Б.БАТ-ЦОГТ: ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙГ АЖИЛ ОЛГОГЧИД ОЙЛГОДОГ БОЛСОН

2017 оны 05 сарын 04, 11:36
1493865543Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Бат- Цогтыг энэ удаагийн дугаартаа урьж барилгын салбарын өнөөгийн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сэдвээр ярилцав.

-Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж байгаагийнх юуны түрүүнд барилгачдын эрх ашгийг хамгийн ихээр хөндөж буй асуудлуудаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-Та бүгдэд өдрийн мэнд хүргэе. Улс оронд эдийн засгийн хямрал нэлээд удаан нүүрлэлээ, баригдсан барилгууд борлогдохгүй мөнгө нь түгжигдлээ. 8 хувийн зээл хөөцөлддөг ч банкны баталгаан дээр унадаг зэрэг байдлаас болоод манай барилгын салбарын үйл ажиллагаа нэлээд зогсонги, төвөгтэй байдалд орчихлоо. Энэ жил барилга угсралт буурах хандлагатай байгаа хэдий ч ус, ариутгах татуурга, дулааны ажлууд нэлээд өрнөх төлөв ажиглагдаж байна. Ийм хямралтай үед барилгачдын эрх ашиг юунд зөрчигдөөд байна вэ гэхээр голдуу төсвийн хөрөнгөөр баригдсан барилгын мөнгө Сангийн яаман дээр гацдаг. Ерөнхий болон туслан гүйцэтгэгчид мөнгөө авч чадахгүй байгаагаас болж барилгын ажилчдын маань цалин, хөлс хоёр, гурван сараар хоцорч, банкинд зээлийн өртэй барилгачид маань орон байраа алдахаас өгсүүлээд нэлээд их асуудал, хүндрэл гарсаар байна. Манай барилгачид юманд уужуу ханддаг, наанатай, цаанатай хүлээцтэй болохоор асуудал ярьж орж ирэх нь ховор. Гэхдээ ирсэн санал нь голдуу цалин хөлсний олголт их муу, хөдөлмөр хамгааллыг хангаагүйгээс осол гэмтэлд орсон хүмүүсийн нөхөн төлбөртэй холбоотой байна.

-Цалин хөлснөөс гадна ажлынх нь үнэлгээг хямдруулдаг асуудал мэргэжлийн, салбарын нэр хүндийг унагаж байна гэх юм билээ?

-Салбарын сайд нь баталсан норм дээр хэдэн төгрөгөөр цутгах вэ, каркасаа хэдэн төгрөгөөр босгох, мужааны ажлыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Барилгын норм дээрх үнийг л баримтлах ёстой. Нормоос доошоо үнийг харилцан тохиролцож тогтооно гэдэг асуудал барилгынханд муугаар нөлөөлдөг. Бригадуудын тохиролцооны үнийн асуудал бол маш буруу жишиг.
Захын наймаа явагдаж байгаа биш, мэргэжлийн хүмүүс хийх ёстой ажил шүү дээ. Төсөл, тендер бүрт ажилчдын цалин, нийгмийн асуудал гээд норм дүрэмд зааснаар бүх юм тусгагдсан байдаг учраас тэрнийхээ дагуу л юмаа хийх ёстой. Үнэлгээг багасгаж байгаа, дундаас нь зувчуулж байгаа нөхөд барилгынхаа чанарт ямар муугаар нөлөөлж байгаагаа ч мэддэггүй. Тендер авсан хүмүүс бусдад өгч хасагдсан мөнгөндөө тааруулах гээд хөдөөнөөс мэргэжлийн бус, ажил гадарлахтайгаа болсон хүмүүсийг бага цалингаар авч ажиллуулаад чанаргүй барилга барих тохиолдол бий. Эсвэл хүмүүс нь цалингаа голоод ажлаа сэтгэлгүй хийчихлээ гээд тэднийг хөөж явуулчихаад дараагийн хүмүүсийг оруулдаг. Ингээд эцэст нь гүйцэтгэгч байгууллагын зардал нэмэгддэг. Дараа нь хариуцлага тооцох боломж ч хязгаарлагдмал. Суурь дээр алдаа гарсан уу, тэнд ажилласан бригад эргээд олдох уу гэдгээс өгсүүлээд хариуцлагын тогтолцоо алдагдсанаас асуудал өчнөөн гардаг. Иймэрхүү байдал түгээмэл болсон тул норм дээр байгаа цалингийнхаа системийг баримтлах тал дээр би тууштай явах бодолтой байгаа.
Монголын барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, БХБЯ, МБНХолбоотой хамтран гурван талт хэлэлцээрийг байгуулах зорилго тавиад үндсэн тохиролцоонд хүрч дөрөвдүгээр сарын 28-ны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр гарын үсэг зурах гэж байна. Энд бид барилгын ажилчдын цалингийн тарифт системийг бий болгох ажлыг багтаасан. Үүнийг бий болгохын тулд 3 жил орчим зүтгэж байна даа. Барилгын ажилчдын тарифт лавлагаа гарчихвал баримтлах зүйлтэй болно. Энэ тохиолдолд ажлын үнэ хөлс өөрчлөгдөх, буурах, тендерийн хувь авах зэрэг гажуудлууд хаагдана. Гол нь хэрэгжүүлэх, хянах хариуцлагын тогтолцоо муу. Үүнийг л сайжруулна даа.

