С.НЭРГҮЙБААТАР: ШИНЭ ТЕХНОЛОГИУДТАЙ ХУУЧИН НОРМЫГ УЯЛДУУЛАХ АЖЛЫГ ТӨСӨВЧИН ХИЙДЭГ

2017 оны 05 сарын 10, 11:56
ss1Барилгын төсөвчдийн холбооны тэргүүн С.Нэргүйбаатартай ярилцлаа.
Барилгын төсөвчдийн холбоо нь Барилгын төсөв үнэлгээчдийн холбоо нэртэйгээр 1993 онд байгуулагдаж, 2016 оноос Барилгын тухай хууль шинэчлэгдсэнтэй уялдуулан бүх гишүүдийн хурлаараа дүрмээ шинэчлэн, шинэ бүтэц, зохион байгуулалтад орж, Барилгын төсөвчдийн холбоо болон үйл ажиллагаа явуулж байгаа юм.

-Барилгын төсөв бодит байх ёстой. Төсөвчдийн зүгээс төсвийг бодитой гаргахын тулд ямар хүчин чармайлт гаргадаг вэ?

-Юуны өмнө барилгын салбарынхандаа мэдээлэл өгөхөд, Барилгын төсөвчдийн холбоог Д.Санж гуай олон жил удирдсаныг манай салбарынхан мэдэх байх. Д.Санж гуайн нас өндөр болсон тул өөрийн хүсэлтээр ажлаа өгч, холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр миний бие тэргүүнээр томилогдон ажиллаж байна. Би иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, тэргүүлэх төсөвчин, мэргэшсэн инженер зэрэг дэвтэй барилгын салбар 25 жил ажиллаж 1576 айлын орон сууц, 60 гаруй олон нийтийн барилга барьсан салбартаа үнэнч инженер юм л даа.
Холбооны зүгээс 2016 онд бүх гишүүдийн хурлаар шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан төсөвчдийн ёс зүйн дүрмийг боловсруулан батлуулж, мөрдүүлж, тайлан авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийг бодитой гаргахад анхаарч төсөвчдийг ёс зүйтэй, хараат бус байх зарчимд чиглэсэн ажлууд хийж байна. Мөн төсөвчдийн сургалтын чанар, агуулга, чиглэлийг бодлоготойгоор шинэчлэн зохион байгуулах ажлыг Барилгын яам, Барилгын хөгжлийн төвтэй хамтран хийж байна.
Нөгөөтэйгүүр хөгжлийг дагаад инженер техникийн ажилтан болгон төсвийн мэдлэгтэй байх шаардлагатай болжээ. Барилгачид маань ямар өртөгтэй барилга барьж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж төсөв бодитой эсэх тал дээр хяналт тавьж чадна. Мөн орон сууцны үнийн хөөсрөл арилах сайн талтай. Тухайн барилгын өртөг ямар байна, барилгын компани ямар ашиг олох вэ гэдгийг ил болгосноор барилгын үнэ бодит хөрсөндөө бууна. Аж ахуйн нэгж болгон төсөвчинтэй байгаа. Бодит үнэ бүрдлийг гаргахын тулд төсөвчдийнхөө ёс зүйд анхаарах хэрэгтэй.

-Төсөвчдийн ёс зүй хаана, хэрхэн алдагдаж байна вэ?

-Төсөвчин нь хуулийн дагуу хараат бус байх ёстой. Гэтэл өөрийн харьяалагддаг компанийн удирдлагуудын эрх ашигт нийцсэн байдлаар төсөв гаргах тохиолдол гардаг. Хувийн компаниуд туслан гүйцэтгэгчийг аль болох хямд үнээр ажиллуулахын тулд зохиомлоор үнийг бага гаргаж байна. Аль нэгэн улстөрийн хүчний даалгавраар өртгийг нь зохиож байгаа тохиолдол ч гарч байна. Төсөвчин нь нэг талаас цалин авч байгаа байгууллагадаа үйлчлэх нь зүйн хэрэг ч нөгөө талаас худлаа зохиомол төсөв гарган үнэ хөөргөж болохгүй. Тиймээс ёс зүйн асуудал өндөрт тавигдаж байгаа.

-Төсөв зохиох гэж ярьдаг. Төсвийг зохиох ёстой юу, тогтсон нормын дагуу бодож гаргах ёстой юу?

