О.ТЭМҮҮЛЭН: “ХААН БАНК ТОВЕР” НЬ ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН СТАНДАРТЫН “А” ЗЭРЭГЛЭЛИЙГ ХАНГАСАН МОНГОЛЫН АНХНЫ БАРИЛГА

2018 оны 05 сарын 14, 16:15
thumbnailМонголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас “Тахиа жилийн шилдгийн шилдэг барилга”-аар “ХААН Банк”- ны “KHAN BANK TOWER” оффисын цогцолбор барилгыг шалгаруулсан билээ. “ХААН банк товер” нь олон улсын барилгын стандартын “А” зэрэглэлийг хангасан бөгөөд хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, тэргүүний технологи Ноу- Хауг нутагшуулан хэрэгжүүлсэн байдал зэрэг үзүүлэлтээрээ шилдгийн шилдгээр шалгарсан байна.
Ингээд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийслэлийн өнгө төрхийг чимж буй Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, УБ 17010 буюу Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах “ХААН Банк Цамхаг”-ийн Төслийн менежер О.Тэмүүлэнтэй ярилцсанаа хүргэе.


-“ХААН банк товер” цогцолбор барилгын төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-“ХААН Банк Цамхаг” ашиглалтад орохоос өмнө ХААН Банкны төв оффисын ажилтнууд хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамжинд, Жуковт, Барилгачдын талбайд гэсэн гурван тусдаа байрлалтай оффист хуваагдан ажилладаг байсан. Энэ нь зарим үед уулзалт, хурал хийх, яаралтай шийдвэр гаргахад хүндрэл үүсгэдэг байсан бөгөөд эдгээр оффисын барилгууд маань анх баригдахдаа яг банкны оффисын зориулалтын барилга биш байсан зэрэг нь үйл ажиллагаанд хүндрэл учруулж эхэлсэн. Мөн бизнес өргөжихийн хэрээр ажилтнууд маань нэмэгдсээр байсан тул банкны оффисын стандартыг хангасан, нэг төвлөрсөн оффист байрлах зайлшгүй шаардлага гарч ирсэн юм. Иймд ХААН Банкны шинэ төв оффисын төсөл яригдаж эхэлсэн бөгөөд олон талын судалгааны ажил хийсний дараа буюу 2015 онд “ХААН Банк Цамхаг” шинэ төв оффисын төслийн ажил маань эхэлж “Хурд Групп” ХХК-тай хамтарч ажиллахаар болсон юм. Тухайн үед барилгын маань металл карказын ажил хийгдчихсэн байсан л даа.

-“ХААН банк товер” барилга ХААН банкны мэдлийн барилга уу? Миний ажигласнаар “Хурд групп” энэ барилгад үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ?
-Энэ барилгын 54 хувь нь ХААН Банкны эзэмшилд, 46 хувь нь “Хурд Групп” ХХК-ийн эзэмшилд байдаг, хоёр эзэмшигчтэй барилга юм.

-Та барилгаа танилцуулахгүй юу? Энэ төсөл юугаараа онцлог вэ?

-“ХААН Банк Тауэр” оффисын барилга нь 42,236 мКв талбайтай, зоорийн 2 давхар, дээш 24 давхар, LOW-E хуулга бүхий гурван давхар шилэн фасадтай, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, нийт 112 метрийн өндөртэй барилга. Гадна ландшафтын хувьд бид аль болох уламжлалт загварыг эвдэхийг хүссэн бөгөөд өвөрмөц шинэлэг дизайнаас гадна 28 төрлөөр бүжиглэдэг усан оргилуур, жижиг сакура төгөл гэх мэтээр 7000 орчим мКв талбайг тохижуулан хийсэн. Барилгын дотор зохион байгуулалтын хувьд эхний 3 давхар нь банкны тооцооны төв, зээлийн төв, VIP үйлчилгээ гэх мэт харилцагчидад үйлчилдэг нэгжүүд байрладаг. Мөн 5 давхартаа манайх ажилчнууддаа зориулсан цайны газартай бөгөөд зундаа гадна террас дээрээ гарч хооллох, салхилах орчныг шийдэж өгсөн. Ерөнхийдөө 11-20 давхарт нь ХААН Банкны төв оффис байрлаж байгаа бөгөөд дээр нь нэмээд 24 буюу хамгийн дээд давхар нь ХААН Банкны эзэмшилд байдаг. Бусад давхруудад “Хурд Групп” ХХК, “Таван Богд Групп” зэрэг бусад байгууллагуудын төв оффис байрлан үйл ажиллагаа явуулдаг.
Манай барилгын бусад оффисын барилгаас ялгарах хамгийн гол онцлогийн нэг бол Барилгын Менежментийн Систем /Building Management System/-ийг Монголд бүрэн нэвтрүүлсэн анхны барилга юм. Энэ систем нь барилгын бүхий л дэд бүтэц /халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, цахилгаан, гэрэлтүүлэг, мэдрэгчүүд/-ийг бүрэн хянаж удирддаг нэгдсэн хяналт удирдлагын систем юм. Жишээлбэл, Оффисын орчинд олон улсын стандартын дагуу зундаа +220С -ийн температуртай, 40-45%-ийн чийгшилтэй агаараар цагт 10-15 удаа сэлгэх тохиргоог Барилгын Менежментийн Системийн хяналтын өрөөнөөс тохируулж хянана.
Мөн манай 3-р давхарт “ХААН Галерей” байдаг юм. ХААН Банкны зүгээс сүүлийн 10 гаран жил соёл урлагийг, түүн дотроос дүрслэх урлагийг түлхүү дэмжиж ажилласаар ирсэн бөгөөд манай зүгээс уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах уран бүтээлчдээс талбайн түрээс авдаггүй болохоор зураач уран бүтээлчид манай галерейд үзэсгэлэнгээ гаргах дуртай байдаг. Тийм ч учраас ХААН Галерей маань байнгын хуваарьтай, 14 хоног тутам шинэ үзэсгэлэнгийн нээлт болж байдаг. Одоогоор 2018 оны тавдугаар сар хүртэлх төлөвлөгөө гарчихсан байгаа.

thumbnail(1)-“ХААН Банк Тауэр” оффисын барилга өндрөөрөө Монголдоо хэддүгээр байрт орох вэ?

-Барилга маань 112 метр өндөртэй. Тэгэхээр Шангрилла-гийн “Phase 2”-ын дараа 2-т орох байх.

-Барилгын ажил эхэлсэн хойно ХААН Банк хамтарч ажиллахаар болсон гэхээр зурагт өөрчлөлт орсон байх нь ээ?

-Анх олон улсын “В” зэрэглэлийн оффисын барилгыг 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах ерөнхий төлөвлөгөөтэй байсан. Мэдээж банкны стандарт шаардлага өндөр байдаг учраас бид Ерөнхий архитектурын зурагт том өөрчлөлт оруулалгүйгээр зохих өөрчлөлтүүдийг хийгээд олон улсын барилгын “А” зэрэглэлийг хангах шаардлагатай болсон. Харин интерьерийн зураг төсөл, инженерийн дэд бүтцийн шийдэл гээд бүгдийг өөрчилж шинээр хийснээр ерөнхий төлөвлөгөө хойшлохоос аргагүй болсон юм. Мөн Монголд өмнө нь огт ашиглагдаж байгаагүй дотор заслын шинэ материалуудын судалгаа, тэдгээрийн худалдан авалт, тээвэрлэлтийн хугацаа, барилгын менежментийн болон бусад системийн уялдааг хангах, жигдрүүлэлт гээд хугацаа их шаардсан. Дотор заслын ажлын зураг, материалын sample хоёроо чемоданд хийгээд Бээжин, Гуанжоу, Хонг Конгийн барилгын материалын үйлдвэр, захуудаар их ч явсан даа. (инээв) Шинэ хуваарийн дагуу төсөл маань хоёр жил хагас хугацаанд үргэлжилж, 2017 оны долдугаар сарын 07-нд улсын комисс ажиллаж амжилттай хүлээж авсан юм.

