БУЯНТ УХАА 1 ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

2014 оны 06 сарын 19, 11:35
     banner5
     Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь Монгол Улсын Засгийн газраас баталсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Буянт-Ухаа орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын /хуучнаар Орон сууцны санхүүжилтийн корпораци/ захиалгаар Улаанбаатар хотын ХУД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухааорчимд 1575 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 380 кв.м талбай бүхий үйлчилгээний төв бүхий цогцолбор хорооллын ажлыг гүйцэтгэж байна.

     ТОСК-ийн зүгээс Буянт-Ухаад өөрийн эзэмшлийн 4.6 га газарт 1764 айлын орон сууц барихаар төлөвлөн эхний 189 айлын орон сууцны гурван барилгын барилга угсралтын ажлыг 2012 онд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Хасү Мандал трейд” ХХК ажилласан юм. Харин "Буянт-Ухаа 1" хорооллын үлдсэн барилгууд 1575 айлын 25 барилга болон цэцэрлэг, үйлчилгээний төв, граж, гадна тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний барилгын ерөнхий гүйцэтгэгч компаниудын нэгдэл “Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци” ХХК шалгарч 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр барилгын ажлыг эхлүүлснээр уг хорооллын барилга угсралтын ажил эрчимжсэн билээ.

     Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацитай байгуулсан №2013/2-03 тоот гэрээний дагуу 2014 оны нэгдүгээр сарын 27-нд "Буянт-Ухаа 1" хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг болон Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга нарын албаны хүмүүс оролцон, тууз хайчилсан юм. Мөн корпорациас "Буянт-Ухаа 1" хорооллын үлдсэн 1197 айлын орон сууц болон 120 хүүхдийн цэцэрлэг, 380 кв.м үйлчилгээний төв, автомашины дулаан граж, хүүхдийн тоглоомын талбай, зам, орчны тохижилтыг иж бүрнээр нь 2014 оны тавдугаар сарын 23-нд бүрэн хэмжээгээр нь ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар /2014.05.16/-ны байдлаар "Буянт-Ухаа 1" хорооллын нийт ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

