Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР ХОТ ХӨГЖИЖ БАЙНА УУ ГЭВЭЛ ҮГҮЙ. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ТЭЛЭЛТ

2018 оны 04 сарын 17, 11:22
30180795_1552937028168672_1726955219_nУлаанбаатар хотын хот төлөвлөлтийн талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахлах багш доктор /Ph.D/ Э.Пүрэв-Эрдэнэтэй ярилцлаа.

-Улаанбаатар хот хэр төлөвлөлттэй хот вэ?

-Улаанбаатар хотын хуучин төлөвлөлт нь мундаг явж ирсэн. Социализмийн үед бүтээгдсэн хорооллууд нь хот төлөвлөлтийн дэлхий нийтийн үндсэн үзэл баримтлалаар буюу хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, оршин суугчид нь нар, салхи болон байгалийн хүчин зүйлсийг жигд хүртэх боломжтой байхаар модернист үзлийн дагуу баригдсан. Дэлхий нийтэд аж үйлдвэржилтийн шаардлагаар бий болсон томоохон хотууд иргэн рүүгээ чиглэсэн төлөвлөлт хийх шаардлагатай болсноор 1930 онд хот төлөвлөлтийн үнсэн үзэл баритлал болох “Афины тунхаг” гарсан байдаг. Ингэж хотыг төлөвлөх зарчимтай болсноор барилга байгууламжийн хооронд амралт зугаалгын талбайтай, бүх иргэн цэвэр агаараар чөлөөтэй амьсгалах боломжтой, нийцтэй гадаад орон зайтай, үйлдвэрлэлийн бүсээс тусдаа байх гэх зэргээр модернист үзэл бодолтой архитекторууд ерөнхий шаардлагуудыг нь гаргасан юм. Энэ бүх шаардлага шинээр байгуулагдсан хотууд болох социалист хотуудад тусгалаа олсны бодит жишээ нь Улаанбаатар. Дандаа хорооллын системээр барьчихсан, сургууль, цэцэрлэг нь дундаа, нийгмийнх нь дэд бүтцийг шийдчихсэн, дэлгүүр хоршоо нь хөвөө хэсгээрээ байдаг, орон сууцны дотоод орон зай саруулхан, байрнуудынхаа дунд амралт чөлөөт цагаа өнгөрөөх орчинтой гэх зэргээр сайхан төлөвлөлттэй хөгжиж ирсэн байдаг.

-Харин өнөөдөр хот төлөвлөлтийн энэ уламжлал алдагдаад байх шиг харагдах юм?

-Яг ийм. Ийм хэлбэрийн төлөвлөлт Зүүн Герман, Орос болон хуучин социалист орнуудад одоо ч хадгалагдаад үлдчихсэн. Харин манайд алдагдчихлаа. Социализмийн үеийн мундаг системээ хадгалж чадсангүй. Газар өөрөө үл хөдлөх хөрөнгө тул хөрөнгөний төлөөх тэмцэл хурдацтай явагдсанаар хот төлөвлөлт гэдэг ойлголтыг орхигдуулсан. Шийдвэр гаргах төвшин, мэргэжлийн төвшиндөө бодлогоо алдчихаар өнөөдрийн байдалд хүрч байгаа юм. Дээрээс нь үйлчлүүлэгч, хэрэглэгч, эзэмшигч хүмүүсийн нэгдмэл зарчим байгаагүйн улмаас бүх шатандаа хотоо замбараагүй болгож байна. Зөвшөөрөл өгдөг, хянаж шалгадаг мэргэжлийн байгууллагууд хатуу чанд ажиллаж чадсан бол өмнө нь бидний бүтээсэн мундаг төлөвлөлт маань хадгалагдах байлаа.

-Зөв төлөвлөлттэй, сайхан хот гэж ямар хотыг хэлэх вэ?