-Зураг төслийн зохиогчоор ямар байгууллага ажилласан бэ?

-Архитектор нь Хятад талаасаа “Бээжин Жианлей” групп ажилласан бол Монгол талаас “Интелект Тауэр” ХХК ажилласан. Инженерийн шугам сүлжээний хувьд гадаад талаас Хонг Конгийн “WEC” компани, Монгол талаас “Бюлдингс Техноложи” компаниуд хамтран ажилласан. Интерьер дотор заслын зураг төсөл, гадна ландшафтын зураг төслийг Хонг Конгод төвтэй “AEDAS Interiors” компани хийж гүйцэтгэсэн.

-Гадны компаниудыг сонгох болсон шалтгаан нь юу байв?

-Өмнө дурьдсан шиг Банкны оффис нь өөрөө мэдээллийн болон биет аюулгүй байдал, мөн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан бусад оффисын барилгаас илүү өндөр стандарт шаарддаг. Тийм учраас бид банкны төв оффисын зураг төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, олон улсын стандартад нийцэхүйц зураг төслийг гүйцэтгэх чадвар зэргийг харгалзан судалж үзэхэд Хонг Конгийн “AEDAS Interiors” компани нь Хятад, Хонг Конг, Сингапур, Солонгос, Филиппин гээд Азийн ихэнх оронд байдаг томоохон банкны оффисын зураг төслийг хийсэн туршлагатай байсан. Банкны соёл гэдэг нь бусад байгууллагын соёлоос өөр байдаг учраас энэ соёлыг хамгийн илүү ойлгож ажиллах чадвартай гэдэг утгаар нь “AEDAS Interiors” компанитай хамтарч ажиллахаар болсон юм. “AEDAS Inte¬riors” нь интерьер, архитектурын зураг төслөөр дэлхийн ТОП 10-т ордог томоохон компани.

-“Тахиа жилийн шилдгийн шилдэг барилга”-аар шалгарсан “ХААН Банк Тауэр”-ын барилгын онцлог нь?

-Барилгын Менежментийн Системээс гадна ХААН Банк Тауэр нь олон улсын барилгын стандартын “А” зэрэглэлийг хангасан Монголын анхны барилга болсон. Энэ стандарт нь хотын төвийн “А” зэрэглэлийн гэгдэх байршлаараа давуу тал үүсгэсэн барилгуудаас ялгаатай. Интерьерийн шийдэл, гадна тохижилтоос эхлээд нэг ажилтанд оногдох оффисын талбай, ажиллахад таатай эрүүл орчин, автомашины зогсоолын хүрэлцээ, дэд бүтцийн системүүдийн шийдэл, ашиглалтын үеийн менежмент гэх мэт олон шалгууруудад үндэслэж зэрэглэлийг тогтоодог. Жишээлбэл, Барилга маань дотроо 669 машины дулаан зогсоолтой Авто зогсоол болон үйлчилгээний барилгатай гуравдугаар давхраараа гүүрээр холбоотой бөгөөд мөн гадна талбайдаа 300 орчим авто машины зогсоолтой учраас маш том давуу талтай.

-Монголд шинээр ямар технологи нэвтрүүлсэн бэ?

