Мэдээ мэдээлэл

Таван байршилд “Сервис центр” барина

2018 оны 02 сарын 22, 10:42
3b8f17c5ec5b6e75a4735146376ea489965fc68dНийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл хуралдаж энэ онд баригдах гэр хорооллын бичил дэд төв буюу “Сервис центр”-үүдийн зураг төслийг баталжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн 9-р хороо Нисэхийн эцсийн буудлаас баруун хойно, Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалын замын зүүн хойно, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их Нарангийн гудамжны зүүн талд, Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамжны баруун хойно, Баянзүрх дүүргийн 23-р хороо Гачууртын замын баруун хойно гэсэн таван байрлалд “Сервис центр” барихаар болж байна.

Энэ дагуу Нийслэлийн зураг төслийн хүрээлэн дээр Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсэд барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийж байгаа ажээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулан, гэр хорооллын иргэдийн өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэх зорилготой. Энэ зорилгоо биелүүлж төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулан орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай, хэрэгжих боломжтой, хүн ам, мэргэжлийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн шийдэл боловсруулахаар Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа гэнэ.

Ийнхүү гэр хорооллын дэд бүтцийн төв буюу “Сервис центр”-үүд энэ онд эхнээсээ ашиглалтад орсноор агаарын бохирдолтой хийх тэмцэлд бодитой дэвшил гарах нь. Учир нь гэр хорооллын 200-250 орчим айл өрх нэг “Сервис центр”-т холбогдон төвлөрсөн халаалт дулаан, бохир, цэвэр усаа авах юм. Ингэснээр гэр хорооллын айлууд одоо амьдарч байгаа эзэмшил газар дээрээ орлогодоо нийцсэн амины орон сууц барьж, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон, тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ. Нэг “Сервис центр” баригдсанаар 200 яндан байхгүй болно гэсэн үг.

Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газрууд саналаа нэгтгэн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2020 он хүртэл 100 орчим “Сервис центр” буюу инженерийн дэд бүтцийн төвийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Эдгээр төвүүдэд нийт 20 мянга орчим өрхийг хамруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ.