"Улаанбаатар Барилга" ХХК

Үүсэл, хөгжил
     Монгол Улсын барилгын ууган байгууллага "Улаанбаатар хотын барилга трест"-ийн хөгжлийн улбаа бол "Улаанбаатар барилга" ХХК билээ. Түүх сөхвөл "Улаанбаатар барилга" ХХК-ийг БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд "Барилгын газар" нэртэйгээр байгуулжээ. 1957 оноос "Улаанбаатар хотын барилга трест" нэртэйгээр 1991 оны аравдугаар сарын 1 хүртэл, "Улаанбаатар барилга" ХХК нэртэйгээр одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.

Туршлага
     "Улаанбаатар барилга" ХХК байгуулагдсан цагаасаа хойш нийслэл хот болон орон нутагт 1600 гаруй барилга обьект барьж, ашиглалтад оруулсан бөгөөд сүүлийн 23 жилд 120 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан манай улсын шилдэг хамт олон юм.
Тус компани нь 16 давхар хүртэлх бүх төрлийн барилга байгууламжийг барих, төмөр бетон гүүр, хайрган хучилттай зам барих, барилгын төмөр бетонон бүх төрлийн эдлэл, зам талбайн тохижилтын төмөр бетон эдлэл, бетон зуурмаг, элс хайрга дайрга бэлтгэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Өөрийн компанийн үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах тээвэрлэх, өргөх, ухах, түрэх, нягтруулах үйл ажиллагааны машин механизмаар бүрэн хангагдсан зэрэг давуу талтай. "Улаанбаатар барилга" ХХК нисэх онгоцны буудал, гүүр, хил гаалийн обьектууд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн байгууллагын бүтээн байгуулалтад сүүлийн 20-иод жилд дагнан ажилласан бөгөөд 2007 оноос Япон Улсын барилгачидтай хамтран ажиллаж байгаа юм.


Гүйцэтгэсэн томоохон төслүүд
     • Монгол Улсын Засгийн газрын ордон
     • Япон Улсын тусламжаар барьсан Нарны гүүр
     • Их жанжин Д.Сүхбаатарын хөшөө
     • Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
     • Улсын драмын эрдмийн театр
     • Үндэсний төв номын сан
     • Монгол Улсын их сургууль
     • Төрийн өмчийн IX байр (хуучнаар Ардын банк)
     • “Чингис хаан” зочид буудлын цогцолбор
     • Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлын өргөтгөл
     • Дорнод аймаг дахь олон улсын нисэх буудлын цогцолбор
     • Эрдэнэт хотын 926 хүүхдийн сургуулийн барилга
     • Баян-Өлгий аймгийн Цагааннуурын гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор
     • Дархан-Уул аймагт Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан ЕБС-ийн барилгууд
     • Нийслэлийн ихэнх ЕБС-ийн барилгууд, эмнэлэг, үйлчилгээний газар, орон сууц зэрэг 1600 орчим барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан билээ.

Олон Улсын туршлага
     "Улаанбаатар барилга" ХХК-ийн инженерүүд дэлхийд гайхагддаг Японы инженерүүдтэй хамтран Нарны гүүрийн угсралтыг хийж гүйцэтгэсэн билээ. Япончуудтай хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан "Улаанбаатар барилга" ХХК-ийн хамт олон барилга, зам гүүр тохижилтын угсармал төмөр бетон, бетон эдлэлүүд хийх ба түүний дотроос замын ердийн болон L хэлбэрийн хашлага, авто замын ус зайлуулах иж бүрэн систем /ус зайлуулах суваг, цуглуулах худаг, таг, гүүрийн далангийн хашлага хавтан /Skin Plate/ зэрэг хийц эдлэлийг Япон стандартын дагуу үйлдвэрлэж байна. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийн хүрээнд өндөр маркийн бетон зуурмаг, дүүргэгч материал, хайрга, дайрга, элс бутлан ангилах, арматур төмөр хийцийн боловсруулалт, мод ба модон материал боловсруулах, Европ стандартын модон хаалга цонх, тууш эдлэлийн үйлдвэрлэл зэргийг эрхэлж байна.

Амжилтууд
     Тус компанийн барилгын салбарын амжилт ололтыг үнэлэн
          • 2005 онд Монголын Барилгачдын холбооны нэрэмжит “Хүндэт диплом”
          • Монголын Барилгын мэргэжилтэй ажилчдын холбооны “Өргөмжлөл”
          • 2007, 2009 оны “Шилдэг барилгын байгууллага-өргөмжлөл”-өөр шагнасан аж.

     Үүний зэрэгцээ захиалагч байгууллага, иргэд нь орон сууц, барилга ашиглалтын “Талархал”, “Батламж”-уудыг гардуулан өгдөг.

     Тус компани Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн, удирдах зөвлөлд багтдаг бөгөөд барилгын салбарыг хөгжүүлэхэд манлайлсаар байна.

     Орон сууцны санхүүжилтийн корпорациас олгосон “Ард түмнийг орон сууцаар хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан” өргөмжлөл, Монголд танигдсан стандарт дэвшүүлэгч тэргүүний байгууллагын өргөмжлөлийг тус тус хүртжээ.

Ажилтан, албан хаагчид
     Барилгын салбарын ууган хамт олны дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 7, Монгол Улсын Гавьяат барилгачин 7 төрөн гарсан нь "Улаанбаатар барилга" ХХК-ийн хөдөлмөр зүтгэлийг илтгэнэ.

     • Зөвлөх инженер 1
     • Ерөнхий инженер 1
     • Ахлах инженер 1
     • Инженер 4
     • ХХАА, геодезийн инженер 1
     • Технологич инженер 1
     • Мастер 1