“Барилгын ажлын технологийн зааварчилгаа” цуврал ном хоёр дахь удаагаа хэвлэгдлээ

2018 оны 06 сарын 19, 12:36
35516123_1614167088712332_2034052642589638656_nМонголын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци үүсэн байгуулагдсаныхаа 5 жилийн ойг тохиолдуулан “Барилгын ажлын технологийн зааварчилгаа” цуврал номоо нэмэн засварлан хоёр дахь удаагаа хэвлэн мэргэжил нэгт нөхөддөө өргөн барьж байна.

Улс орны хөгжлийн нүүр царайг илтгэх барилга байгууламжийг бат бэх, өндөр чанартай барьж гүйцэтгэхэд мэргэжлийн байгууллагуудын инженерийн албадад гарын авлага болгох үүднээс ийнхүү “Барилгын ажлын технологийн зааварчилгаа” цуврал номоо нэмэн засварласан хэвлэсэн байна.

Энэхүү зааварчилгаа нь “Газар шороо, суурийн ажил”, “Үндсэн бүтээцийн угсралтын ажил”, “Заслалын ажил”, “Инженерийн шугам сүлжээний ажил” гэсэн дөрвөн цувралаас бүрдэх бөгөөд Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандартад нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх замаар барилга угсралтын ажилд чанарын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой, ҮББК-ийн бүрэлдхүүний олон инженерүүдийн хамтран эмхэтгэсэн бүтээл юм.

Барилгын ажлын технологийн зааварчилгаанд:
• Технологийн дараалал
• Технологийн шаардлага
• Гүйцэтгэлийн аргачлал
• Хэмжин шалгах аргачлал
• Анхан шатны акт, баримт бичгийн бүрдэл
• ХАБЭА-н удирдлага, зааварчилгаа зэргийг тусгасан болно.

ҮББК-ийн бүрэлдхүүний инженерүүдийн мэдлэг, туршлагаар баяжуулан эмхэтгэсэн энэхүү зааварчилгааг барилгын өндөр мэргэжлийн ажилчид, их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангийн оюутнууд, залуу инженерүүдийн сайн зөвлөгч, туслагч болгохыг зорилоо.

Түүнчлэн, барилгын салбарын мэргэжилтнүүдээс гадна барилга байгууламж барихаар сонирхож буй албан байгууллага, хувь хүн ашиглахад хялбар, ойлгомжтой байх шаардлагатайг бодолцон орчин цагт хамгийн түгээмэл баригддаг орон сууц, олон нийтийн барилгын ажилбаруудыг сонгон авлаа.

“Барилгын ажлын технологийн зааварчилгаа” цуврал ном нь эрхэм “барилгачин” танд түгээмэл баригдаж буй барилгуудын үе шатны ажлыг технологийн дагуу гүйцэтгэх болон техникийн бичиг баримт бүрдүүлэхэд тань ширээний ном, суурь гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.

Цаашид бид барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах, буулгах ажлаар технологийн зааварчилгааг тусгайлан эмхэтгэн гаргах ба барилгын үйлдвэрлэлийн удирдлагын арга барилыг дэлхийн нийтлэг жишигт хүргэх арга зүйн номыг боловсруулан та бүхэнд өргөн барих болно.

ХАМТДАА ХӨГЖЬЕ