Мэдээ мэдээлэл

Барилгын хаягдал материалаар тоосго үйлдвэрлэгч машин

2016 оны 03 сарын 17, 13:15
Монгол инженерүүд барилгын хаягдал ашиглан тоосго хийдэг машин бүтээжээ. 
10321080_1105449429495530_8011205270947926691_o
1465902_1105449399495533_4765276451739601865_o
10004059_1105449539495519_489478772841240168_n
10290712_1105449499495523_3955172676638375151_n
10600385_1105449576162182_300786342083314881_n
12814459_1105449456162194_2493213200241315684_n
“Монгол залуу барилгын хог хаягдлаар тоосго үйлдвэрлэх машин бүтээжээ” гэх содон бөгөөд чихэнд чимэгтэй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр багагүй тархаад байсан. “Төр засаг ажлаар хангахгүй байна” гэж гомдоллон гар хумхиж суухын оронд боломж бололцоогоо дайчлан шинийг санаачлан бүтээхийг эрмэлзэж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, байгальд ээлтэй технологи сэдэж яваа дээрх эрхэмтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

- Барилгын хог хаягдлаар блок үйлдвэрлэх машиныг хэрхэн бүтээх болов?


- Ажиллаж байсан компани маань “Оюу Толгой”-н туслан гүйцэтгэгч байсан. Уурхайн үйл ажиллагаа түр зогссоноор бид ч бас ажилгүй болж, ямар нэг өөр зүйл сэдэж хийх шаардлага тулгарсан. Мэддэг, чаддаг зүйл минь Гидрологи чиглэлийнх учраас үүгээрээ дагнан хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад, 2014 оны 11-р сард барилгын хог хаягдлаар блок үйлдвэрлэх энэхүү машиныг бүтээсэн. Энэ нь 30 тонн хүртэлх даралттай бөгөөд ажлын найман цагаар тооцвол өдөрт 800-1000 ширхэг блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Санаачилсан машинаа үр дүнтэй ашиглахын тулд олон зүйлээр туршиж үзсэн. Барилгын хог хаягдал, шар шавар, бетон гээд олон төрлийн блок хийж туршлаа.

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Г.Нагарагчаад хандан өөрийн бүтээсэн машинаа үзүүлж, дэмжлэг туслалцаа хүссэн. Түүний зөвлөснөөр төсөл бичин, Аж үйлдвэрийн яаманд хандсан. Машинаа танилцуулаад явж байхад Монгол хүн өөрөө бүтээсэн, мөн барилгын хог хаягдлыг дахин ашигласан гэдэг үр дүнгээр нь Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.Рэнцэн, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин зэрэг албаны хүмүүс санаачилгыг минь нааштайгаар хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улмаар 2015 оны 2-р сараас энэ блокоо тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ бутлуур шигшүүр болон холигчоо өөрөө хийсэн. Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нь чанар муутай, амархан эвдэрдэг, Европынх нь өндөр үнэтэй байдаг учир дагалдах төхөөрөмжүүдээ ч өөрөө хийлээ.

- Ганцаараа хийсэн үү?


- Ер нь гол санааг өөрөө гаргаж, гардаж хийсэн. Төмөр хийцтэй учраас токарь дээр нь Ган-Эрдэнэ гэх залуутай хамтарч ажилласан. Мэдээж чанартай, бат бөх машин бүтээхийн тулд Австрали, Канадаас зарим сэлбэг хэрэгслээ авах шаардлага гарч байсан бөгөөд бусад жижиг сэлбэг, хэрэгслүүдээ цуглуулахад “Major Drilling” компанийн хамт олон маань туслалцаа үзүүлснийг энд дурдах хэрэгтэй болов уу.

- Бүтээсэн машинаараа блок үйлдвэрлээд байх уу, эсвэл дахин олон машин хийж худалдахаар төлөвлөж байна уу?


- Нэгэнт бүтээсэн зүйлээ тоосонд даруулаад хадгалаад байлгүй, бусдад сурталчилж, хүмүүст таниулах хэрэгтэй юм байна гэж бодоод олон нийтийн сүлжээнд энэ машинаа танилцуулж, хүмүүсээс урмын үг их сонслоо. Хөдөө орон нутагт авч явахад авсаархан, 220 вольтын хүчдэлд ажиллах боломжтой, ажлын бүтээмж өндөртэй ийм төрлийн машин хийж өгөөч гэсэн хүсэлт цөөнгүй ирсэн.

Хөдөө орон нутагт авч явахад авсаархан, 220 вольтын хүчдэлд ажиллах боломжтой, ажлын бүтээмж өндөртэй ийм төрлийн машин хийж өгөөч гэсэн хүсэлт цөөнгүй ирсэн.

- Энэ машиныг хийх санаа анх яагаад төрсөн талаар?


- Би хүүгийнхээ техник сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд лего тоглоомоор тоглуулдаг. Хүүгийнхээ байшин эвлүүлэн тоглож суухыг хараад, яагаад ийм блок, тоосго хийж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Интернэтээс ийм төрлийн машиныг судалж, худалдаж авах гэсэн боловч өндөр өртөгтэй байсан. Энэ төрлийн машины хамгийн боловсронгуй, сүүлийн үеийн хувилбар нь Бразилд байдаг. Дуураймал буюу чанар муутай нь Хятад, ОХУ-д элбэг байдаг юм билээ. Тэр нь хямд мөртлөө ажлын бүтээмж, чанарын хувьд тааруухан байсан. Чанартайг нь авъя гэхээр 12000-36000 орчим ам долларын үнэтэй, тээврийн зардал нь нэмэгдэхээр өртөг нь бүр өндөр тусдагаас өөрөө хийх санаа төрсөн дөө.