-Мэдээж төсөв зохиох заавар, тогтсон норм гэж бий. Яагаад төсөв зохионо гэж ярьдаг гэхээр тухайн зургийг уншаад юу хийх ёстой, яаж хийх вэ гэдгээ технологийн дагуу гаргадаг. Яг үнэндээ манай норм хуучирсан. Оросын норм ашиглан хийсэн хуучин нормоо ашигласаар байгаа шүү дээ. Гэтэл шинэ технологиудыг ашиглах хэрэгцээ гардаг. Норм нь батлагдаагүй технологиуд хэрэглэгдэж байгаа тохиолдолд үүнд тохирсон төсөв гаргах ёстой. Тэгэхээр заавал нормоор гаргах боломжгүй болж байгаа юм. Бидний түгээмэл хэрэглэдэг төмөр бетон суурь цутгах ажлаар жишээ авъя. Технологи хөгжөөд угсардаг төмөр хэв хашмал (пум) угсраад, помп авчраад цутгачихдаг. Гэтэл манай төсвийн норм дээр хуучны банз, дүнз дүнзэнцэр, банзан бамбай ашиглахаар л байгаа. Тэгэхээр бетон цутгах ажлын банз модон материалыг хасаад оронд нь угсармал төмөр хэв хашмал оруулах вэ гэдгээ төсөвчин мэддэг байх хэрэгтэй. Тэгээд хэв хашмалаа худалдаж авах уу, түрээслэх үү гээд явна. Мөн зураг дахь арматур, төсвийн норм дээрх арматурын хооронд зөрүү гардаг. Үүнийг уялдуулах ёстой. Угсармал төмөр бетоны эдлэлүүдийн жингүүд өөр өөр энэ бүхнийг уялдуулдаг болохоор төсвийг зохиохоос аргагүй. Гэхдээ зохиож байна гээд захиалагчийн хүсэлтээр үнийн дүнгийн зөрүү гаргаж болохгүй. Хараат бус байж, бодит үнийг гаргах ёстой. Норм хоцрогдсон, алдаатай байгаа учраас шинэ технологиудтай хуучин нормыг уялдуулах ажлыг төсөвчин хийдэг. Тиймээс захирлуудад хандаж хэлэхэд, байгууллагынхаа харъяанд байгаа төсөвчдөө шахаж, зохиомол төсөв гаргуулж байхын оронд төсөвчдөө хөгжүүлж, сургалтад хамруулахад анхаараарай гэж хэлмээр байна. Дээр нь удирдлагууд өөрсдөө ч барилгын төсөв, үнэ бүрдлийн тухай мэдлэгтэй болж, сургалтад хамрагдах хэрэгтэй.

-Гүйцэтгэгч байгууллагуудын зүгээс ажиллах хүчний зардлыг багаар тусгадаг тухай гомдоллодог. Үнэхээр багаар нормчлогдсон байдаг юм уу?

-Ажиллах хүчний зардал багаар тусдаггүй. Зах зээл дээр халтуурын бригад, тохиролцооны цалин гэсэн ойлголт бий. Үндсэндээ нормын дагуу нэмэгдэл цалин шингэсэн үнийгээ бригадтай буюу тохиролцооны цалинтай жишиж тооцоод байгаа юм. Ингээд ирэхээр компанийн ажилчдын цалин бага, харин халтуурын баригадын цалин өндөр болчихно. Энэ чинь үндсэн цалин дээр бусад зардлын тодорхой хувийг шингээсэн тохиролцооны цалин шүү дээ. Оросын хуучны нормоор авч үзвэл нарийвчлан зардардаг болохоос биш манай цалин бага биш. Манай нормд үндсэн цалин, нэмэгдэл цалин, ИТА-ын цалин, нийгмийн даатгал, нэмэгдэл зардал гээд дотор нь задалчихсан байгаа. Гэтэл компанийн захирлууд зөвхөн төсөв дээр заасан үндсэн цалинг нь өгөөд нэмэгдэл цалин, хөдөлмөр хамгааллын хувцасны зардал зэрэг бусад зардлыг хасчихдаг. Бүх зардлыг нэгж цалиндаа шингээгээд нэмэгдэл цалинг олгоод эхэлвэл өндөр болно.

-ХАБЭА-н зардал ажиллах хүчний зардалд шингэж байгаа нь эргээд хөдөлмөрийн аюулгүй байдалд зориулах хөрөнгө дутагдах, улмаар аюулгүй байдал алдагдах эрсдэлийг дагуулж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ажиллах хүчний зардалд үндсэн цалингийн 13.6 хувийг хөдөлмөр хамгаалалын хувцас багаж хэрэгсэлд зориулна гээд заагаад өгчихсөн. Мөн нэмэгдэл зардалд техник аюулгүй ажиллагаа, эмнэлгийн анхны тусламжийн зардал, түр зам, тэмдэг тэмдэглэгээ, түр халхавч хамгаалалт гээд тусгасан байдаг энэ бүгдийг зориулалтаар нь зарцуулбал хангалттай дүн гарна. Гол нь зарцуулах ёстой зардлыг зарцуулахгүй байгаад л байгаа. Ер нь төсөв зохиох дүрэм (БНбД 81-95- 12)-ийг нэг сайн тогтоогоод унших хэрэгтэй.

