Х.БАДЕЛХАН: ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН ҮНЭР БАГАССАН

2018 оны 05 сарын 17, 16:13
IMG_9567Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвд ч үнэртэх боллоо. Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүй болгох, шинэ цэвэрлэх байгууламж барих ажил юу болж байна вэ?

-Төв цэвэрлэх байгууламжаас гадна арьс, шир, өлөнгийн үйлдвэрийн үнэр ч бас үнэртээд байгаа юм. Тэр үнэрийн 80 хувь нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр, 20 хувь нь тэр орчим байгаа арьс шир, өлөнгийн үйлдвэрийн үнэр юм. Засгийн газрын хуралдаанаас Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажлыг надад даалгасан. Харин тэр үйлдвэрүүдийн үнэрийг дэс дараатайгаар арилгах, технологийн дагуу бохироо Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх ёстой. Гэвч сүүлийн үед энэ журам алдагдаж, мөрдөгдөөгүй. Тиймээс Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 10-н хүртэл арьс шир, өлөнгийн үйлдвэрүүдийг бэлтгэлээ хангаж, шаардлага хангасан лагийг Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангах, тоног төхөөрөмжөө шинэчлэх үүрэг чиглэл өгөөд явж байна. Хэрэв заасан хугацаанд шаардлага хангахгүй бол үйл ажиллагааг нь шууд зогсоох шийдвэртэй байгаа. Төв цэвэрлэх байгууламж нь өөрөө ахуйн бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй болохоос үйлдвэрээс гарсан химийн хаягдлыг цэвэрлэх ёсгүй. Энэ журам олон жил алдагдсан учраас өнөөдөр ийм байдалтай байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийн үнэр арилгах чиглэлээр дөрөвдүгээр сараас зохион байгуулалттай ажлаа эхлүүлсэн. 50-60 жил хуримтлагдсан лаг буюу ойролцоогоор 900 мянган тонн лагийг арилгахын тулд Япон улсын технологи болох лагийг бактерид идүүлж, бордоо, хар шороо болгох технологийг ашиглахаар болсон. Энэ нь ямар үнэргүй болгодог. Япон улстай гэрээ, хэлэлцээрээ хийж, тавдугаар сарын 22-оос тус улсын компани Монголд ирж, 50-60 жил хуримтлагдсан лагийг хар шороо болгох ажлаа эхлүүлнэ. Энэ бол олон жил хадгалагдсан лагийн талаар авч байгаа арга хэмжээ. Түүнээс гадна шингэн лаг бий. Тэр лагийг бордоогоор хучих арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ бордоог дотоодын компаниуд үйлдвэрлэдэг учраас гэрээ байгуулж, дөрөвдүгээр сараас ажлаа хийгээд эхэлсэн. Өдөр бүр гарч байгаа 1000 метр куб лагийг өглөө, оройд гаргаж байгаа. Энэ үед илүү их үнэр гарч байж магадгүй. Энэ үнэрийг арилгахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өтгөн, шингэнийг ялгах аппарат, хэт авианы буюу халдваргүйжүүлэх төхөөрөмжийг тус тус байрлуулаад байгаа. Энэ төхөөрөмжүүд нь үнэрийг шууд арилгахгүй ч багасгана. Германы технологиуд суурилуулж байгаа учраас энэ сард багтаан Германы инженер ирж, ашиглалтад оруулж өгөх ёстой. Ер нь энэ үнэр төгс арилах хугацаа нь шинэ Цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад орсны дараа арилна.

-Сүүлийн хэд хоног үнэр нь бүр нэмэгдэж, хотын төвд ч үнэртээд байгаа нь юутай холбоотой юм бол?