Үүнд миний хамтран зүтгэгч нар болох С.Батмандах, Г.Даваасүрэн нар нь блок тоосгоны технологи дээр нь хамтран ажилласан. Эдгээр залуус нь ХААИС Германы Фрайбергийн их сургуулийг барилгын хийцийн инженер мэргэжлээр төгссөн өндөр боловсролтой залуус бөгөөд энэхүү шахалтат тоосгоны орц материал талаас нь шинжлэх ухаан, стандартын үндэс суурийг ултай судлан саналаа хуваалцан хувь нэмрээ оруулсанд нь би хувьдаа талархаж явдаг. Цаашид бага оврын экскаватор, лөэдэр (loader), хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, цас цэвэрлэгч машин гээд олон янзын тоног төхөөрөмж, машин механизм бүтээх бодолтой байна.

Одоо хийж хэрэгжүүлэх гээд байгаа зүйл маань олон сайн талтай гэж боддог. Тухайлбал, барилгын хог хаягдлыг дахин ашиглаж, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болгох, ингэхдээ бага дунд орлоготой иргэдэд хямд өртөгтэй бүтээгдэхүүн нийлүүлнэ. Түүнчлэн үйлдвэр байгуулснаар олон иргэдийг ажлын байраар хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч ажиллуулах боломжтой нь харагдсан.

- Энэ машинаар блок үйлдвэрлэхэд барилгын ямар төрлийн хог хаягдлыг ашиглаж болох вэ?


- Барилгын арматураас бусад шил, плита, үртэс, цаас, бетон цемент гээд юугаар ч хийж болно. Блокоо хийж туршиж үзээгүй барилгын хаягдал бараг байхгүй. Галт уулын хайлмаг хүрмэн чулуугаар ч хийж үзлээ. Энэ нь хөнгөн, бат бөх чанартай гээд олон давуу талтай. Ялангуяа эко хэрэглээг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй байлгах талаас нь бодолцож үзсэн. Түүнчлэн гаднаас өндөр зардлаар барилгын материал, блок авахгүйгээр, дотооддоо үйлдвэрлэж, хямд үнээр иргэддээ тогтмол нийлүүлдэг болвол зохион бүтээсэн машины минь үр шим болох юм л даа. Хамгийн гол нь төрийн байгууллагууд, холбогдох мэргэжилтнүүд нь үүнд анхаарал хандуулж, үйлдвэрлэлээ жигд тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.

- Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн шийдэж байна вэ?


- Одоогоор бусдаас санхүүгийн дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалт авалгүй, өөрийн боломжоор ажлаа үргэлжлүүлж байна. Цөөн тооны блок борлуулсан мөнгөө дараа дараагийн ажилдаа зарцуулаад явж байгаа. Гэвч цаашид үйлдвэрлэл явуулах хэмжээний санхүүжилт хэрэгтэй байлгүй яахав.

- Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хэвийн явуулахад хичнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ?


- Үйлдвэрлэлээ өргөтгөж, бүтээгдэхүүнийхээ гаралтыг нэмэгдүүлэхэд доод тал нь 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Энэ хэмжээний санхүүжилттэй байхад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, хэд хэдэн хүнийг цалинжуулаад ажиллах бүрэн боломжтой. Мөн барилгын хог хаягдлыг хямд үнээр худалдан авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Жишээлбэл, хог хаягдлыг тонн тутмыг нь 20-30 мянган төгрөгөөр худалдаж авахад хаягдал гаргаж байгаа хэсгийнхэнд ч, үйлдвэрлэл явуулж буй бидэнд ч хэрэгтэй шүү дээ. Хаягдлаа дахин ашиглах энэ мэт тогтолцоог хэвшүүлж чадвал барилгын компаниуд ч хариуцлагаа ухамсарлаж, барилгын хог хаягдлын байгальд учруулах хор хөнөөл нь эрс буурна.

Барууны орнуудад, тухайлбал Германд барилгын хог хаягдлаа 0-5 мм хүртэлх хэмжээтэй болгон буталж, хоёр дахь түүхий эд болгон ашиглах тогтолцоог хууль ёсоор дагаж мөрддөг. Гэтэл манай улсад хаягдлаа гол горхи руу хийх, хээр гадаа хаях зэргээр хариуцлагагүй хандаж байна. Энэ бүхнийг цэгцэлж, хууль, дүрэм журамдаа холбогдох заалтыг нь нэмж, аж ахуйн нэгжүүд ч нийгмийн хариуцлагатай байж түүнийг нь дагаж мөрддөг болоосой. Мэдээж барилгын хог хаягдлыг мөнгөөр үнэлэн худалдаж аваад үйлдвэрлэлд ашиглаад эхэлбэл компаниуд ч хогоо шууд хаяхгүй, аль болох худалдах сонирхолтой болно шүү дээ.

comments powered by Disqus