсын зөвлөх архитектор Г.Болдтой ярилцлаа. Тэрбээр Барилгын зургийн институт, Улсын барилгын хороо, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналтын газруудад ажиллаж, удирдах албан тушаал хашиж явсан бөгөөд өөрийн байшингаа эрчим хүчний хэмнэлттэй арга технологиор барьсан юм.


-Таныг эрчим хүчний хэмнэлттэй байшин барих арга технологи боловсруулсан тухай дууллаа. Гэр хорооллыг сайжруулахад таны технологийг ашиглаж болох уу?

-Монголчууд бид гэр хорооллоо сайжруулахын тулд дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Манай орон шиг хот байгуулалтын өндөр боломжтой орон ховор юм шүү. Хүний амьдрах орчин, агаар, нар, ус, салхи бүгд байна. Өргөн уудам нутаг дэвсгэр байна. Үүнийгээ ашиглаад тохи тухтай амьдрах бүрэн боломжтой. Утаа гаргах нь буруу биш. Гол нь утааг бага гаргаж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах хэрэгтэй. Миний боловсруулсан шалгарсан арга гэж байхгүй. Ерөөсөө л уламжлалт сэтгэлгээ юм. Манай малчид малаа хамгийн дулаахан хэсэгт өвөлжүүлдэг шүү дээ. Өвөлжөөгөө хаана, яаж барихаа мэднэ. Нарны сайн тусгалтай, салхины нөмөрт барьдаг. Гэтэл бид байшингаа барихдаа хойшоо, урагшаа харуулаад, салхины хагалбараа тооцолгүй буруу барьчихдаг. Миний санаа бол олон улсад хэрэглэгддэг “Пассив барилга”-ын нэг хэлбэр гэж болно. Би “Нарны байшин” гэж нэрлэдэг юм. Үндсэндээ нарны энергийг ашиглах арга. Нарны элчийг хана, шаландаа шингээн хуримтлуулсан дулаанаараа шөнийн дулааны хэрэгцээгээ хангана. Үүний тулд дулаан алдагдал багатай байр, орон сууцтай байх ёстой. Үндсэндээ хүн ам цөөтэй, аж үйлдвэр хөгжөөгүй манайх шиг оронд хамгийн бага зардлаар шийдэх арга гэж ойлгож болно. Нар салхи, газар гурвыг нийлүүлсэн огтлолцол дээр байшин, хороолол, хотыг барина гэсэн үг.

-“Нарны байшин” барих хамгийн тохиромжтой огтлолцлын цэг хаана байна вэ?

-Хойд өргөргийн 40-50 градус буюу Монгол орны хаана ч эрчим хүчний хэнэлттэй байшин барих боломжтой. Үндсэндээ Улаанбаатар. Ялангуяа уулын энгэрт тогтсон гэр хороолол хамгийн тохиромжтой. Өндөрт байх тусмаа нарны гэрэл сайн тусаж, салхинаас хамгаалагдсан байна.
Өнөөдөр “Сервис центр” гээд зөв санаачлагууд гарч байна. Дэд бүтцийг хамгийн боломжит хувилбараараа “Сервис центр”- ээр шийдээд харин байшингаа эрчим хүчний хэмнэлттэй байдлаар барих учиртай. Тэгсэн цагт ашиглалтын зардал багасч, эрчим хүч хэмнэн, өрхийн болон улсын эдийн засагт эерэг нөлөө гарна. Эцэст нь утаа арилж, иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

-Эрчим хүчний хэмнэлттэй байшинг хөгжүүлэхэд архитекторын үүрэг чухал. Олон янзын хувилбар, шийдэл хэрэг болно. Танд санал болгох хувилбар байна уу?

-Уг нь их энгийн юм. Хамгийн хямд шийдлээр тухайн орон нутгийнхаа онцлогийг тусгасан хувилбараар байшин барих зарчимтай. Нэгдүгээрт, нарны энергийг хамгийн ашигтай хувилбараар яаж хүлээж авах вэ гэдгийг анхаарах учиртай. Хоёрдугаарт, барилгын байршлыг сайн сонгох хэрэгтэй. Гуравдугаарт дулаан алдагдалгүй байх ёстой. Ийм гурван зүйлийг анхаарсан байхад эрчим хүчний хэмнэлттэй байшин болж байгаа юм. Нар тусч байгаа цонхны хэмжээ болон шалны халаах гадаргуугын хэмжээний харьцааг бодож гаргана. Өрөөн доторхи агаарын урсгалыг зөв тооцох хэрэгтэй. Ингэснээр хэт халахгүй, хэт хөрөхгүй байх сайн талтай. Нэмэлтээр ус болон бусад дэд бүтцийг “Сервис центр”-ийн шийдлээр шийдэж болно. Газрыг ашиглалаа гэхэд уурхай шиг гүн ухахгүй. Байшин хаусны хувьд 1-1.5 метр ухахад л хангалттай. Хөрсний бүтцийн ялгаанд хүрэхгүйгээр ухна гэсэн үг. Мэдээж хүссэн загвар хэмжээгээрээ барьж болно. Ийм л энгийн бүтэцтэй. Гэхдээ энгийн гээд хэлчихвэл хэн нэгэн сайн дурын этгээд сэргээгдэх эрчим хүчний байшин барьдаг компани байгуулчихна. Тэгээд таамгаар буруу барина. Ингээд өнөөх сайн шийдлийн маань нэр хүнд уначихна. Канад байшинг монголчууд үнэ хүндгүй болгосон шүү дээ. Америкийг барилгажуулсан сайн байшин. Гэтэл өнөөдөр канад байшин бариулахыг хүсэх хүнгүй болсон. Тэгэхээр асуудалд нухацтай хандах хэрэгтэй.

