Мэдээ мэдээлэл

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” сэтгүүлийн 2018 оны шинэ дугаар хэвлэгдлээ

2018 оны 05 сарын 09, 11:03
1525831496Барилгын салбарын өнөр гэр бүлийн гишүүн танд “Хамтдаа хөгжье” сэтгүүл 2018 оны хаврын шинэ дугаараараа мэндчилж байна.

Манай сэтгүүл нь барилгын салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжлийг өсөн нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорин “Барилгын салбарын #1 мэргэжлийн сэтгүүл байх”-ын төлөө ажилладаг билээ. Бид дугаар бүртээ тодорхой нэг сэдвээр асуудал хөндөн, олон улсын туршлагад тулгуурлан тухайн асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж, оновчтой хувилбаруудыг санал болгодог уламжлалтай.

Энэ удаагийн дугаараа Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхимтай хамтран эрхлэн гаргаж та бүхэнд толиллуулж байна. Цаашид сэтгүүлийн дугаар бүрт хамтран хот байгуулалтын дэлхий нийтийн чиг хандлага, чөлөөт бүсийн судалгаа, архитектурын шилдэг шийдэл зэрэг төрөл бүрийн мэдээллийг бэлтгэж байх болсныг дуулгахад таатай байна.

МХБХТ нь байгаль орчинд ээлтэй технологи, цэвэр үйлдвэрлэл, ногоон хэрэглээг урамшуулах загваруудад үндэслэн хот төлөвлөлт, хот байгуулалтын хөгжилд ногоон хөгжлийн механизмыг бий болгохын төлөө гадаад, дотоодын ижил төстэй байгууллагуудтай хөгжлийн эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилладаг төрийн бус байгууллага юм.

“Хамтдаа хөгжье” сэтгүүл нь шинэ дугаартаа хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол, тэргүүний технологи Ноу-Хауг нутагшуулсан тахиа жилийн шилдэг барилгуудын танилцуулгыг нийтэллээ. Мөн БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн туршлагад тулгуурлан манай улс Хөшигийн хөндийн дагуул хотыг хөгжүүлэх бодит боломж байгааг нийтлэлээрээ дамжуулан хүргэж байна.

2018 онд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтуудын талаар БХБ-ны дэд сайд Ш.Лхамсүрэнтэй хийсэн ярилцлагаас энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 430 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 78 төсөл, арга хэмжээнд 80.3 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан агаад түүгээр ямар бүтээн байгуулалтууд өрнүүлэх талаар унших боломжтой.

Ийнхүү их бүтээн байгуулалтын ажил эхлэх урин цагтай давхцан танд хүрч байгаа “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн 2018 оны хаврын шинэ дугаар уншигч таны оюуны хэрэгцээг хангасан, мэдлэг чадвараа улам өргөжүүлэхэд зориулагдсан цогц мэдээллийг хүргэнэ гэдэгт бид итгэж байна.
Эрхэм уншигч та манай сэтгүүлийн болоод нийтлэлийн талаарх санал хүсэлт, шүүмж болоод мэдлэгээ тэлэхийг хүссэн, асуудал хөндөхийг зорьсон аливаа сэдвээ сэтгүүлийн редакцад доорх хаягаар илгээж байна уу. Бид та бүхний санал шүүмж, зөвлөмжийг талархан хүлээж авах болно.