Д.ЗАНАБАЗАР: БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ, ХҮЧИТГЭХ НОРМТОЙ БОЛНО

2017 оны 05 сарын 02, 13:08
IMG_4dg731 БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Занабазартай ярилцлаа.

-Барилгын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Дагалдах дүрэм, журам боловсруулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?

-Барилгын тухай хууль 2016 оны хоёрдугаар сард батлагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Хуулийг дагаж холбогдох журмаар зохицуулалт хийгддэг. Энэ дагуу 34 дүрэм, журам дагалдан гарах ёстой. Өнөөдрийн байдлаар 20-иод нь батлагдчихлаа. Энэ ажилд хугацаа их орж байгаа. Яагаад гэхээр, ихээхэн судалгаатай хандахгүй бол эргээд салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, барилгын салбарт бизнес эрхлэгчдэд маань хүнд суртлын дарамт болох, хөгжил рүү хандаагүй юм хийчихвэл уршиг ихтэй. Тиймээс тухайн салбарын хүмүүсээс, ТББ-ууд, холбоодоос санал, сэтгэгдлийг авч тусгасан нэлээд судалгаатай хийж, олон улсын төвшинд ойртуулахыг зорьж байна. Жишээлбэл, зохиогчийн ажлын журам байна. Энд зураг төслийн байгууллага олон улсын төвшинд хэрхэн ажиллаж, хянах вэ гэдэг талаар нэлээд дэвшилттэй журам болсон. Мөн Засгийн газраар батлуулсан барилга, эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах 151 дүгээр тогтоолоор хэрэгждэг байсан журам Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, Барилгыг байнгын ашиглалтад оруулах журам гэж хоёр салж батлагдлаа. Удахгүй албажаад гараад ирэх байх. Энд тухайн барилгыг барихад оролцогч талуудын үүргийг өндөр болгох зорилго тавьсан. Мөн хяналтын байгууллагын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулсан байгаа. Барилга ашиглалтад оруулах гэдэг бол нэг өдөр очоод хоёр цаг ажиллаад гаргадаг шийдвэр биш. Өмнө нь хуралдаж, тухайн барилгыг барихад оролцсон хүмүүсийн бүрдүүлсэн бичиг баримт, тайлан, дүгнэлтийг харж, хариуцлагыг нь тодорхой болгоод тэрнийхээ үндсэн дээр ашиглалтад оруулах эсэх дүгнэлт гаргадаг үйл ажиллагаа юм.
Манайхан болохоор ганц очоод л баахан алдаа, оноог нь илрүүлчихэж байгаа юм шиг ойлгож ярьдаг. Хоёрхон цагийн дотор тэгэх боломж байхгүй шүү дээ.
Барилгал оролцогч бүх зүйл эзэнтэй. Хийсэн, бүтээсэн, зурсан, хөрөнгө оруулсан, барьсан, амьдарч байгаа хүн, ашиглалт хариуцсан байгууллага бүгд хариуцлага хүлээх ёстой. Дунд нь цоорхой үлдэж, хэн нэг нь хариуцлага хүлээхгүй сугарч үлдэж болохгүй. Үүнийг эзэнжүүлээд хариуцлагын тогтолцоог зөв болгох тухай л яриад байна.

-Шинэ хуулиар төвөгшлийн тухай ойлголтоор барилгыг ангилсан. Хуульд тусгагдсан шинэ ойлголтуудын талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө нь тусгай зөвшөөрөл олгохдоо давхрын тоогоор ангилдаг байсан бол одоо төвөгшлөөр ангилдаг болно. Зураг төслийн магадлал хийхдээ ч төвөгшил гэдгээр нь хариуцлагын өөр өөр түвшинд ярина. Барилга ашиглалтад оруулахдаа ч төвөгшлийг хэрэглэж ямар нөхцөлд хэн комисст багтах ёстойг заагаад өгчихсөн. Төвөгшилд олон хүчин зүйл багтана. Жишээлбэл, нарийн технологитой үйлдвэр баривал яах билээ? Технологийн төвөгшил өндөртэй болчихож байгаа биз. Ийм болохоор төвөгшил гэдэг ойлголтыг зөвөөр авч үзэх ёстой юм.

