"БҮТИ" ХХК

Үүсэл хөгжил
     "БҮТИ" ХХК 2004 онд байгуулагдсан цагаасаа барилга үйлдвэрлэл, технологи, интерьер дизайны үйлчилгээ үзүүлж Монгол Улсын барилгын салбарт хурдтай гүйцэтгэл, чанартай бүтээн байгуулалтыг тунхаглаж ирэв. Өнөөдөр "БҮТИ" ХХК нь 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Туршлага
     "БҮТИ" ХХК-ийн хамт олон ажилдаа "ЧИН СЭТГЭЛ", "ХУРД" гэсэн зарчмыг мөрдлөг болгодог бөгөөд "ЧИН СЭТГЭЛ"-ээсээ хийсэн ажлыг чанар дагаж, "ХУРД"-тай гүйцэтгэлийг ашиг орлого тэтгэдэг болохыг амжилтаараа харуулж байгаа билээ. Энэ ч үүднээс орчин үеийн дэвшилтэт техник технологи, шинэ төрлийн материалыг барилгын салбарт нэвтрүүлэх, улмаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад анхаарч үйлдвэрлэлийн бааз сууриа өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр зорьж буй хамт олон юм.
     Түүнчлэн "БҮТИ" ХХК-ийн зүгээс ажилтан нэг бүрийг байгууллагын үнэт зүйл хэмээн үзэж, түүний ухамсарт хийж бүтээх чин хүсэл эрмэлзэл төрүүлснээрээ ажлын чанар, бүтээмжид нь дэвшил гарч, байгууллагын хөгжил, амжилтын үр шим өсөн нэмэгдэж байна. "БҮТИ" ХХК хийж бүтээх чин эрмэлзэлтэй, чадварлаг ажиллах хүчнийг дэмжсэнээр хэрэглэгчдийн хүсэл, таашаалд нийцсэн чанартай барилга байгууламжийг бүтээн босгож, Монгол Улсын барилгын салбар дахь байр сууриа бэхжүүлэх, улмаар олон улсын зах зээлд гарах эрхэм зорилгынхоо хүрээнд өнөөг хүртэл гадаад, дотоодын олон байгууллага, аж ахуйн нэгжтэй тогтвортой хамтран ажиллаж, Монголын барилгын салбарыг шинэ түвшинд гаргаж иржээ. 
     “БҮТИ” компанийн хамт олон өөрийн хүчин чадлаар жилд дунджаар 10-15 блок 9-16 хүртэл давхар барилгын ажлыг гүйцэтгэх хүчин чадалтай. Мөн хатуу болон хайрган хучилттай бүх төрлийн замын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй. Авто замын чиглэлээр 2012 онд Дорноговь аймгийн “Айл баян” уурхайгаас Ханги мандалын хилийн боомт хүртэлх нийт 170 км сайжруулсан шороон хучилттай даацын замыг барьж, арчлах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. 
     Үүний зэрэгцээ барилгын чанар, стандартыг хангах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, ХАБЭА-н OHSAS 18001:2007 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Гүйцэтгэсэн томоохон төслүүд
     • Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын зорчигч хүлээн авах терминал, Нислэгийн хяналтын цамхаг
     • 1000 айлын “Манзушир өргөө” орон сууцны хороолол
     • “Sheraton” сүлжээ олон улсын жишиг зочид буудал
     • “БҮТИ Товер” орон сууц
     • “ЧОНО” корпорацийн захиалгаар “Зөгийн үүр” 12 давхар орон сууц
     • “Алтай кашмер” худалдааны төв
     • “Golden Vill” бүрэн цутгамал орон сууцны цогцолбор
     • “Хурд” группын захиалгаар “Рапид харш” орон сууцны цогцолборын 11 блокын ерөнхий гүйцэтгэлийг      хүлээлгэж өгсөн
     
Амжилтууд
     Тус компанийг өнгөрөгч онуудад Монгол Улсын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулсныг нь үнэлж барилга угсралтын шилдэг байгууллагад олгодог "Алтан цамхаг", барилгын шилдэг гүйцэтгэгч байгууллагад олгодог "BEST AWARDS" зэрэг шагналаар өргөмжилжээ.

Ажилтан, албан хаагчид
     Өөрийн үндсэн 500, гэрээт 300, Ардчилсан Солонгос Улсын гэрээт 200 нийт 1000 гаруй ажилтантай их айл болоод байна.