-Хүний амьдрах орчны чанар гэдэг зүйл яригддаг. Хүн ямар газар амьдарч байгаагаас хамааран сэтгэл санаа дээшилж бүтээлч, аз жаргалтай болдог. Хүнлэг ардчилсан нийгмийг бид байгуулахын тулд бид хүнээ бодох ёстой. Архитектурын хамгийн түрүүнд бодох ёстой зүйл бол хүн. Хүний ая тухыг хангасан орчныг бүрдүүлэх учиртай. Харин манайд эсрэгээрээ байна. Улаанбаатар хотоос хүний ая тухыг хангасан орчин олоход тун бэрх. Манайд чанаргүй орчин хаяагаа тэлсээр, зэрлэг капитализм руу явсаар байна. Нэгэнт бүтээгдсэн амьдрах орчинг яаж завааруулах вэ гэдгийн муу жишээ нь Улаанбаатар болчихлоо. Үүнд бүх хүн буруутай. Иргэд ч, эрдэмтэд ч, шийдвэр гаргагчид ч буруутай. Бид буруугаа ойлгоод системийн алдаагаа засах хэрэгтэй. Бүгдээрээ хотоо буруу хөгжөөд байгааг мэддэг мөртлөө сайжруулах гэж оролдохгүй байна. Энэ хямралаас гарахад тун хэцүү. Манай ард түмэн эерэг гэхээсээ эсрэг үзэл бодолтой, мэдлэггүй, мэдээлэлгүй байгаа учраас үүнийг өөрчлөхөд хэцүү.

-Одоо бид яах учиртай вэ?

-Хот төлөвлөлтийн талаар бүх хүнд ойлгуулна гэдэг цаг хугацааны хувьд боломжгүй. Тэгэхээр шийдвэр гаргаж байгаа удирдагчид, мэргэжлийн байгууллагууд хамгийн үнэн зөв зарчмыг тогтоогоод түүнийгээ мөрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид мэргэжлийн төвшинд нэг үзэл бодолтой болж чадахгүй л байна. Хот төлөвлөлт, хотын социологич гээд олон талын хүн хуралдаж байж, ийм шийдлээр ерөнхий төлөвлөгөөнд оруулъя, ингэж ажиллая гэсэн нэгдсэн шийдэлд хүрмээр байгаа юм. Өнөөдөр яам, хот, холбоодууд бүгд тус тусдаа ажиллаж байна. Бидэнд мэргэжлийн хэлэлцүүлэг үүсгэх талбар алга. Ядаж л хандлагаа өөрчлөх боломж гарахгүй байгаа нь харамсалтай.

-Уучлаарай, Та ямар төвшинд оролцож байна вэ?

-Мэргэжлийн төвшний хүмүүст би ч гэсэн орно л доо. Оюутан, залууст яриа хийх байдлаар нийгмийн талын ажлууд хийгээд явж байна. Харин бид хэзээ ч шийдвэр гаргах төвшинд оролцож чадахгүй. Яаманд өнөөдөр судалгаа хийх хүний нөөц алга. Хотод судлаач алга. Хөгжлийг зөв чиглүүлье гэвэл хөгжлийг авч явж байгаа томоохон салбаруудад судалгааны институт байгуулах ёстой. Тэр хүмүүс нь судалгаа хийсний үндсэн дээр шийдвэр гаргах хүмүүст саналаа оруулдаг зарчимтай. Харин манайд ийм зүйл байхгүй. Бидний зүгээс судалгаа хийе гээд хот руу орохоор үл тоох байдал ажиглагддаг. Сайн зүйлийг судалгаатай хийх ёстой гэсэн зуршил үүсэхгүй байгаа нь харамсалтай.

-Улаанбаатар хот өнөөдөр хөгжиж байна уу?