-Дээр дурьдсанчлан Барилгын Менежментийн Систем, перимитрийн дагуу шалны конвектор халаалтын систем, хурлын өрөөний захиалгын систем, хурал уулзалтын өрөөнд нүүрстөрөгч хүчилтөрөгчийн балансын мэдрэгч, ус чийгшил мэдрэгч, цонхны мэдрэгч гэх мэт олон системүүдийг нэрлэж болно. Жишээлбэл, Та бид хоёрын уулзаж байгаа энэ уулзалтын өрөөний температурийг +220С дээр тохируулсан байлаа гэж бодьё. Шилэн фасадтай барилга учраас нарны тусгалаас шалтгаалан өрөөний температур нэмэгдлээ гэхэд хөргөлт нь автоматаар ажиллаад тохируулсан температурыг барьж ажиллана. Халаалтын хувьд мөн адил системээр ажиллана. Үүнээс гадна ус алдах эрсдэлээс сэрэмжлэх зорилгоор боломжит бүхий л цэгүүдэд мэдрэгчүүд суурилуулснаар ус алдсан тохиолдолд хаана ус алдаж байгааг хурдан шуурхай тогтоож холбогдох арга хэмжээг авах боломжтой. Мөн зуны цагт хүмүүс цонхоо онгойлчихоод хөргөлтөө ажиллуулаад, өвлийн цагт мөн адил цонхоо онгойлчихоод халаалтаа асаачихаад суугаад байдаг нь дэд бүтцийн системүүдийн ашигтай ажиллагааг доголдуулж үр ашиггүй зардал их гаргадаг. Энэ асуудлыг шийдэхээс гадна хүчтэй салхи шуурга гэх мэт байгалийн аливаа гамшиг эрсдэлээс сэрэмжлэхийн тулд цонхнууддаа мэдрэгчүүд суулгаж өгсөн байгаа.
Цөөн үгээр УХААЛАГ БАРИЛГА юм.

-ХААН Банк цаашид ямар том төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна?

-ХААН Банкны хувьд харилцагчийн үйлчилгээгээ илүү сайжруулахаар бүхий л чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг бол “Нэгжийн шинэ стандарт” хэмээх төсөл бөгөөд энэ төслийн хүрээнд ХААН банкны бүхий л салбар нэгж, тооцооны төвүүд цоо шинэ өнгө төрхтэй болох юм. Ингэснээр харилцагчид маань илүү тав тухтай орчинд үйлчилгээ авах боломжтой болно.

-Барилгын салбарын бүтээн байгуулагч нарт чиглэсэн ямар ажлууд хийх вэ?

-Манай банк орон даяар 540 орчим салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр салбар нэгжүүдийн бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, мөн харилцагчдад тав тухтай орчинг бүрдүүлж өгөхтэй холбоотой урсгал болон жижиг засварын ажлууд байнга хийгддэгээс гадна бизнес өргөжихийн хэрээр шинэ салбар нээгдэх бүрт шинэ барилга бариулах зэргээр барилгын компаниудтай байнгын хамтран ажиллах шаардлага гардаг. Энэ хүрээнд бид жил болгон нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 10-аад компани сонгон бүтэн жилийн турш хамтарч ажилладаг уламжлалтай. Энэ уламжлал маань цаашид ч үргэлжлээд явна. “ХААН Банк Цамхаг” төслийн хувьд бид барилгын томоохон компани болох “Хурд Групп” ХХК-тай хамтран ажилласан. “Хурд Групп” ХХК-аас гадна бид дотоодын 100 орчим туслан гүйцэтгэгч компанитай гэрээлж ажилласан бөгөөд барилгын ид ажлын үед тогтмол 700-750 хүн ажиллаж байсан. Манай барилгад Монголд анх удаа нэвтрүүлж буй шинэлэг технологи, дотор заслын материалууд олноор ашиглагдсан бөгөөд зарим тохиолдолд туслан гүйцэтгэгч компаниудын мэдэхгүй зүйл их гарч байсан. Тэр бүрт туслан гүйцэтгэгчээс инженерүүдийг нь гадагш үйлдвэр рүү нь явуулж сургах, гадны мэргэжилтнүүдийг урьж авчираад монгол ажилтнуудтай хамт ажиллуулаад арга технологийг нь заалгах зэргээр дотоодын ажилтнуудаа хөгжүүлж ажилласан.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.