Гамшгаас хамгаалах сургалт зохиогдлоо

2014 оны 03 сарын 24, 14:56
IMG_6938Барилгын салбарт Хөдөлмөр, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй /ХАБЭА/-н шаардлагыг дээд зэргээр хангаж ажиллах учиртайг шил шилээ даган гарах болсон ослууд сануулж байгаа билээ. Энэ дагуу Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн зүгээс урин дулаан цаг ирж, барилгын ажил эрчимжиж байгааг тохиолдуулан ХАБЭА-н шаардлагатай сургалтуудыг нийт ажиллагсдынхаа дунд зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Улаан Загалмайн хороотой хамтран хоёрдугаар сарын 19-ний өдөр Гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа. Сургалтад ҮББК-ийн төсөл хариуцсан инженерүүд, корпорацийн гишүүн компаниуд болох "Дельта Констракшн", "БҮТИ", “И Си Си”, "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импекс" ХХК-нийн инженер, техникийн ажилтнууд, барилгачид, удирдах албан хаагчид оролцож, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад эрх зүйн актуудын талаар болон Монгол оронд тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох ажиллагааг явуулах чиглэлээр мэдлэг, дадлага эзэмшлээ.

Гамшгаас хамгаалах сургалтад оролцогчдод ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн ГХБББХ-ын ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, дэд хурандаа С.Ганбалт Гамшгийн аюулын тухай зарлан мэлээллийн дохио дамжуулах журам, Гамшгийн аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам, Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам сэдвээр сургалт явуулав. Мөн ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн УСАХ-ын мэргэжилтэн, ахлах ахмад С.Намжилсүрэн "Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт", гамшгийн аюулаас өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагаа сэдвээр болон гал унтраах дотуур усны даралтат цэг, дохиололын систем, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн ажиллах зарчим, гал унтраах арга зүй сэдвээр тус тус сургалт явууллаа. Түүнчлэн сургалтын үеэр нийт инженер, техникийн ажилтнууд зохиомлоор тавьсан галыг галын хороор унтраах дадлага сургууль явуулсан нь сургалтыг улам сонирхолтой болгож байсан юм.