-Улаанбаатар хот хөгжиж байна уу гэвэл үгүй. Энэ бол зүгээр л тэлэлт. Бид хөгжлийнхөө ямар үед явж байгаа юм бүү мэд. Хүн ам нэмэгдсэн ч эдийн засаг өссөнгүй. Газар нутаг нь л тэлсэн. Гэхдээ социализмийн үед бий болсон төлөвлөлттэй нутаг дэвсгэр маань тэлээгүй гэр суурьшлын бүс л тэлсэн. Тэнд хүмүүсийн амьдрах орчин сайжрахгүй байхад яаж хөгжлийн тухай ярих юм бэ. Эдийн засаг төвийн хэсгээ л тэтгээд байгаагаас гэр суурьшлын бүсэд өгөөжөө өгөхгүй байна. Хөгжлийг амсаж чадахгүй байгаа учраас гэр суурьшлын иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг авахын тулд хотын төв рүү явж байна шүү дээ. Үүнээс үүдээд түгжрэл, стресс гээд асар их сөрөг үр дагавар гарч байна. 1990-ээд оноос хойш маш олон их, дээд сургууль байгуулагдсан. Тэр сургуулиуд Улаанбаатар хотын төвийн бүсийн 3 км радиуст бөөгнөрч байна. Тэгэхээр сайн боловсрол авахын тулд иргэд хотын төвийг зор ихоос өөр аргагүй болно. Өнөөдөр хувийн ерөнхий боловсролын сургуулийг сайн гэж үзэх болсон. Гэтэл хотын захад байдаг хувийн сургууль гэж алга. Дээр нь нийтийн тээврийн аюулгүй сайн систем байхгүй учраас хүмүүс хүүхдүүдээ сургуульд нь машинаараа зөөж байна. Ганцхан жишээ хэлэхэд БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Баянмонгол”, “Их Монгол”, “Кристалл таун” гээд олон хорооллуудад 100-аад мянган хүн амьдарч байна. Энэ бол Дархан хотын нийт хүн ам гэсэн үг. Гэтэл тэнд ганц ч улсын сургууль байхгүй. Норм ёсоор бол 100 мянган хүн амд 20 мянган хүүхдийн сургууль, 10 мянган хүүхдийн цэцэрлэг байх ёстой. Тухайн орчимд сургууль, цэцэрлэгт зориулсан талбай ерөөсөө байхгүй. Дандаа бизнесийн сонирхлын үүднээс олон давхар орон сууцнуудыг шахаад барьчихсан. Ингэснээр Улаанбаатар хот хүний амьдрах хот биш, бизнесийн хот болж хувирч байгаа юм. Харахад гоё сайхан барилгууд байгаа ч хүний амьдрах орчин, үйлчлэх хүрээг анхаарахгүй байна.

-Хотын үндсэн шаардлага юу байдаг вэ?

-Хот гэдэг зүйл сүүлийн 200 жилд хөгжсөн. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас тэсрэлт болсон. Өнөөдөр хамгийн их хотжилт явагдаж байгаа газар бол Зүүн өмнөд Ази, Африк байна. Хүн хөдөлмөрлөх, боловсрох, хөгжих, зугаацаж цэнгэх боломжийн бүрдэл, соронзон нь хот болж байна. Хотод хамгийн чухал зүйл бол хөрш орчин гэдэг ойлголт байдаг. Хүний амьдарч байгаа өдөр тутмын хэрэгцээнд нэн тэргүүнд шаардлагатай үйлчилгээнүүд ойр орчимд нь байх ойлголтыг хөрш орчин гээд байгаа юм. Гэрийн эзэн ажил хөдөлмөр эрхлэхээр хаашаа ч явж болно. Харин үлдэж байгаа эзэгтэй, үр хүүхдүүд нь тухайн амьдарч буй орчноосоо эрүүл мэнд, боловсрол, бусад үйлчилгээг авдаг байх ёстой. Социализмийн үед үүнийг хорооллын системээр шийддэг байсан. Нэгдүгээр хороолол хөрш орчин сайтай шүү дээ. Саппоро, Цамбагарав, Хар хорин гээд дэд хэсгүүдтэй. Ерөөсөө хотын газар нутгийг бүхэлд нь аваад үзэхэд орон сууц л голлодог. Ажлын байранд гадна орчин нэг их шаардлагагүй бол гэрийн орчимд ихээхэн шаардлагатай. Гэрийнхээ дотор ч, гадна ч хүн амьдрах ёстой. Манайд энэ бүхэн алдагдсан. Шинэ хорооллуудад сургууль цэцэрлэг, амрах орчин, машины зогсоол ч алга. 400 хүн га гэдэг нягтралын асуудал ч хэд дахин алдагдсан. Ингэснээр тухайн хүний амьдрах орчин хэд дахин хумигдана гэсэн үг. Гол нь манай иргэд энэ шаардлагыг мэдэхгүй учраас барилгын компанийн санал болгож байгаа орчинг хүлээн зөвшөөрч худалдан авдаг. Дараа нь бөөн стрессэн дунд амьдардаг. Винстон Черчил “Эхлээд бид барилгаа хэлбэршүүлдэг. Дараа нь бид барилгадаа хэлбэршдэг” гэж гоё үг хэлсэн. Тэгэхээр бид хотоо зөв хэлбэршүүлбэл тэндээ зөв хэлбэршиж амьдарна гэсэн үг. Хотын уудам орон зайд хүн амьдрах орчинг бүрдүүлэх учиртай. Хянах байгууллага сайн ажиллаж, зөвшөөрөл өгөхгүй байхад л шийдэгдэх асуудал. Дэлхий нийтийн хот байгуулахад харгалзаж үздэг үзэл баримтлалыг бид ашиглахгүй байна. Бүсчлэлийн үзэл баримтлал алга. Ийм үзүүлэлтийг мөрдөхгүй байгаагаас нэг нөхөр өгөгдсөн талбайдаа хэдэн давхар барилга барихаа өөрөө шийдэж байна. Бодлогын баримт бичиг, төлөвлөлт нь цогцоороо хийгдээгүй учраас бид ийм байдалд ороод байна.