-Эрчим хүчний хэмнэлттэй байшин барих тогтсон стандарт байдаг уу?

-Байх үндэс байхгүй. Тухайн газар нутгийн байршлаас хамаарна. Нар өглөө хэдэд, хаанаас манддаг хийгээд жилийн дундаж темпратур, салхины хурд, чиглэл гээд нарийн хамааралтай. Судалгаагаар Ази тивийн нутагт Монгол орон маань эрчим хүчний хэмнэлттэй байшин барих хамгийн тохиромжтой газар нутаг болох нь батлагдсан. Энд нэг зүйлийг хэлэхэд стандарт боловсруулдаг байгууллагынхан намайг голох байх л даа. Хэрэв голохгүй бол би стандартыг нь хийхэд бэлэн байна. Хот байгуулалтын тухай хууль, хот төлөвлөлт, гэр хорооллыг тохижуулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэх гээд олон асуудлын зангилаан дээр эрчим хүчний хэмнэлттэй байшин маань байгаа юм.

-Дэлхий нийтэд ийм төрлийн барилгын жишиг байна уу?

-Түгээмэл тархаагүй ч Пассив барилгын тухай ойлголт дэлгэрч байгаа. Үндсэндээ дэлхий нийтээр дулаахан байхаасаа илүүтэй сэрүүхэн байхад анхаардаг болохоор төдийлөн судлагдаагүй юм. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Дэлхий нийтээрээ эко технологид анхаардаг болсон цагт энэ байшин эко гэдэг ойлголтод бүрэн нийцнэ. Сэргээгдэх эрчим хүч ашигласан байгаль орчинд ээлтэй сууц юм.

-Эрчим хүчний хэмнэлттэй байшингийнхаа анхны санааг та хаанаас олсон бэ?

-1980-аад онд миний хариуцаж байсан ажил сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой байсан юм. Тухайн үед Финляндуудтай холбоо тогтоож, эрчим хүчний хэмнэлттэй байшингийн тухай мэдээлэлтэй болсон. Финляндуудтай энэ чиглэлээр хамтарч ажиллах гэтэл социалист бус орон гээд оросууд хориглочихсон. Нөгөөтэйгүүр надад зав байсангүй. Хотын захиргааны ажил гэдэг барагдахгүй. Гарын үсэг зурдаг, газар дээр нь очоод шалгадаг дуусахгүй ажилтай. Барилгын хороон дээр баахан зураг шалгана. Засна. Ямар ч боломж гарсангүй. Цаг ирж, нөхцөл бүрдсэн болохоор өнөөдөр гаргаж ирж байгаа хэрэг.

1491199255-Таны байшинг барихад уламжлалт хэлбэрийн байшин барихаас зардлын хувьд зөрүү гарах уу?

-Би өөрийнхөө байшинг барихдаа нэг ч төгрөг зээлээгүй, дан цалингаараа барьсан. Бараг л хогоор барьчихсан. Манайх 144 мКв хэмжээтэй. 30-аад жилийн өмнө 20 хүрэхгүй сая төгрөгөөр барьсан. Өнөөдөр ямар ч асуудалгүй, сайхан амьдарч байна. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын хамгийн чухал давуу тал нь ашиглалтын зардал багатай байдаг. Улсаас шөнийн тарифийг тэглэсэн өнөө үед шөнө нь цахилгаанаар, өдөр нь нараар халчихаж болж байна. Миний яриад байгаа зүйлийг бушуухан ажил хэрэг болгомоор байна. Би өндөр өртөгтэй, хүнд хийцлэлтэй байшингийн тухай яриагүй. Сэргээгдэх эрчим хүчийг хамгийн үр ашигтай, хамгийн бага зардлаар, иргэдэд хамгийн тааламжтай нөхцлөөр санал болгох хэрэгтэй.

-Нэгэнт барьчихсан байшинг сайжруулах ямар боломж байна вэ?