-Гурван талт хэлэлцээрт тусгагдсан зүйлсээсээ сонирхуулаач?

-Онцлон дурдвал барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрийн орчны 167 дугаар конвенц орчуулагдаад Засгийн газар УИХ- аар оруулж батлахад бэлэн болгоод байна. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар бас багтаасан. Мөн ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар болон хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хамруулах тухай ч оруулсан. Улсын хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт ХАБЭА суурь нөхцөлийн боловсролын салбарын бүх шатны сургалтанд оруулахаар болсон тухайлбал, нь цэцэрлэгийн хүүхдүүд сандал дээр яаж зөв суух вэ, хаалгаар яаж орох, угаалтуурт гараа яаж зөв угаахаас өгсүүлээд ерөнхий боловсролын сургуульд орохоор нь шаталсан хэлбэрээр агуулгыг дээшлүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн сургалтанд 3 кредитийн хичээл оруулахаар тусгасан байгаа. Ингээд шат шатандаа мэдлэг олгоод, соёл дадалд сургаад явчихвал яг мэргэжлээрээ ажил дээр гарах үед хүн бүр суурь мэдлэг сайтай, өөрийгөө хамгаалах чадвартай, ослыг урьдчилан харж сэргийлэх чадамжтай болно гэдэг системийг л амьдралд хэрэгжүүлэхээр хэлэлцээрт тусгаад явж байна. Үүний зэрэгцээ ХАБЭА-н удирдлагаар төгссөн хүн бэлтгэх, нийгмийн хариуцлагын стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх тухай бас багтсан.

-Монголын барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог удирдаж байгаа хүний хувьд салбартаа барьж байгаа бодлогоосоо танилцуулаач?

-Би Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 10 жил ажилласан, нийт барилгын салбарын холбоог удирдаад 6 жил болж байна. Ажлаа ХАБЭА-гаар эхэлж, норм, дүрэм рүүгээ ороод, одоо үр дүн гарч эхэлж байна. Үйлдвэрчний эвлэл бол бичиг цаас үйлдвэрлэх биш, бодит амьдрал руу шургаж, тэнд юу болохгүй байгааг судлах ёстой. Бичиг, цаас, журам дүрэм бол хангалттай, харин шинэчлэгдэх ажил бол бий. Шинэ дүрэм, журмууд батлагдчихвал үүнийхээ дагуу үзлэгүүд явуулах, торгох шийтгэхээ урьтал болголгүй болж бүтэж байгаа газруудыг урамшуулбал хүмүүсийн урам сэргэх байх гэсэн бодолтой яваа. Саяхан нэг нааштай шийдвэр гаргуулсан, юу гэвэл барилгачдын баяраар шалгаруулдаг 10 шилдэг байгууллагын 2-ыг нь ХАБЭА-н осол зөрчилгүй байгууллага, хамт олон байхаар тохиролцсон. ХАБЭА хангасан байгууллагуудын нэр хүнд өсөх ёстой.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол ажил олгогчидтойгоо хамтраад, нэгдэж байж ажлаа явуулах учиртай. Яагаад гэвэл, цалин нэм, мөнгө өг гэж тэмцэх нь гол зүйл биш. Бид эхлээд талхыг нь бэлтгэх ёстой. Ажил олгогчийн обьектийг нь эхэлж бэлтгэж өгчихөөд дараа нь талхыг нь хүртээд явж байх нь илүү амттай гэж боддог. Бүх норм дүрэмдээ шаардлагатай бүх зүйлсээ оруулж өгчихөөд шинэчлэгдээд гараад ирэхээр захиалагч, компанийн эзэддээ “Одоо та нарын хийх ажил үлдсэн. Та нар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийд ээ” гэдэг асуудлыг л тавих гээд нөхцөлийг нь бүрдүүлээд явж байна. Цаг нь ирж байна.

