БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР САЛБАРЫНХАА ХУВИЙН ХЭВШИЛ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2021 оны 09 сарын 03, 09:00
Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) ТББ хамтран "Барилгын салбарын төр, хувийн хэвшлийн түншлэл” өглөөний ажил хэрэгч уулзалт өнөөдөр 08.00 цагт (2021.09.02) боллоо.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар оролцож, УИХ, Засгийн газраас тус салбарт дэвшүүлж буй бодлого, зорилтууд, түүний хэрэгжилтийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, цар тахлын хүнд нөхцөлд барилга, бүтээн байгуулалтыг хэрхэн дэмжих, юунд анхаарч байгаа талаараа танилцуулсан.

Барилгын компаниуд, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл цахимаар 100 гаруй хүн оролцсон уулзалтаар оролцогчид тулгамдсан асуудлаа шийдэх, гарц хайх, бүтээлч санаачилга, оновчтой шийдлүүдээ хэлэлцэж байна.

Тухайлбал, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, үндэслэлийг хянаж зохицуулах, цар тахлын үед хэрхэн ажиллах, хохирол багатай даван туулах хуулийн төсөл боловсруулах, ажлын байрыг хадгалах асуудалд санал солилцов.

Мөн барилгын арматур үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөөсөнцрийн түүхий эдийн импортод учирч байгаа саад бэрхшээлийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэх, барилгын салбарын ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай ч зарим төлөөлөл илэрхийлсэн юм.

Ийнхүү Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уулзалтын үр дүнд барилгын салбарынхан харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тогтлоо.

240733301_2975487349369972_4998320385468912100_n240829732_2975487736036600_9149449613542955178_n