Мэдээ мэдээлэл

“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИНЭЧИЛСЭН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА СЕРВИС ЦЕНТР”-ИЙН ТАЛААР МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮД ЗӨВЛӨЛДӨВ

2016 оны 09 сарын 29, 16:32
 
 
Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг бол гэр хороолол, түүнийг дахин төлөвлөх явдал юм. Өмнө нь хэрэгжиж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд нь утаа, хөрс, усны бохирдол гээд зарим асуудлыг шийдвэрлэж ирсэн ч гарц, шийдлээ олохгүй, төсөлд хамрагдсан иргэдийн амьдралын нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд хүндэрч, төслийн явц нь зогсонги байдалд ороод байгаа билээ. Иймд барилгын салбарын тэргүүлэгч нэгдлийнхээ хувьд Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорациас “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал ба Сервис центр”-ийн хувилбарыг санаачлан, хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа ороод байна.

ҮББК-ийн зүгээс “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал ба Сервис центр”-ийг улам боловсронгуй болгох үүднээс төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллагууд, энэ чиглэлээр мэрэгшсэн Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй зөвлөлдөх уулзал хийгээд байна.

Зөвлөлдөх уулзалтад Б.Жүгдэр, Л.Шагдаррагчаа, Ц.Эрдэнэбат, Г.Буд, Ш.Хүрэлтогоо тэргүүтэй барилгын үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр ажилладаг Монгол Улсын 18 шилдэг зөвлөх инженер оролцож, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримталал ба Сервис центр” сэдвийн хүрээнд бие даасан инженерийн шугам сүлжээний техник, технологийн шийдэл, шинэ боломжуудын талаар санал бодлоо солилцсон юм.
Зөвлөлдөх уулзалтад оролцсон Монгол Улсын Зөвлөх инженерүүдийн зүгээс ҮББК-иас санаачилсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал ба Сервис центр”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаг үеэ олсон энэхүү шинэчилсэн үзэл баримтлалын төслийн санал нь нийслэл хот, суурин газарт тулгамдсан асуудлууд, түүний дотор гэр хорооллын бүсийн амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулах, дахин төлөвлөлтийн шаардлагуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжуудыг агуулсан бөгөөд иргэдэд таатай нөхцөл олгосон, төрийн байр суурийг оновчтой тодорхойлсон шийдлүүдийг нэгтгэж чадсан болохыг онцолж байв.