"ХАМТДАА ХӨГЖЬЕ" СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА

2018 оны 09 сарын 06, 11:36
1536201512Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ойг нийт барилгачиддаа “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн редакцийн зүгээс дэвшүүлж байна. 
Манай сэтгүүл барилгын салбарын бүхий л шатны үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэх шинэлэг санаа, орчин үеийн техник технологи, дэлхий нийтийн ололт амжилт, бүтээн байгуулалтын эрчмийг сурталчилж, инженерийн боловсролыг дэмжихэд нийтлэлийн бодлогоо чиглүүлэн ажилладаг билээ. Эл бодлогынхоо хүрээнд салбарын хөгжлийг манлайлж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийн ололт амжилтыг сурталчилдаг уламжлалтай.
Тиймээс энэ удаагийн дугаартаа Монгол Улсын барилгын салбарын тэргүүлэгч нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг онцоллоо. Энэ жил тус корпораци үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд бидний бэлтгэсэн багц мэдээллээс корпорацийн амжилт бүтээлийн түүхээр аялах боломжийг олгож байна. Түүнчлэн залуу инженерийн нэг өдрийн ажилтай танилцаж, барилгын байгууллагуудын дурсамж сэргээх
зургийн цомгоор аялаарай.
Ийнхүү их бүтээн байгуулалтын салбарынхан амжилт бүтээлээрээ бахархан баяраа тэмдэглэж байгаа цаг дор эрхэм танд хүрч байгаа “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны оюуны хэрэгцээг хангасан, мэдлэг чадвараа улам өргөжүүлэхэд зориулагдсан мэдээллийг
хүргэж чадна гэдэгт бид итгэж байна.
Эрхэм уншигч та манай сэтгүүлийн болоод нийтлэлийн талаарх санал хүсэлт, шүүмж болоод мэдлэгээ тэлэхийг хүссэн, асуудал хөндөхийг зорьсон аливаа сэдвээ сэтгүүлийн редакцад доорх хаягаар илгээж байна уу. Бид та бүхний санал шүүмж, зөвлөмжийг талархан хүлээж авах болно.

“ХАМТДАА ХӨГЖЬЕ” СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