Ер нь бол үнэрийн хэмжээ багасч байгаа. Төв цэвэрлэх байгууламжид өглөө, өдөр, орой бүр хяналт хийж, үнэрийг хэмжиж байгаа. Гэхдээ төслийн хүрээнд олон жил болсон, хуучирсан зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажил хийгдэж байгаа. Тэр үеэр үнэр илүү их гарах, нэмэгдэх тал бий. Гэхдээ тоног, төхөөрөмжийг зайлшгүй солих шаардлагатай байгаа юм.
-2016 оны АСЕСМ-ын өмнө Цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарж байсан гэдэг. Тэр арга хэмжээг авч хэрэгжүүлж болохгүй юу?
-АСЕМ-ын үеэр гадаадын төлөөлөгчид ирэх үеэр үнэргүй болгох ажлын хэсэг гарч, эрчимтэй ажилласан. Тухайн үед хуримтлагдсан лагийг гумын бордоогоор хучиж, гарч байгаа шингэнийг АСЕМ болсон өдрүүдэд шахахгүйгээр зогсоож, түр арга хэмжээ авч байсан байгаа юм. Гэхдээ бид шингэн лагийг гумын бордоогоор хучих ажил одоо ч хийгдэж байгаа. Энэ бол арга ядсан л арга.

-Нийслэлчүүд 100 хувь үнэргүй болохын тулд шинэ цэвэрлэх байгууламжаа барих ёстой юм байна. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатандаа явж байна вэ?
Ерөнхий сайд БНХАУ-д ажиллах үеэрээ санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Хятадын талаас Шинэ цэвэрлэх байгууламжийг барих сонгох шалгаруулалтад оролцох компаниудын нэрсээ манайд ирүүлж, бид сонгон шалгаруулах ёстой. Манай улсын захиалгаар Франц улсаар хийлгэсэн ТЭЗҮ-г Хятадын тал судалж байгаагаа илэрхийлсэн. Барина, хийнэ, харин судалж байна гэсэн хариугаа өгсөн. БНХАУ-ын их хурал нь болж дээрээс доод шат хүртэл бүх шатны бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас бага зэрэг саатаж байгаа болов уу гэсэн бодолтой байна.

-Энэ жилд нийт ажлын хэдэн хувийг хийх боломжтой вэ?

БНХАУ-ын талаас шинэ цэвэрлэх байгууламж барих компанийн нэрсээ өгвөл бид сонгон шалгаруулах бүх зүйлээ бэлтгэсэн байгаа. Манай талаас бүх зүйл бэлэн гэсэн үг. Сонгон шалгаруулалт хийхдээ бид Мянганы сорилтын сангаас зөвлөгөө авсан. Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын өртөг бүхий Монгол Улсын цэвэр усны нөөцийг хангах том төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төслийн хүрээнд шинээр баригдах Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усыг дахин ашиглахаар болж байгаа. Тиймээс тэднээс зөвлөгөө авч, сонгон шалгаруулалтын тендерийн бичиг баримтыг англи, Монгол хэл дээр бэлтгэсэн байгаа.

-Ерөнхий сайдын зүгээс танд үүрэг өгч, хариуцлага нэхнэ гэж хэлсэн. Тиймээс олон нийтийн зүгээс ч үнэр гараа эхлэхээр таниас л хариуцлага нэхээд байх шиг байна л даа. Олон нийтийн зүгээс яг хэзээ үнэргүй болоод цэвэрлэх байгууламж нь ашиглалтад орох вэ гэдэг л хүлээлт байх шиг байна?
Надаас хариуцлага нэхнэ. Ерөнхий сайд надад хариуцлага хүлээлгэсэн, бид чадах чинээгээрээ хийж байна. Гэхдээ 50-60 жил хуримтлагдсан лагийг нэг, хоёр сарын дотор шийдчих асуудал биш, зохих хэмжээний хугацаа, хөрөнгө шаардана. Одоо бас зохих хэмжээгээр үнэр буурч байна. Үнэр дарж, Харгиа цэвэрлэх байгууламжийг шийдэх, бохир гаргаж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг цэгцлэх, шинэ цэвэрлэх байгууламжаа барих гэх мэт цогц арга хэмжээ авах ёстой. Саяхан манай цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийсэн ОХУ-ын институтын захирал сая Монголд ирээд явсан. Тэр хүн цэвэрлэх байгууламжтай танилцахдаа “ОХУ-д аж ахуй нэгж, үйлдвэрүүд бохир нийлүүлэхээр бол тусгай зөвшөөрөл авдаг. Стандарт, технологийн шаардлага хангасан бохир нийлүүлнэ гэж зөвшөөрөл авч, нийлүүлдэг” гэж хэлж байсан. Гэтэл манайд хэн дуртай нь бохироо хийж, технологийн дэг журам, сахилга алдагдсан.

-Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг юунд зарцуулж байна вэ?

2018 оны төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Энэ хүрээнд л ажлуудаа хийж байгаа. Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа компаниудтай гүйцэтгэлээр мөнгийг нь олгоно гэж гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэл дууссаны дараа санхүүжилт олгоно. Одоогоор ямар нэг мөнгө гаргаагүй байна.

-Ипотекийн зээл олгогдохгүй, арилжааны банкууд зөвхөн гэрээтэй барилгын компанийн орон сууц санал болгож байна гэх шүүмжлэл их байна?

Ипотекийн зээл 2008 оноос хойш 10 жил хэрэгжиж байгаа. Өнгөрсөн арван жилийн хугацаанд банкны эх үүсвэр, ипотекийн зээлийн эргэн төлөлт болон улсын төсвөөс санхүүжүүлснийг тооцоход 5,8 их наяд төгрөгөөр 130 мянган айл ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болсон. Бодит байдал дээр урьдчилгаа төлөх чадвартай зээлдэгч ховордож байгаа гэдэг мэдээлэл ирээд буй. 2018 онд ипотекийн зээлд улсаас 120 тэрбум төгрөг, банкны эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөг, ипотекийн эргэн төлөлтөөр 220 тэрбум, банкууд өөрсдөө мөнгө гаргахад 10 мянга гаруй айлыг орон сууцтай болгоно гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн онд 10400 айл өрх, ипотекийн зээлд хамрагдаж байсан. Өмнө нь Засгийн газар бонд гаргаж, арилжааны банкинд байсан мөнгийг татах замаар олгож байсан бол 2017 оноос эхлэн Засгийн газар бонд гаргахаа больсон. Тэгэхээр арилжааны банкууд мөнгө байгаа учраас ипотекийн зээлд гаргах боломжтой.

-Засгийн газраас зээлийн хүү, урьдчилгааг тодорхой хувиар буулгана гэж байсан. Энэ асуудал юу болов?

Сангийн яам, манай яамнаас хамтран ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг тодорхой хэмжээгээр бууруулах ажлын хэсэг байгуулж, шинэ журам боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэсэн ч дэмжигдээгүй. Дэмжигдээгүй шалтгаан нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд төсвийн мөнгөний орлого, зарлага хянагдсан байх ёстой учраас шинэ журам хэрэгжих боломжгүй гэж үзсэн. Одоо бид ипотекийн зээлийн өөр хувилбарыг судлах ажлын хэсэг ажиллаж байна.

-Арилжааны банкууд зөвхөн харилцагч барилгын компаниудаас авсан тохиолдолд ипотекийн зээл олгож байгаа нь хэр зохимжтой юм бэ?

Монголбанкнаас арилжааны банкуудад ипотекийн зээлийн мөнгийг хэрхэн хуваарилж байгаа талаар судалж үзсэн. Ипотекийн зээлийн мөнгөний эргэн төлөлт хэр сайн байна тэр хэрээр нь санхүүжилт олгож байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, аль банк эргэн төлөлт сайтай байна тэр банк илүү санхүүжилт авч байгаа юм. Энэ бол шударга зарчим. Гэхдээ зарим банк өөрсдийн ашгаа бодоод арилжааны зээл олгоод олон жил сараар иргэдийг хүндрүүлж байгаа үзэгдэл ажиглагдаж байгаа юм. Энэ бол буруу.