-Улирлаас хамааралтай ажилтай барилгачдын нийгмийн даатгал бас л асуудал дагуулсан сэдэв. Энэ талаар МБҮЭ ямар ажил хийж байгаа вэ?

-Яг компани ч юм уу, барилгачид яг энэ асуудлаар ирж уулзах, асуудал тавиад шийдвэрлүүлэх гэж хөөцөлдсөн юм алга. Ямар гарц байна, яаж шийдэх вэ дээр бас Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүний хувьд би ч гэлтгүй Үйлдвэрчний эвлэлийн бүх хүмүүс эндээ санаа бодлоо уралдуулаад, асуудлаа судлаад яриад явдаг. Ер нь бол ажил зогссон үед нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх үү, сайн дурын даатгалд хамрагдах уу гэдгийг хүмүүс эртнээс судалж, хэрэгжүүлж баймаар юм. Өөр ажил хийгээд явж байсан ч орлогоосоо нийгмийн даатгалаа төлөөд төлөлт сайтай байвал хувь хүнд л ашигтай гэж зөвлөх байна. Улирлын чанартай ажилтай иргэдийн нийгмийн даатгалыг хэрхэн зөвөөр, иргэндээ хэрэгтэй байхаар зохистойгоор шийдвэрлэж болох гэдэг дээр УИХ-д сууж байгаа барилгын салбарынхан бодох л хэрэгтэй байна. Ер нь бол даатгалын системийг өөрчлөх шаардлага бий. Түүнээс биш нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмнэ гэдэг бол буруу.
Манай барилгын салбарын залуучууд 6 сар ажиллаад, 6 сар яг нам зогсдог. Дэндүү харамсалтай. Дээр дэндүү гүндүүгүй хүмүүс юм даа. Ажил эхэлбэл ажиллачихна, ажил зогсвол явчихна. Ингэж ажиллах нь асуудал шүү гэж хараад шийдвэрлэх гэж явахгүй байна. Ганц хоёр хүн явахаараа хүчгүйдэж байна. Дэмжигдэхгүй байна. Тэгэхээр барилгынхан маань нийгмийн асуудлаа яаж шийдэх вэ гээд явдаг, хүн бүр ҮЭ-дээ ханддаг, оролцоотой байгаасай. Нэг үеэ бодвол Үйлдвэрчний эвлэлийг ажил олгогчид ойлгодог болчихсон. Ажилчид өөрсдөө л нэгдэх хэрэгтэй байна. Нэгдлээ гээд захирлынхаа өөдөөс босоод эсэргүүцэх бус асуудлын гарцыг хамтдаа хайж, хамтдаа хэрэгжүүлж, компанийнхаа ажил орлогыг хэрхэн нэмэгдүүлэхээ шийдвэрлэх ёстой. Компани орлоготой, ажилтай байж гэмээнэ хүмүүстээ цалин, хангамж өгнө шүү дээ. Харин ганц тэмцэх, нэхэх зүйл нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг бүгдийг нь зориулалтаар хэрэглэж чаддаг болох л хэрэгтэй. Дээр нь компаниуд өөрсдөө боломжоо эрэлхийлэх хэрэгтэй. Ядаж ажилчдаа хос мэргэжилтэй болго. Сургалтын төвд нь мэргэжил эзэмшүүлж сургаад ав. Тэгээд зун нь угсралтаа хийгээд, хүйтрэхээр дулаанаа авч битүүлчихэж байгаад заслын ажлаа хийж болно шүү дээ. Идэвхтэй, оролцоотой байж, гарцыг олоход шийдэгдэхгүй асуудал байхгүй.

-Эдийн засгийн хямралын энэ үед үндсэн ажилтантай газар ховордчихлоо. Ажилгүй болсон барилгачид бригад үүсгээд хувиараа ажил олж хийх гээд явж байгаа. Энэ тохиолдолд эрх ашгийг нь хамгаалах асуудал хэр тавигддаг юм бол?

-Хөдөлмөр хамгааллын асуудал маш муу. Барилгын тухай хуульдаа бол захиалагч, хөрөнгө оруулагчийн үүрэгт хөдөлмөр хамгааллын зардлыг заавал өгөх тухай заасан байдаг. Ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч буюу бригадууддаа өгөх хамгаалах хувцас хэрэгсэл, тоноглолоор хангах зориулалтаар биш цалингийн сангийн зардал дээр оруулаад байдаг. Хөдөлмөр хамгааллын асуудлаас болж 2012, 2013 онд барилгын салбарт олон осол зөрчил гарч, салбарын нэр хүнд нэлээд унасан. Үүний дараа бид Барилгын хөгжлийн төв, яамтайгаа хамтраад ИТА болон ажил олгогч нартайгаа нүүр тулж сургалт хийж, нэлээд олон ажил хийж, хувь хүн ямар хариуцлага хүлээх вэ, бригадын дарга, инженер ямар хариуцлага хүлээх вэ гэх мэтчилэн тухайн барилгын талбайд үүрэг гүйцэтгэж байгаа л бол өөрсдийн хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг ойлгуулж чадсаны хүчинд 2015 2016 онуудад осол, зөрчил буурсан гэж үзэж байгаа. Гэхдээ осол буурлаа гээд тайвширч болохгүй. Цаашдаа ч чиг үүргийг нь зөв хийгээд хүн бүр, компани болгон өөрсдийнхөө асуудлыг ухамсарлаад аль болох осол зөрчил гаргахгүй, цөөхөн хэдэн монголчуудаа гэмтээж, бэртээчихгүйн төлөө ажиллах нь бид бүгдийн гол үүрэг юм.
ХАБЭА бол ганцхан хөдөлмөр хамгааллын ажилтанд даатгаад орхих зүйл биш, тэнд байгаа хүн бүрийн оролцоо, мэдлэг, ухамсрын асуудал. Энэ талаар бид 2013 оноос эхлэн БХБЯ, барилгын хөжлийн төвтэй хамтраад “Цэнхэр карт”хөтөлбөр маань батлагдахгүй нацаанд орсон боловч сургалтыг ИТА, ажил олгогч нарт хийснээр үр дүнд хүрсэн.ХАБЭА-н талаарх гол зүйл бол осол гаргачихвал илүү зардал гаргана шүү гэдгийг хүмүүст ойлгуулах. 3 төгрөг хэмнээд 20 төгрөгийн зардал гаргах, 20 төгрөгийн зардал гаргаад 50 төгрөг хэмнэхийн аль нь дээр вэ гэдгийг ухамсарлуулж, амьдралын арга туршлагаараа хүмүүст ойлгуулж байна даа. Хөдөлмөр хамгааллын соёл, дадал гэдэг зүйлд л монголчууд дасахгүй байна.

-Тийм ээ, талбай дээр ажиллаж байгаа бүх хүнд хүрэлцэж ажиллах гэдэг ганц ХАБЭА-н инженерт чанга даваа. Хувь хүн бүрийн оролцоо, ухамсрын асуудал энд яригдана байх?

-Эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажилладаг салбар шүү дээ. Барилгачин хүнд өглөө ажилдаа явахдаа өнөөдрийнхөө талхныхаа мөнгийг олох гэж гараад эргээд гэртээ эрхтэн бүтэн, эрүүл саруул ирвэл хамгийн дээд заяа. Ажилдаа яваад эргэж ирэхгүй бол, эрүүл мэндээрээ хохирвол тэр айлын аз жаргал, хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг, ямар хэцүү байдалд орох вэ гэдгийг л хүмүүст маш сайн ойлгуулах нь чухал. Би ер нь барилгын инженер, компанийн захирлуудад “Хүнээ л хайрлаж байгаарай” гэж захидаг. Барилга барина гэдэг тоглоом биш. Барилга бол урлаг гэж би боддог. Барилгаа барьчихаад үүнийг би барьсан шүү гээд бахархаад явж байх сайхаан. Осол гаргачихаад өнөөх барилгаа харахаар яс хавтайгаад явж байх хэцүү биз дээ.

Ярилцсан Ч.БАЙГАЛМАА