-Барилгын салбарт баримт бичиг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах гэсэн асуудлууд нэлээд хүндрэл дагуулсан ажлын тоонд ордог. Энэ тал дээр ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-Шинэ хуулиар барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрлийг олгохоор заачихсан учраас олгохоос өөр аргагүй. Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлийн нэг гол онцлог нь урьдчилсан дүгнэлт гаргах экспертизийн баг гаргах явдал. Бид энэ ажлыг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоогоор хийлгүүлж байна. Тэд олон төрлийн үйлдвэрлэлд урьдчилсан дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулахдаа ажлын хэсэгтээ бусад чиг үүргийн төрийн бус байгууллагууд, сургууль, судалгааны байгууллагуудын оролцоог хангаж ажилладаг бөгөөд тэдний гаргасан тайланг үндэслэж тусгай зөвшөөрөл өгөх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Бидний зүгээс үйлдвэрт тусгай зөвшөөрөл өгөхөд харамлаад байх зүйл үгүй. Олон үйлдвэр байгуулагдаж байвал л сайн. Гол нь чанар, стандартын асуудал.

-Шинэчлэгдэж, шинээр батлагдаж байгаа норм, стандартуудаас онцлох зүйл юу байна вэ?

-Нормын хувьд бид энэ жил хэд хэдэн чухал асуудал тусгаж байгаагийн нэг нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн талаар нэлээд дорвитой ажил хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, Улаанбаатар хот болон хот орчмын дүүргүүдийн газар хөдлөлийн бичил мужлалын зургийг шинэчлэх ажил үе шаттайгаар хийгдэж дууслаа. Хэрэглэх орчин нь бүрдсэн тул харьяа байгууллагуудад хэрэглэ гэдэг чиглэл өгсөн болохоор цаашдаа шинэ зургаар явна. Газар хөдлөлийн бичил мужлалын шинэ зургаар бол газар хөдлөлтийн магадлал ерөнхийдөө 1 баллаар нэмэгдсэн гэж нийтээрээ ойлгож байгаа. Гэхдээ энэ бол ойлголтын зөрүү юм. Яагаад гэхээр олон улсад хэрэглэдэг жишгээр хугацааны хоёр магадлалт утгаар хийгдсэн энэ зургаар нэг талаасаа 500 жилд тохиолдож болох магадлал гээд аваад үзвэл эрсдэл нэмэгдсэн юм шиг харагдана. Нөгөө талаас судалж гаргаж ирж байгаа аргачлал нь өмнөхөөс өөр учраас үр дүн нь бас өөр утгатай гарсан тул шууд утгаар нь ойлгож болохгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүс энэ ойлголтоо зөв аваад, хэрэглээд эхэлчихвэл нэгдсэн ойлголтод хүрчихнэ гэж бодоод байгаа.
Үүнтэй зэрэгцээд газар хөдлөлтийн нормыг шинэчлэх ажил дуусч байна, түрүү жил эхэлсэн юм. Энэ бол маш чухал асуудал. Япон л гэхэд 1981 оноос газар хөдлөлтийн норм хэрэглэж эхлээд томоохон газар хөдлөлт бүрийн дараа л шинэчилж, сайжруулж байна шүү дээ. Үүн шиг манайх ч гэсэн алдаа оноогоо гаргаж ирээд байнгын сайжруулалт хийх ёстой. Нормоос хамаарч уршигтай зүйл их болох магадлалтай болохоор энэ ажлыг маш зөв явж байна гэж харж байгаа. Газар хөдлөлийн нормоо, бичил мужлалын зургаа шинэчилчихлээ. Одоо энэ 2 маань хоорондоо уялдаж ажиллахад их зөв явах учиртай.
Газар хөдлөлтийн чиглэлээр хийж байгаа ажлуудын нэгэнд газар хөдлөлийн нормуудыг хийх ЖАЙКА-гийн төслийг бас дурдаж болно. ОБЕГ дээр хэрэгжиж байгаа энэ төслөөр анх зөвлөмж гаргах байсныг би “Нормын төвшинд аваачъя. Заавал дагаж мөрөх бичиг баримт болгоё” гэсэн санал оруулж, 2017 оны төлөвлөгөөнд багтаагаад “Тухайн барилгыг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг үнэлэх асуудал, тэсвэргүй гэсэн дүгнэлт гарах юм бол хэрхэн хүчитгэх вэ” гэдгийг тодорхойлсон норм боловсруулж байгаа. Одоогийн байдлаар манайд үүнийг шийдчихсэн, хэрэгжүүлдэг тоймтой зүйл алга. Төлөвлөгөөгөөр бол энэ жилдээ багтаагаад дуусгана. Японы талаас ЖАЙКА-гийн төслийн хүрээнд бүх боловсруулалтыг хийх боловч Монгол орны онцлогт тохирсон байх ёстой гэдэг дээр манай зүгээс зөвлөх үйлчилгээний багийг норм, нормчлолын сангийн мөнгөөр цалинжуулаад ажиллуулахаар төлөвлөсөн. Одоогоор техникийн даалгавраа батлуулсан, сургалтууд зохион байгуулж байна. Бид ирэх жилээс газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шууд нормын төвшинд тодруулаад, хэрхэн хүчитгэх вэ гэдэг асуудал нэг талдаа орж байна.