-Өнөөдрийн бидний явж байгаа замаар дэлхийн өөр ямар хот явж байсан юм бол?

-Хөгжиж байгаа бүхий л хотод асуудал бий. Манайд хамгийн замбараагүй нь гэр суурьшил. Дэлхийн бүх хотод ийм суурьшил байгаа. Гэхдээ манай хувьд газар нь өөрөө өмч учраас бусад хотууд шиг албан бус, төлөвлөлтгүйгээр хийгдэж байгаа суурьшлыг бодвол илүү цэгцтэй, цэгцлэх боломж олгож байгаа юм.

-Гэр хорооллыг утаа, хөрс, усны бохирдлын эх үүсвэр төдийгүй бүх болохгүй зүйлийн “уурхай” юм шиг ярьдаг. Үүнийг шийдэх ямар гарц байна?

-Шинжлэх ухаан талаасаа “хороолол” гэж нэрлэх эсэх нь эргэлзээтэй. Хороолол гэдэг нь төлөвлөлтөөр бий болдог бол цаг хугацааны явцад аяндаа үүссэн зүйлийг суурьшил энэ. Англи хэлэнд гэр суурьшил гэдэг. Манайх цөөн хүн амтай, газар нутаг ихтэй байсан учраас иргэдэд том том газар олгочихсон. Дараа нь 0.07 га гэж зааж өгсөн шүү дээ. Энэ бол нэг айлд томдох талбай. Айлуудад ийм хэмжээний талбай оногдоно гэдэг бол хот байгуулалтын талаасаа маш үр ашиг муутай. Манай гэр суурьшилд нэг га газарт 75 хүн оногдож байна. Энэ тоог өрхөд шилжүүлэхэд бүр бага болно. Ингэснээр дэд бүтэц татахад өртөг нь өндөр тусдаг. Ядаж 200 хүн га байх тохиолдолд хөрөнгө оруулалтаа нөхөх боломж илүү бүрдэнэ. Үнэхээр гэр суурьшлыг дэд бүтцээр хангая гэвэл нягтралыг шийдэх ёстой. Гэхдээ болгоомжтой шийдэхгүй бол хотын төвд байгаа юм шиг өндөр орон сууцнууд барьчихаж болохгүй. Гэр суурьшлын бүсэд нам давхрын орон сууцнууд байх хэрэгтэй шүү дээ. Хотын хөгжлийн төлөвлөлтийн бүсчлэлээр гурваас дээш давхар барилга барж болохгүй гэсэн баримт бичиг боловсруулж, түүнийгээ дагаж мөрдөх хэрэгтэй. Дэд бүтцээр хангахаасаа өмнө мэдээллийг нийгэмд эрх тэгш өгөхгүй бол иргэд дэд бүтцэд холбогдсоныхоо дараа газар дээрээ өндөр барилга барина гээд зүтгэчихэж магадгүй. Иргэдийг мэдээллээр хангах нь маш чухал. Мөн манайхан амьдарч байгаа дотоод орчиндоо анхаарахаас биш барилгаа дулаахан барихад анхаарахгүй байна. Алдаатай, дутуу ажил их хийдэг, түүнээсээ болж дулаан их алддаг. Дулаанаа нөхөхийн тулд эрчим хүч их ашигладаг гээд асуудал их бий. Тэгэхээр төрөөс иргэдээ боловсролтой болгоход анхаарч, сайн шийдэл нэвтрүүлсэн, сайн ажил хийсэн хүнийг урамшуулдаг баймаар байна. Иргэдийн хамтач үзлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хашаан доторхи нь миний орон зай, гудамж талбай хамаагүй гэсэн хандлагыг өөрчлөх учиртай. Оршин суугчид нэгдэн иргэдийн бүлэг үүсгэх замаар амьдрах орчноо сайжруулах оролдлого хийвэл улсаас урамшуулдаг баймаар байна. Энэ нь бусад хүмүүст сайн жишээ болно. Иргэдийн бүлгийг дэмжих нь жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх арга. Үнэндээ хотоор хүн үйлчлүүлдэггүй, хотод хүн амьдардаг. Үүнийг манайхан ойлгохгүй төрийг хараад, үйлчилгээ авахыг л хүсээд байна. Өөрсдөө нэгдээд орчноо сайжруулах талаар ерөөсөө ажиллахгүй байна. Энэ бүхэн нийгмийн сэтгэлгээ, мэдлэг, ухамсар, хотын соёл гээд олон талтай л даа. Миний дээр хэлсэнчлэн асуудлыг шийдвэрлэх томоохон хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Хэлэлцүүлэг нь оршин суугчдаас эхлээд мэргэжилтнүүдийн төвшинд болон шийдвэр гарах түвшинд өрнөж, хоорондоо нийлж байж зөв шийдэл гаргана. Энэ мэтчилэн зөв эхлэлийг тавиад өгөхөд голдирлоороо урагшлаад эхэлнэ.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан төлөвлөлттэй хэсэг гэвэл Та аль хэсгийг нэрлэх вэ?