-Барилгын төсөвт нэмэгдэл зардлыг илүү нарийвчлан тусгамаар санагддаг?

-Барилгын төсвийн үнэ бүрдлийн норм, Барилгын төсөв зохиох заавар гэж бий. Нэмэгдэл зардалд юу багтдаг тухай, захиалагчийн зардалд юу багтдаг тухай гээд нарийн заагаад өгчихсөн. Инженер техникийн ажилчид, мэргэжилтэй ажилчдаа давтан сургах, нийгмийн асуудлыг нь шийдэх, өвлийн нэмэгдэл үйлчилгээний зардал гээд тов тодорхой тусгасан. Барилгын ангиллаас хамаараад нэмэгдэл зардлыг заасан байдаг. Ийм зардал байж компани оршин тогтоно. Нэмэгдэл зардал, ашиг хоёр тусдаа ойлголт юм шүү. Нэмэгдэл зардал нь компанийн захирлын жийпний мөнгө биш. Дүрмээр барилгын компаниуд 15 хувийн ашиг олно гээд заачихсан байгаа. Энэ заалтуудыг манай салбарын хамгийн элит хүмүүс сууж гаргасан юм шүү.

-Удирдлагын зардалд анхаарах тухайд та ямар бодолтой байна вэ. Удирдлагын зардлыг хангалттай тусгаснаар төслийн удирдлагын менежментийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх, улмаар олон улсын төсөлд оролцох боломж нээгдэнэ гэж харж байна?

-Удирдлагын зардлыг нэмэгдэл зардалд тусгадаг. Үүнийг нэмэгдүүлээд, тусад нь бодож гаргах шаардлагатай байхыг үгүйсгэхгүй.

-Манай төсвийн үнэ бүрдлийн норм нь олон улсын нормтой харьцуулахад хэр хүртээмжтэй байдаг юм бол?

-Ер нь манай норм Хятад зэрэг нарийн эдийн засагтай оронтой харьцуулахад цатгалан боломжтойд тооцогддог. Төсвөөс компанийн ашиг, удирдлагын цалин, оффисийн зардал гээд бүгд гараад ирнэ. Орхигддог зардал ганц ч байхгүй. Үүнийг мэдэрч зарцуулах хэрэгтэй. Гэтэл том ашиг олно гэсэн мэргэжлийн бус хүмүүсийн үйлдлээс болоод барилгын хөөс үүсээд байна. Нэмэгдэл зардал байгаа тохиолдолд бүх зүйл боломжтой. Хувийн сууцнууд барьж байгаа хүмүүс буюу бригадууд цалин, материал, тээвэр, механизм гээд үндсэн дөрвөн зардлаар тохироод ашиг олоод болоод л байна. Гэтэл нормоор хийчихсэн нэмэгдэл зардалтай, ашигтай, дээр нь захиалагчийн зардалтай барилгын төсвөөс яагаад илүү зардал нэхээд байгаа юм бэ.

-Дээрх хүсэлтүүд нь барилгын гүйцэтгэгч байгууллагуудаас ирүүлдэг санал хүсэлтүүд юм. Эдгээр асуудлуудад нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд бодлогын ямар ажил хийвэл зохилтой вэ?

-Төрийн бодлогоор зохицуулах учиртай. Өнөөдрийн нөхцөл байдал гэвэл нэг шийдэлд хүрч чадахгүй байгаад оршиж байна. Нэг нь дарга гарч ирээд евростандарт мөрүүлнэ, нөгөө нь гарч ирээд канад технологи баримтална гэдэг. Зарим нь зах зээлд түгээмэл тархацтай гээд хятад технологиор барья гэж байхад ашиглаж сурсан, найдвартай ажиллагаатай гээд оросынхыг баримталъя гэнэ. Үүнийг л бодлогын яам нэг талд нь гаргаад яг ийм стандарт, ийм нормоор явна гээд батлаад өгчих хэрэгтэй. Тэгвэл ажилчид, компанийн удирдлага, төсөвчдийн хооронд маргаан үүсэхгүй. Үнэ бүрдэл бодитой болно. Хэрэглэж байгаа технологи нь шинэчлэгдчихээд байхад норм нь хуучин хэвээр байж болохгүй биз дээ. Хэдийгээр яамны зүгээс шинэчлээд явж байгаа ч удаан байна. Технологийн шинэчлэлээсээ хэд дахин удаан байна.

Ярилцсан М.ХАНГАЛ