-Хүмүүс “Одоо яах вэ” гээд ирдэг юм. Хундаамаа зөв суулгасан, байршил нь зөв бол засварлаж болно. Тиймгүй бол нураагаад дахиад барьсан нь дээр. Хамгийн гол нь манай гэр хорооллын айлуудын ихэнх нь байшингаа буруу барьчихсан. Хөндий хундааманд, буруу харсан цонхтой, цонх нь дулаан алдагдалтай ихтэй байна. Дулаан алдагдлыг тоохгүй өнгөрч болохгүй. Давын өмнө хундаамаа зөв цутгах хэрэгтэй. Том цонх хийхээр цан зохидог, хүйтэн болчихдог гэж хүмүүс эндүүрдэг. Харин эсэргээрээ нар орох цонхыг багасгаснаар халуун саванд хүйтэн ус хийсэнтэй адил болно. Гаднаас нарны энерги орж ирэх боломжгүй болгочихоод дулаалаад байна гэдэг нь хүйтэн хурах нөхцөл бүрдүүлнэ.

-Амины орон сууцнаас гадна өөр ямар байгууламжид ашиглаж болох вэ?

-Сургууль цэцэрлэг, спорт заал гээд бүх барилгад ашиглаж болно. Гэхдээ нэмэлт халаалтын системийг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр нарны эрчим хүч хураагуур зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологийн зардал жил ирэх тусам буурч байна. Тиймээс боломж бүр л нэмэгдэж байна. Нар гэдэг мөнхийн энергийг зөв ашиглах хэрэгтэй.

-Та 1980-аад оноос эхлэн 40-өөд жил эрчим хүчний хэмнэлттэй байшингаа судалж, сайжруулж байна гэж ойлгож болох уу?

-Би зүгээр л саваагүй хүн. Саваагүйтээд элдэв туршилт хийж яваа юм. Эрчим хүчний хэмнэлттэй байшин сонирхож, түүнийгээ барьж, амьдралаараа харуулж байгаа хүн. Малчин, мужаан хүмүүсийн л адил энгийн нэгэн.

-Гэр хорооллын айл өрхийн багагүй хэсэг нь гэрт амьдардаг. Уламжлалт монгол гэрийг сайжруулахад эрчим хүчний хэмнэлттэй аргыг хэрэглэж болох уу?
-Өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлье гэж их ярьдаг. Жуулчдыг татахын тулд гэр хорооллыг хөгжүүлэх учиртай. Жуулчид хөдөөгийн амьдралаас гадна дэлхийн өөр хаана ч байхгүй гэр хорооллыг сонирхоно. Өндөр хөгжилтэй орноос ирсэн хүн хотын төвөөр дэлгүүр хэсээд яахав дээ. Тиймээс монгол гэрийг орхигдуулж болохгүй. Ер нь гэр хорооллын иргэд хашаандаа гэр, амбаар, жорлон, гражтай амьдарч байна. Үүнийг бүгдийг нь нэг дор шийдэж болно. Ингэснээр доороосоо дулаан болчихно. Газраас доошоо граж, амбаараа шийдээд, дээр нь амьдрах зориулалттай хоёр давхар гэр хэлбэрийн сууц барьчихад хангалттай. Таван ханатай гэрийн талбай 28 мКв гэж үзвэл газар доор нэг, газар дээрээ хоёр давхар байхаар шийдэхэд 84 мКв болж байна. Энэ зайнд хангалттай тав тухтай амьдарч болно.

-Гэр хорооллыг хөгжүүлэх саналаасаа хуваалцахгүй юу?

-Би унаган хотын иргэн. Хотоо сайхан болгохын төлөө бодож санах юм их л байх юм. Гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэг нь философийн төвшинд, ухамсрын төвшинд яригдах яриа. Тогтсон ойлголтыг өөрчлөх учиртай. Иргэдийг соёлтой, амьдрах арга ухаанд сургах хэрэгтэй байна. Гэр хороолол бол Монголын өвөрмөц соёл гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн нүүрэн эгнээний хашаатай байршлыг үйлчилгээний зориулалтаар ашиглах, гэр, байшинг нэгдсэн журмаар эсвэл өөрсдийнх нь хүчээр тохижуулах, гэр хороололд хувийн хэвшлийг өргөнөөр байршуулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрыг дээрээс нь зохиомлоор бус олон нийтийн оролцоог хангасан үйл ажиллагаа явуулдаг болгох гээд бодох, хэрэгжүүлэх ажил их санагддаг. Гэр хорооллыг гадны япон ирээд засахгүй, америк засахгүй. Харин монгол хүн л засна. Засах арга нь байна. Манай гэрт ирээд үзээрэй. Би эрчим хүчний хэмнэлттэй байшингийнхаа тухай дуртай тайлбарлаад өгнө. Гэр хорооллын айл өрх өндөр байшинд амьдардаг айлуудаас давуу тал ихтэй шүү дээ. Гэр хорооллыг олон давхар барилгаар шийдэж, яваандаа алга болно гээд хүлээгээд байж болохгүй.
"Барилга хөгжил" сэтгүүл