БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

2021 оны 08 сарын 26, 14:05
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар барилга, хот байгуулалтын салбар болоод Нийслэлийн асуудлыг уялдуулах, нэгдсэн ойлголтод хүрэхээр уулзалт хийлээ. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Нийслэлд хэрэгжих болон хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлж оролцохоо илэрхийлсэн. Уг асуудалд Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч Хууль эрх зүй, техникийн шийдэл, Гэр хороолол дэд төв, дэд бүтэц болон Бонд босгох зэрэг үндсэн дөрвөн ажлын хэсэг байгуулж, мөн Газрын асуудлыг шийдвэрлэх дэд ажлын хэсэг байгуулав.

Нийслэлийн хот төлөвлөлт судалгааны институдээс Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний явцыг БХБЯ-нд танилцуулахаар болсон юм. Уулзалтаар НЗДТГ болон БХБЯ хамтран нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд нэгдсэн нэг ойлголтод хүрч, хамтран уялдаатай ажиллахаар боллоо.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БХБЯ-ны харъяа газрын удирдлагууд, нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцов.

Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам