Г.Мөнхбаяр: Ипотекийн зээл банкны үзэмжээр явж байгаа, үүнийг цэгцлэнэ

2017 оны 04 сарын 18, 13:08
110114Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяртай ярилцлаа.

-НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛУУДАД НИЙТ 100 ШИРХЭГ СЕРВИС ЦЕНТЕР БАРИНА-

-Барилга, хот байгуулалтын яам гэр хорооллын суурьшлын бүсийн шинэ шийдлийг нийслэлтэй хамтран боловсруулсан. Үүнд одоогийн гэр хорооллын бүтцийг хэрхэн сайжруулах арга, технологи тодорхой тусгагдсан болов уу?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд нийтдээ 28 чиглэлд мөн тооны барилгын компани орсон юм билээ. Харамсалтай нь, ажил урагшаа явахгүй дундаасаа зогсчихоод байна. Уг нь барилгын компаниуд ажил хийгээгүй биш хийсэн. Барилгаа ч эхнээсээ барьчихсан. Одоо “Сайд аа, асуудлыг шийдээд өгөөч” гээд нам зогсчихож. Яагаад гацсан гэхээр, ерөөсөө л дэд бүтцийн асуудал. Салбарын сайдын хувиар би газар дээр нь ажиллаж үзлээ. Гуравдугаар хороолол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд бүгд адилхан, дэд бүтцийн асуудалтай. Эхний барилгуудаа ашиглалтад өгөөд явж байтал дараачийн барилгаа төвийн дулаанд холбох боломжгүй болчихсон байх жишээтэй. Үүнийг нь анхнаасаа хот хийж өгөхөөр ярилцсан хэдий ч ажил хэрэг болоогүй. Барилгын компаниуд бүгд арилжааны банкуудад зээлтэй байгаа. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлт анхнаасаа нэгдсэн төлөвлөгөөгүй явсан учраас асар их мөнгө тэнд ороод гацчихаад байна. Тиймээс зайлшгүй бодлогын хүрээнд энэ асуудлыг шийдэх шаардлагатай тулгарч байгаа юм. Энэ үүднээс салбар яамнаас хамгийн амарханаар гэр хорооллыг шугам сүлжээнд холбох байршлуудыг тодорхойлсон (зурагт тайлбарлав.сурв). Ингэхдээ одоогийн байгаа төв шугамуудаас эх үүсвэр авах замаар ойр орчмынх нь гэр хорооллыг төв шугамтай холбох технологио хэрэглэх шийдэлд хүрээд байна. Гол агуулга нь ердөө энэ.

-Санхүүжилтээ хэрхэн босгохоор төлөвлөсөн гэсэн үг вэ?

-Барилга, хот байгуулалтын яамнаас энэ асуудлыг шийдэхийн тулд Азийн хөгжлийн банктай уулзаж, санал солилцлоо. Тус банкнаас өмнө нь Баянхошуунд баригдах дэд төв дээр уурын зуух барих шийдэлд хүрсэн байсан. Бид ярилцаж байгаад техник, технологи хүчтэй буй 21-р зуунд уурын зуух барьж байхаар төв шугамтай нь холбохоор болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь уурын зуух барихаар төлөвлөөд байсан 8 сая ам.долларыг Баянхошууны дэд рүү төв шугамын сүлжээ явуулах ажилд зарцуулахаар болсон гэсэн үг. Тус байршлын нийт 89 барилгад төв шугам очсоноор ойролцоох гэр хорооллууд руу салаалах боломж ч үүснэ. Тэнд байгаа 53 уурын зуухан халаагуур мөн татан буугдах юм. Ажлыг энэ мэтээр урагшлуулна гэж харж байна.

-Гэр хорооллыг дэд бүтцээр хангах шинэ шийдлийн техник аргачлалыг жаахан дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Дэд бүтцээр хангах шинэ шийдлийн хүрээнд Нийслэлийн гэр хорооллуудад нийт 100 ширхэг сервис центер байгуулахаар төлөвлөсөн. Инженерийн хангамж, нийгмийн үйлчилгээгээ уг үйлчилгээний төв давхар үзүүлээд явчихна. Нэг сервис центерээс 200 орчим айл төв шугамд холбогдохоор тооцсон байгаа. Түүнийг барих зардал 3-5 тэрбум төгрөгт хүрэх тооцоолол гарсан бөгөөд салбарын сайдын зүгээс 2020 онд нэмж 20 мянган айлыг шинээр орон сууцанд оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

-Тодорхой байршил заачихаар зарим өрхүүд хамрагдах боломжгүйд хүрнэ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Шугам сүлжээнд хамрагдах боломжтой өрхүүд нэгдэх замаар тухайн байршилдаа орон сууцны зориулалттай байр барьж болно. Шугам сүлжээгээ хэрхэн зохистой байдлаар хэрэглэх технологийн шийдлүүдийг санал болгосноор иргэд өөрсдөө мэдээд асуудлаа шийднэ гэсэн үг. Мэдээж гэр хорооллын бүх айлд технологийн хувьд шугам сүлжээ очих боломжгүй. Тэдгээр айлуудыг хашаандаа амины орон сууцаа барьсан тохиолдолд ипотекийн зээлд хамруулдаг байхаар тооцож, салбар яам ажиллаж байна.