-Хотын зарим хэсгүүдэд хадгалагдаж үлдсэн зөв төлөвлөлтүүд байна. Гадны хот төлөвлөлтийн хүмүүс ирээд “урлагийн бүтээл” гэж нэрлэдэг дуу чимээ байхгүй, машин тэрэг хол, зөвхөн явган хүн явдаг тав тухтай амьдрах орчинтой хэсэг бий. Гэхдээ маш цөөхөн үлдсэн. Хүний орон зайн хувьд хотын төвийн хэсэг сайн төлөвлөлттэй. Ялангуяа Улсын их дэлгүүр орчмын барилгууд сайхан. Хүүхдүүд нь гаднаа аюулгүй тоглох талбайтай, дуу чимээний бохирдол багатай, ногоон байгууламжуудтай. Бусад хэсгүүд яахав, үнэтэй сайхан хорооллууд бий л дээ. Мөнгө байгаа болохоор бий болсон орчин болохоос биш хүнд зориулсан төлөвлөлт байхгүй. Орон сууцжуулна гээд мянга мянгаар нь хөтөлбөр тавьчихаад тоонд анхаараад чанараа мартаж болохгүй. Хүн дотор ч амьдарна, гадна ч амьдарна. Оргүй хоосноос шахуу эхэлсэн Улаанбаатар бол Азид байгаа хот боловч Европын хот байгуулалтын зарчмаар хөгжиж ирсэн. Европын уламжлалт хэлбэр бол нам давхрын орон сууцны барилгуудтай. Энэ нь хүний масштабад нийцдэг. Асар өндөр барилгуудтай хотуудад хүн жижиг зүйл, “шоргоолж” болж хувирдаг. Харин нам давхрын барилгуудын хувьд хүн өөрөө эзэн нь болдог. Цөөн хүн амтай учраас хөршүүд нөхөрлөх, гадна зам талбайгаа өөриймсгөөр ашиглах гээд хүнд нийцтэй орчин бүрдэх давуу талтай. Тэгэхээр хот төлөвлөлтөд үүнийг анхаарах ёстой. Барилга, хороолол барьж байгаа хүмүүс ашгийн төлөө ажиллаад байна. Эцсийн бүлэгт хүн шавааралдсан төлөвлөлтөөс дайждаг. Гадаад орчин муутай хорооллоос иргэд гараад явчихаар тэр барилгуудын үнэ цэнэ унана. Хүмүүс нь хаяад явчихсан хорооллууд дэлхийн томоохон хотуудад олон бий. Манайхыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэхгүй.