Нийгмийн хариуцлага

КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ

Компаний нийгмийн хариуцлага гэдэг нь компани үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүйгээр, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод, нээлттэй явуулан хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгож, нөгөө талаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах үйл явц юм.

НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ

blob(1)Монгол Улсын барилгын салбарын тэргүүлэгч нэгдлийнхээ хувьд Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци /ҮББК/ нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэсэгчилсэн инженерийн хангамжийн төв - “Сервис центр” төслийг санаачлан, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудтай хамтран эхний ээлжийн бүтээн байгуулалтаа өрнүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа бодлогогүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрөл, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, агаар, хөрсний бохирдол түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн доройтол, ажилгүйдэл, ядуурал зэрэг сөрөг асуудлуудыг арилгахад чиглэсэн бодит ажил болох юм.

ҮББК-ийн дэвшүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал “Сервис центр”-ийн төсөл нь “Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилга, чадамжид суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэж, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулан орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэх”-д чиглэх юм.

“Сервис центр” төсөл нь зөвхөн нийслэл гэлтгүй алслагдсан гэр хорооллын нутаг дэвсгэр, шинэ суурьшлын бүс, аймгийн төв, сумдад ч хэрэгжих боломжтой бөгөөд 200 болон түүнээс дээш өрхийн инженерийн шугам сүлжээг нэгдсэн байдлаар, хамгийн хямд өртгөөр шийдвэрлэх шинэлэг гарц. Өөрөөр хэлбэл, хэсэгчилсэн инженерийн хангамж /дулаан, цахилгаан, ус хангамж болон холбоо дохиолол, ариутгах татуурга, бие даасан бичил цэвэрлэх байгууламж/-ийн төв буюу “Сервис центр”-ээр дамжуулан 200 болон түүнээс дээш өрхийг инженерийн шугам сүлжээ, төр, нийгмийн /хороо, дүүргийн засаг захиргааны нэгж, цагдаа, эмнэлэг, цэцэрлэг, нийтийн аж ахуй/-н нийтлэг үйлчилгээгээр нэгэн зэрэг хангах давуу талтай.


НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

Олон улсын стандартчиллын байгууллагаас нийгмийн хариуцлагын ISO 26000 стандартыг боловсруулан 2010 онд баталгаажуулсан байдаг. ISO 26000 нь удирдлагын системийн стандарт биш бөгөөд аливаа нэг шаардлага агуулдаггүй ба ямар нэг гэрчилгээ олгож баталгаажуулалт хийх нь энэхүү олон улсын стандартчлалд хамааралгүй болно. ISO 26000-ийн зорилго, цар хүрээний тухайд:

• Өөрийн байгууллагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар бүрэн хариуцлага хүлээх;
• Нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй явуулах;
• Бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдлэх;
• Бизнест хамааралтай оролцогч талуудын хүлээлт, ашиг сонирхлыг эхний ээлжинд тавих;
• Хууль болон Oлон улсын бизнесийн норм, хэм хэмжээг эрхэмлэн сахих;
• Байгууллагынхаа үйл ажиллагааг гадаад орчинтой нягт уялдуулан зохицуулах явдал юм.

Oлон Улсын хэмжээнд компаний нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ойлголтуудыг зайлшгүй оруулах ёстой гэж үздэг. Үүнд:
• Бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдлэх
• Oлон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал
• Байгаль орчинг хамгаалах
• Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх
• Тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах
• Ажлын нөхцөл байдлыг сайжруулах
• Салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагаа
• Нийгмийн үйл хэрэг, хөрөнгө оруулалт, хөгжил цэцэглэлтэд оролцох
• Олон үндэстний соёл, уламжлалыг хүндэтгэн үзэх
• Ивээн тэтгэлэг, хандив туслалцаа үзүүлэх
• Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх
• Шударга өрсөлдөөний зарчмуудыг баримтлах
• Авилгал, хээл хахуулиас ангид байх
• Хариуцлага, ил тод байдал, гүйцэтгэлийн талаар тайлагнадаг байх
• Гадаад дотоодын нийлүүлэгч, түншүүдтэй эрх тэгш харилцаа холбоо тогтоох

Эдгээр үйл ажиллагаа нь хоорондоо харилцан уялдаа холбоотой бөгөөд дэлхийн аль ч улс оронд үйл ажиллагаа явуулсан зайлшгүй анхаарах асуудлууд юм.