-Яг ажил хэрэг болгох гарцаа хэрхэн харж байгаа нь сонирхолтой байна?

-Хашаандаа амины орон сууц бариад ипотекийн зээлд хамрагдах боломжийг зам очих боломжгүй, харьцангуй алслагдмал байршилтай өрхүүд эдэлнэ гэсэн үг. Ийм байршил дахь айлуудыг заавал газраа өг гэж шахахгүй байх бодлого юм. Тухайн иргэн өөрийн газар дээрээ 60 мкв бүхий хоёр давхар амины орон сууц барья гэж бодъё. Амины орон сууцныхаа зургийг хийгээд банкинд очиж, зээлд хамрагдах боломжтой гэсэн батламж маягийн зүйл бичүүлэх юм. Энэ батламжийнхаа дагуу барилгын компаниудад хандан, захиалгаа өгөх процессоор ажил явагдана гэж тооцоолж байгаа. Зардал нь ч харьцангуй хямд тусна. Нийт талбай нь 60 мкв амины орон сууцыг 60 сая төгрөгт хангалттай барьж чадна.

-Нэг л сайн төсөөлөгдөхгүй байна?

-Чи барилгын салбарын хүн биш учраас төсөөлөгдөхгүй байх нь аргагүй. Жишээ нь, МАК-ийн цементийн үйлдвэр дээр очоод үз. Метр квадрат тутмын үнэ нь нэг сая төгрөгөөс давахгүй. Гэхдээ яамнаас тухайлан барилгын компанийн нэр заахгүй. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмаар иргэд өөрсдийн сонгосон барилгын компанидаа хандаад, амины орон сууцаа бариулах эрх эдэлнэ. Ер нь зах зээл дээрх ийм боломжийг бодлогын хүрээнд тодорхой зохицуулалт хийх замаар шинэ шийдэл ашиглана л гэсэн үг.


-ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН БАГЦЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАХ ЭРХ САНГИЙН ЯАМАНД ШИЛЖИНЭ-

-Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулаад ирэхээр өнөөгийн нөхцөлд хүртээмж нь эрс багассан суурь зээлдээ бүр ч дарамт үүсгэх биш үү?

-Мэдээж ерөнхий ипотекийн зээлдээ ачаалал өгнө. Гэхдээ бид иргэнийхээ амины орон сууц барих ажлыг дэмжихгүй, зөвхөн нийтийнхийг санхүүжүүлээд яваад байж болохгүй. Адилхан тэгш хэмжээнд төлөвлөөд явна. Шинэ дэд бүтцэд хамаарахгүй, бас орон сууц худалдан авах боломжгүй хүмүүсийг бид бодлогынхоо гадна үлдээж болохгүй.

-Өнөөдөр ипотекийн зээлийн чадамж муу байна?

-Төсвийн тодотголд ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Мэдээж энэ мөнгөний хүрэлцээ хязгаарлагдмал. Арилжааны банкууд их хэмжээний зээлтэй барилгын компаниудад л ипотек олгогдох хэмжээнд байгаа нь үнэн. Удахгүй би өөр болгоно. Уг нь ипотекийн зээлийн багц нэг их наяд төгрөг байвал ямар ч асуудал үүсэхгүй, зээл хэвийн олгогдоод явах юм. Би энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч ярьсан.

-Өмнө нь таньтай ярилцлага хийхэд ипотекийн зээлийн багцыг зарах замаар гадны зах зээл дээрээс их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн гаргалгаа хэлж байсан. Энэ асуудал хэдийд ажил хэрэг болох бол?

-Сангийн яамнаас ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу Монголбанкны төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэ хүрээнд ипотекийн зээл Засгийн газрын хамааралд ирэх юм. Тэгэхээр ипотекийн зээлийн багцыг хоёрдогч зах зээл дээр гаргах эрх бүхий субъект нь Сангийн яаманд болно гэсэн үг. Сангийн яамны зүгээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тиймээс ирэх оноос тодорхой байдлаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бид бэлтгэлээ бас хийж байна. Зээл өргөжөөд ирэхээр салбар яамнаас ямар бодлого барих асуудал одоо эхнээсээ тодорхой болоод явж байгаа нь энэ юм.

-Одоогийн байдлаар яг үнэндээ арилжааны банкин дээр ипотекийн зээл олгогдохгүй байгаа. Цаашид энэ асуудалд салбар яамны зүгээс ямар зохицуулалт хийх вэ?

-Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гээд тусгаад өгчихсөн. ОУВС-тай хэлэлцээр хийхдээ ч тэр, гэр хорооллын утааг бууруулах хамгийн чухал шийдэл нь ипотекийн зээл байсан учраас Засгийн газарт шилжүүлэх замаар зогсоохгүй авч үлдсэн. Тэгэхээр цаашдаа зээл олгогддогоороо олгогдоод явна. Монголбанкнаас сар бүр арилжааны банкууд руу санхүүжилтээ тогтмол хийгээд явж байна. Одоо Засгийн газарт хамаарахаар болж байгаа учраас арилжааны банкуудаас сар бүр тайланг нь аваад, хянаад явна. Ингэснээр ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх асуудалд салбар яам анхаарлаа хандуулах болно. Одоо ипотекийн зээл банкны үзэмжээр л явж байгаа. Үүнийг цэгцэлж, ном ёсоор нь явуулах болно.

-Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувь ирээдүйд хөдлөх үү?

-Үгүй болов уу. Нэгэнт тогтчихсон зүйлийг бид өөрчлөх бодолгүй байгаа.

-НАДАД ШИНЭЭР ТЕНДЕР ЗАРЛАХ ХЭМЖЭЭНИЙ ЯМАР Ч ТӨСӨВ НЭМЭГДЭЭГҮЙ-

-АСЕМ-ийн үеэр урд хөрш манай гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ амалсан. Энэ асуудал таныг саяхан БНХАУ-д айлчлах үеэр яригдав уу?

-Барилга, хот байгуулалтын яамны зүгээс энэ асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор ерөнхий төслөө айлчлалын үеэр танилцуулаад ирлээ. Буцалтгүй тусламжийн хүрээнд нийтдээ 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах юм. Байршил нь Сүхбаатар дүүргийн бидний нэрлэдгээр “Ногоон нуур” орчимд. Газраа чөлөөлж өгсөн айлуудын орон сууц 55 м.кв бүхий гурван өрөөний зохион байгуулалттайгаар жигд баригдана. Зах зээлд борлуулагдах бусад байрууд нь нийтлэг хэлбэрээр 40 м.кв байхаар төсөл боловсруулагдсан байгаа. Урд хөрш уг санхүүжилтийг хийхдээ шууд бэлэн мөнгө өгөхгүй, тухайлсан компанид хариуцуулдаг юм байна. Тэднээс томилогдсон ажлын хэсэг одоо газар дээр нь ирж, барилга барих талбайтай танилцана. Айлчлалын үеэр энэ асуудлыг голчлон ярилцсан.

-Барилгын маш олон компани хаалгаа барьж байна. Хэдий эдийн засаг хүнд ч хувийн хэвшлийнхээ хүндрэлтэй асуудлуудад амь тариа хийх гарц байна уу?

-Энэ чиглэлд салбар яамнаас тодорхой ажлуудыг хийхгүй биш хийж байгаа. Тухайлбал, Бээжинд бид барилгын салбарынхны нэгдсэн форум зохион байгууллаа. Манай улсаас 50 компани очиж оролцсон. Энэ үеэр найман компани хамтран ажиллах гэрээ зурлаа. Урд хөрш манай барилгын компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болох жишээтэй. Мөн айлчлалын хүрээнд монгол компани урд хөрш рүү барилгын материал гаргах боломж бүрдлээ. Энэ чиглэлд 1.5 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зураад ирсэн.Монголын компани чулуугаар барилгын шугам сүлжээний дулаалгын материал хийж эхэлсэн. Энэ нь хөөсөнцрөөс ялгаатай, шатамхай биш учраас аюулгүй байдалд нийцнэ гэсэн үндэслэлээр урд хөршийн компаниуд авч байгаа юм. Энэ мэтээр салбар яам хувийн хэвшлээ өөрт байгаа боломжийн хэрээр дэмжиж байна. Гол нь, хувийн хэвшлээ дэмжиж байна гээд тэдэнд мөнгө гаргаад өгч болохгүй. Тийм чадамж ч алга байна.

-Төсвийн тодотголоор Барилга, хот байгуулалтын сайдын багц 2 тэрбум төгрөгөөр өсч батлагдсан. Юунд зарцуулагдахаар төсөвлөгдсөн бэ?

-Төсвийн тодотголоор Барилга, хот байгуулалтын яамны урсгал зардал өсөөгүй. Манай яам сардаа нэг сая төгрөгийн урсгал зардалтай. Нэмэгдэж тусгагдсан мөнгө Хөгжлийн банкаар санхүүжиж байгаад ажил нь зогссон компаниудад очно. Үндсэндээ барилгын салбарт ямар ч ашиггүй мөнгө. Надад шинээр тендер зарлах хэмжээний ямар ч төсөв нэмэгдээгүй. Эдийн засгийн боломж байхгүй учраас бид гаднаас зээл, тусламжийн хүрээнд санхүүжилт хайж байна. Хэрвээ өнгөрсөн жилүүдийнх шиг мөнгө байсан бол барилгын салбарт маш их ажил хийж болох боломж байна.

Эх сурвалж Мэдээ.мн Ж.МЯДАГБАДАМ