Дотоодын цементийн зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэх нь

2021 оны 05 сарын 27, 08:59
1622077343

Монгол орон даяар бүтээн байгуулалт урин цагийн өнгөн дээр эхэлж байна. Энэ үеийг ашиглан зам, барилгын ажлууд идэвхжиж, эдийн засаг эрчимждэг. Улирлын чанартай ажлын байрууд олноор бий болж, хөдөө, хотгүй бүтээн байгуулалтын шинэ хэмнэлд шилждэг.


Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим төсөл, хөтөлбөр түр саатахыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хийгдэх ёстой байсан зарим бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх нь лавтай. Тэгэхээр хүлээгдэж буй төр, хувийн хэвшлийн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн үг. Эдгээр бүтээн байгуулалтын гол түүхий эд нь цемент.

Цементийн зах зээлд үндэсний шинэ тоглогчид төрөн гарч ирж буй. Тэдний үйлдвэрлэл импортыг орлож, экспортын зах зээлийг онилсон. Гэвч үйлдвэрлэгчдэд эрсдэл, сорилт тулгарсан хэвээр байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар цементийн томоохон үйлдвэр энэ онд ашиглалтад орохоор хүлээгдэж байна.

Энэ үйлдвэрийг өмнөд хөршийн цементийн 10 гаруй үйлдвэрийн нэгдэл хамтран байгуулж байгаа юм. Уг үйлдвэр жилд 1-2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд халгаатай өрсөлдөгч болох нь. Тэд хүчин чадлаа дээрх хэмжээгээр тогтохгүй өсгөх зорилго тээжээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд маш муу мэдээ болж байна.

Үндэсний үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх тус үйлдвэр нь орчин үеийн технологи болох хуурай аргаар жилд хамгийн багадаа нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэр энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар зэхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор Засгийн газраас цементийн гаалийн албан татварын хэмжээг 20 хүртэл хувиар тогтоосон.

Үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа дээрх цементийн үйлдвэрийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон байгаа нь хамгийн том давуу тал болж байна. Энэ хэрээр үйлдвэрлэлийн өртөг зардал хямд, зах зээлд хамгийн бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтойг Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баатар хэллээ.

Манай улсын хувьд цементийн хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд эрчимжих үед хамгийн багадаа 3.5 сая тоннд хүрэхээр байна. Одоогийн байдлаар жилд ойролцоогоор нийт 1.9 сая тонн цемент дотоодын зах зээлд хэрэглэж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн юм.

“Импортын цементийг хязгаарлах оролдлогыг төрөөс авч хэрэгжүүлж байгаа ч Замын- Үүдийн боомтоор орж ирэх цементийн хэмжээ буурахгүй байна” хэмээн Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж хэлсэн. Тэрбээр “Манайх цементийн дотоодын хэрэгцээгээ энэ жилээс 100 хувь хангахаар байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлж, томоохон үйлдвэрүүд ашиглалтад хэдийнэ орчихсон.

Тэгэхээр импортын цементэд “баяртай” гээд хэлчихэж болно. Гэхдээ импортын цемент үнийн хувьд дотоодын цементээс арай хямд байгаа нь өрсөлдөх давуу тал болж байна. Хуулийн цоорхойг ашиглаж, ченжүүд Эрээнээс цемент оруулж ирээд байна” гэсэн юм.

Дээр дурдсан, Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа цементийн үйлдвэр одоогоор дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээгүй байна. Үйлдвэр технологиудаа суурилуулж эхэлсэн бөгөөд энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хэвийн горимд шилжих аж.

Манай улсын хувьд үндэсний хөрөнгө оруулалтаар дотоодын үйлдвэрүүд ашиглалтад орсноор нэг хүнд 1.5 тонн цемент ногдож байна. Өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрүүд сэргэснээр цементийн үнэ дунджаар 12 хувиар буураад буй. Цаашдаа дотоодод үйлдвэрлэж байгаа цементийн үнэ улам хямдрах боломжтой аж.

О.Лхагвадорж “Манай улсад үйлдвэрлэж байгаа цемент олон улсын стандартад бүрэн нийцсэн. Үйлдвэрлэлийн илүүдэл үүслээ гэж үзэхэд ОХУ-ын манайхтай хил залгаа бүс нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой” хэмээн тодотгов. Хятадын хөрөнгө оруулалттай, ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа дээрх үйлдвэр 100 хувь хүчин чадлаа ашиглахгүй юм байна. Хүчин чадлынхаа 50 хувийг эхний жилүүдэд ашиглахаар тооцоод байгааг дуулгая.

Дотоодын цементийн зах зээл орон сууц, дэд бүтцийн томоохон төслүүдэд тулгуурлаж байгаа. Хэрэв богино болон дунд хугацаанд хүлээгдэж байгаа эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд урагшилж, эрчимжих үед цементийн хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм. Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Орон сууцны зах зээлд цементийн үйлдвэрлэлд тулгуурлан цаашид явахад улам хүндрэлтэй болж байна. Харин төмөр зам, уул уурхайн том төслүүддээ түшиглэх нь илүү ирээдүйтэй алхам” гэж тэмдэглэв.

Барилгын материалын үйлдвэрлэлийн гол түүхий эд нь цемент, арматур байдаг. Дэлхийн улс орнууд хөгжлийн гол түүхий эд болсон уг бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэхээр зорьж ирсэн. Гэтэл дотоодынхоо зах зээлд хөлөө олох гэж буй цементийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх гадаадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр зэрэгцэн ашиглалтад орж байна.

Монголын цементийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баатар “Дотоодын үйлдвэрүүд үнийн хувьд цаашид илүү уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Энэ асуудалд мэдрэмжтэй хандах шаардлага үүсэж байна” хэмээн нэмж хэлсэн юм.

Үйлдвэрлэгчид олшрох тусам зах зээлийн жамаар нийлүүлэлт нэмэгдэж, үнэ хямдрах боломж нэг талаар бүрдээд буй. Одоогийн байдлаар хамгийн том үйлдвэрлэлийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр явуулж байна. Тус үйлдвэртэй эн зэрэгцэхгүй ч дараа нь эрэмбэлэгдэх “МАК”- ийн цементийн үйлдвэр энэ онд ашиглалтад орохоор байгаа.

Мөн “Монполимет” компанийн цементийн үйлдвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Хөгжлийн суурийг тодорхойлдог цементийн үйлдвэрлэл дотоодод хөгжих хэрээр гадагш урсгадаг байсан валютын урсгал зогсоно. Ажлын байр хадгалагдана. Тоймлон хэлбэл, энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсэх нь.


Эх үүсвэр: Gogo.mn Б.Баяртогтох