-Газар хөдлөлтөд тэсвэргүй хуучны барилгуудаас гадна шинэ нормоор шаардлага хангахгүй барилгууд гараад ирэхээр хот төлөвлөлт хүртэл өөрчлөгдөх нь ээ?

-Энд хамгийн гол нь техникийн асуудал яригдана. Нэг маягийн угсармал барилгуудыг баахан барьсан, сургууль цэцэрлэг, зарим хорооллууд бий. Бид нэгэн дээр нь зөв шийдэл гаргаад л хүчитгэх үү, дахин барих уу гэдгээ шийдээд явах нь чухал байгаа. Японыг хар л даа, 73 мянган сургуулиа хүчитгээд дууссан байна. 73 сургууль биш 73 мянга шүү. Тэгээд сургууль бол аюулгүй орчин гээд зарлачихсан. Сургалтад нь хүртэл энэ тухайгаа тусгачихсан, гамшгийн үеэр яах вэ гэдгийг заадаг. Гэтэл манайд эсрэгээрээ, хамгийн аюултай орчин болоод удаж байна. Хүүхдүүд газар хөдлөлтийн үед тухайн газраас бие дааж гарах чадваргүй. Дээр нь барилга нь чанаргүй. Тийм учраас энэ тал дээр нэлээд анхаарахгүй бол болохгүй. Бид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт барилгуудыг паспортжуулах, хүчитгэх асуудлыг оруулж, анх удаа мөнгө тавилаа шүү дээ. Ер нь Боловсролын яам ч гэсэн сургууль, цэцэрлэгийн барилгуудаа сайжруулах, чанарын асуудал, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн асуудлаа сайжруулах чиглэлээр хөрөнгө зарцуулах юм шиг байна. Хуучнаараа яваад байж болохгүй нь ээ гэдэг дээр ерөнхийдөө бүгд нэг төвшний ойлголттой боллоо.

-Өнөөгийн барилгын салбарын хурдацтай хөгжлийн үед шинэ материал, технологи олноор орж ирж байна. Зарим норм, стандартыг шууд авч хэрэгжүүлж болох тухай заалт БНбаД-д тодорхой оруулах боломж бий юу?

-Норм стандартыг шинэчлэх, орчуулах ажил хийгдэж, хийгдсэн ажлуудыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвд бүртгэж байгаа. Бүртгүүлэх асуудал бол нээлттэй. Шинэ стандартаар бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд өөрсдөө тэр стандартаа батлуулж болно. Хууль эрх зүйн орчин бүрдсэн. Ер нь бол салбарынхаа хөгжлөөс дутагдалтай, хоцорч явж байгааг үгүйсгэхгүй. Тухайн салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа газрууд стандартаа хамт оруулж ирэх нь зөв.
Барилгын материалын чанар, стандартын тухай ярина гэдэг маань барилгын чанарыг ярина гэсэн үг. Иргэн хүн байр худалдаж аваад хэр сэтгэл хангалуун байна вэ гэдэг тухайн байрны чанараас шалтгаална. Мөн хугацааны асуудал яригдана. 10, 20 жилийн дараа тухайн хүн зээлээ төлж дуусахад тэр байр ямар чанартай, үнэ цэнээ хэр хадгалж вэ гэдэг нь бас чухал. Хаалга нь салж унаад, цонх нь сийгээд, энд тэндээ хагараад, ховхроод уначихвал ямар байх вэ? Энэ юунаас хамаарах вэ гээд эргээд харахаар нөгөө л стандарт. Барилгын материалын чанар, стандарт гэдэг маань явж явж барилга барихад оролцож байгаа, барьсан барилгыг хэрэглэж байгаа хүн бүрт хамаатай асуудал болж таарч байгаа биз. Эцэст нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, тухайн барилга, орон сууц ирээдүйд үнэ цэнээ алдах уу, өсөн нэмэгдэх үү гэдэг тухайн барилгын чанар, материалын чанартай л холбоотой.

-Эдийн засгийн хямралтай, барилгын салбар зогсолтын байдалд орсон одоогийн нөхцөлд яамнаас барилгын материал үйлдвэрлэлийн салбарт ямар бодлого баримталж байгаа вэ?

-Барилгын үнэд нөлөөлж байгаа хамгийн гол хоёр хүчин зүйл бол цемент, арматур. Цемент дээр л лав бид дотоодынхоо хэрэгцээг хангахаар болчихлоо. Таван том үйлдвэртэй, жилдээ 5 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадал байна. Гэтэл манай улсын жилийн хэрэглээ хамгийн ихдээ нэг сая 500 мянган тонн. Тэгэхээр бид энэ их цементээ ОХУ руу экспортод гаргах зорилт тавьж байна. Энэ тухай өнгөрсөн намрын ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тэмдэглэлд манай талаас санал гаргасан, нөгөө талаас дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Цементийн үйлдвэрүүд ч гэсэн нэг нэгээрээ яваад байлгүй хамтраад баг болж ажиллах, бид ч бас төр, засгийн зүгээс салбар яамны төвшинд, Засгийн газрын төвшинд гарц, шийдлүүд, боломжийн талаар судлаад, хариу өгөөд боломжтой бүх арга хэмжээг авъя гэсэн байр суурьтай байгаа.
Одоогоор барилгын ажил эхлээгүй, цементийн үйлдвэрлэл өрнөөгүй байгаа болохоор харьцангуй гайгүй байна. Тэрнээс биш цемент бол зарим бүтээгдэхүүн шиг жил өнжүүлсэн ч хамаагүй хадгалж болдог зүйл биш учраас болгоомжтой хандахгүй бол асуудал их гардаг.
Арматурын хувьд манайх зөвхөн бэлдцээр туйвангуудаа үйлдвэрлэдэг улс. Жижиг, том нийлсэн 14 үйлдвэрийн ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай. Саяхан бид эдгээр компанийн төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцсан. Нэгдүгээр асуудал нь бэлдэц. Эрдэнэтэд баригдаж байгаа “Бэрэн”-гийн үйлдвэр ирэх наймдугаар сарын сүүлээр 10 мянган тонн бэлдэц үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Арматурын хувьд дотоодын хэрэгцээнийхээ 20-иод хувийг өөрсдөө хангаад, үлдсэнийг нь импортолж байгаа. Ийм их хэмжээгээр импортолдог арматурын үнэ өдөр ирэх тусам өсөөд, одоо нэг сая 700 мянга хүрчихэв үү? Түрүү жил нэг сая төгрөгөөр авч байсан биз дээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөнтэй холбоотой. Төмөр хийхэд ордог гол хэрэглэгдэхүүн, үнийг бүрдүүлдэг гол шалтгаан нүүрс 25 ам.доллар байсан нүүрс 75-аас дээшээ гараад явчихлаа. Тэгэхээр арматурын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй, гадаад зах зээлээс бага хамаардаг болгохгүй бол болохгүй болоод явчих нь ойлгомжтой болчихлоо. Гэтэл манайд металлургийн чиглэлийн мэргэжилтэн байдаггүй тул БНХАУ- аас мэргэжилтнээ ирүүлээч гэсэн хүсэлт гаргасан байгаа. Үүний дагуу салбарын яамнаас ХНХЯ руу албан тоот хүргүүллээ. Энэ чиглэлээр компаниудад дэмжлэг үзүүлэхгүй бол арматурын үнэ бүр л өсөх гээд байна. Бага хэмжээгээр ч гэсэн дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй тул энэ талаар ажиллаж байгаа.
Бидний хувьд дотоодынхоо түүхий эдээр барилгын материал үйлдвэрлэл явуулдаг газрууд нэн тэргүүнд чухал байна. Одоо бол барилгын материалын үйлдвэрлэлийн тал дээр чанар, стандартын шаардлага хангасан эсэх асуудлыг онцлон ярих цаг болсон. Бусад үйлдвэрлэлийн тухайд ярихаар вакуум хаалга, цонхны үйлдвэрийн 300 гаруй үйлдвэр байгаа хэдий ч түүхий эд, бэлдцээ гадаадаас оруулж ирээд Монголд угсралт явуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүү анхаарч, ийм олон үйлдвэр байх шаардлагатай юу, чанар, стандартын шаардлага хангаж байгаа юу гэдэг асуудал хурцаар яригдана.

-Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид яамнаасаа бодлогын талын дэмжлэг хүсдэг юм билээ?

-Манайд олон төрийн бус байгууллага, холбоо бий. Эд нар зорилгоо их тодорхой болгож, эрх ашгаа хамгаалахын төлөө юу хийх юм, тухайн салбарынхаа бараа, бүтээгдэхүүний чанарын асуудалд яаж анхаарах, холбоогоороо дамжиж төр, засаг руугаа, бусад хэвшил рүү, эсвэл бүр гадаад зах зээл рүү хандах, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ гэдэг дээрээ ажилламаар байна. Үүний оронд тусгай зөвшөөрөл олгоход минь дэмжлэг үзүүлээч гэхээс өөр асуудал ярьдаггүй, гишүүн байгууллагуудаасаа татвар авах л зорилготой байх юм бол хэрэг алга байна шүү дээ. Холбоод зорилгоо өөрчилмөөр байна.

-Өмнө нь бидний ярианд хариуцлагыг сайжруулах талаар нэг дурдагдсан. Энэ талаар тодруулна уу?

-Барилга барихад хөрөнгө оруулагч, зураг төсөл хийдэг хүмүүс, барилга угсралтынхан, засал, сантехник гээд оролцогч талууд олон бий. Хэрэв хөрөнгө оруулагч мэргэжлийн хүн биш бол мэргэжлийн хүнд хандаж зөвлөх үйлчилгээ авах боломжтой. Захиалагч зураг төслийнхөнд хандаж, дараа нь угсралтынхнаа сонгох гэх мэтээр цогц ажил өрнөдөг шүү дээ. Оролцож байгаа талууд дор бүрнээ хариуцлагатай байж, чанар, стандартаа хангаж, олон улсын төвшинд ойртуулж гэмээнэ чанарын асуудал сайжрах ёстой. Энэ асуудлыг одоо батлагдаж байгаа дүрэм, журмуудаар нэлээд сайн цэгцлэх болов уу. Өнөөдөр барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 5000 гаруй компани байна. Чадваргүй нь бий л байх, чадвартай нь бас байна. Олон улсын нисэх онгоцны буудлын төслийн гардан гүйцэтгэж байгаа хүмүүс нь дан монголчууд шүү дээ, япон зөвлөхтэй, гүйцэтгэгч нь солонгос болохоос биш. Тэнд удирдлагын тогтолцоо нь өөр байгаа учраас тийм хэмжээний бүтээн байгуулалтыг хийж чадаж байна. Хэн юу хариуцах нь тодорхой болоод, оролцогчид нь өөр өөрийнхөө төвшинд үүргээ гүйцэтгээд ирэхээр чанарын асуудал шийдэгдчихэж байгаа биз. Тэгэхээр бид удирдлагын болоод хариуцлагын тогтолцоогоо сайжруулах шаардлагатай.

Ярилцсан Ч.БАЙГАЛМАА