     "Буянт-Ухаа 1" хорооллыг Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци, түүний гишүүн болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импекс" ХХК-иуд болон төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагын нягт хамтын ажиллагаа, нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бүтээн байгуулалтыг өрнүүллээ. Мөн тус хорооллын дэд бүтцийн хангамжийн барилга байгууламжийг барихад үндэсний 30 гаруй компанийн түншлэл оролцсон байдаг.
p_album3
     Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажилд нийт 22.7 тэрбум төгрөгийн цахилгааны хуваарилах байгууламж 2 ширхэг, цахилгаан дамжуулах төв буюу ТП 25 ширхэг, 10 ширхэг дулаан дамжуулах төв (ЦТП)-ийг байгуулсан юм. Мөн хорооллын цэвэр усны эх үүсвэрийг хангах зорилгоор туул голын дагуу цувраа байрлалтай 20 ш гүний худаг гарган, эдгээр худгаас 2800 м3-ийн батгаамж бүхий 2 ширхэгусансанд цэвэр ус татан "Буянт-Ухаа 1" хороолол хүртэлхнийт 3884 метрурттайшугамхоолойгоор байрнуудад хүргэх ажлыг гүйцэтгэсэн юм. “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цэвэр усны эх үүсвэрээс насос станц хүртэлх Ф400 мм-ийн 2863м хос шугам, хорооллын цэвэр усны Ф315 мм-ийн шугам 10031.2 м, Ф110 мм-ийн голчтой 70 м кольцо шугам, хорооллын бохир усны даралттай Ф200 мм-ийн 2242 м хос шугам, Ф200 мм-ийн 2820 м шугам, Ф160 мм-ийн 1042 м шугам, 2 ш насос станц зэргийг ЭЗХЯ, БХБЯ-ны шугамаар Чингис бондын хөрөнгийн эрх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкнаар дамжуулан санхүүжүүлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлыг удирдан зохион байгуулах зорилгоор БХБЯ-ын харьяанд байгуулагдсан "Дэд бүтэц" төслийн хамт олон хийгээд захиалагч болох ТОСК-ийн мэргэжилтнүүд манай байгууллагатай нягт хамтран ажиллаж, ажлын өдөр тутмын уялдаа холбоог хангаж ажилласанд гүнээ талархаж байна.
Дашрамд дурдахад, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь "Буянт-Ухаа 1" хорооллыг хамгийн орчин үеийн бүрэн цутгамал технологийг ашиглан барьсан бөгөөд тус хорооллын бүтээн байгуулалт нь хурдтай гүйцэтгэл, чанарын үзүүлэлтээрээ манай улсын барилгын салбарт шинэ амжилтын хуудсууд нээсэн билээ. Үүнд, “Буянт-Ухаа-1” хорооллын барилгын ажил эхэлснээс хойш 100 хоногийн хугацаанд 3.5 га талбайд 45000 м3 газар шорооны ажил хийж, авто зогсоолын давхартайгаа нийлээд 10 давхар 25 барилгын үндсэн бүтээцийн угсралтыг 100 хувь гүйцэтгэсэн нь Монголын барилгын салбарт нэгэн шинэ амжилт болсныг мэргэжилтнүүд дурдаж байгаа юм.
     Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар барьсан "Буянт-Ухаа-1" хороололд хийгдэж байгаа нэг онцлог ажил нь 1764 айлын орон сууцны хорооллын дотуур явж байгаа 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг нэвтрэх суваг буюу хонгилын системд төлөвлөж хийсэн явдал болохыг энэ далимд дурдах нь зүйтэй болов уу. 3х3 м хэмжээтэй 500 метр, 3х2,4 м хэмжээтэй 110 м, нийт 610 метр Монгол Улсад хамгийн урт, 5292 м2 талбай бүхий хонгил, түүн дотор угсрагдах 1-р хэлхээний дулаан дамжуулах ф400 мм-ийн хос шугам, 2-р хэлхээний дулаан, халуун хүйтэн усны 5 хос шугам хоолойн барилга угсралтын ажлыг “Атимос трейд” ХХК, “Прохит” ХХК-ийн түншлэл гүйцэтгэн юм. Үл нэвтрэх суваг буюу хонгилийн систем нь шугам хоолойны ашиглалтын явцад завсар үйлчилгээ хийхийн тулд дахин дахин зам талбай эвдэж, газар шорооны ажил хийхгүй, бүх ажлыг хонгилд хийж гүйцэтгэдэгээрээ орчин үеийн шилдэг шийдэл бүхий ухаалаг систем билээ.
p_album0
     Түүнчлэн "Буянт-Ухаа-1" хорооллын бохирийг цэвэрлэх зорилгоор Нисэхийн 1000 м3 батгаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр 2000 м3 багтаамж бүхий цэвэрлэх байгууламжийг Турк Улсын шилдэг технологиор “Үндэсний барилгын консерциум”-ын хамт олон барьсан ба уг цэвэрлэх байгууламж нь Монгол Улсад хамгийн орчин үеийн, дэлхийн шинэ дэвшилтэт технологи болох лагийг пресслэж, бохир усыг 95 хувь хүртэл цэвэршүүлдгээрээ байгаль орчинд ээлтэй технологи болов.
"Буянт-Ухаа 1" хороолол нь бага, дунд талбай бүхий 1764 айлын есөн давхар бүхий 28 барилгаас бүрдэх бөгөөд автомашины дулаан граж, гадна зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтайгаас гадна цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогц хороолол юм.

Хорооллын хэмжээнд нийт
 33.47 м2, 39.47 м2, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг,
 33 м2, 49.72 м2, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252 , нийт 756 ширхэг
 66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг, хороололд нийт 1764 айлын орон сууц бий.
Тус хорооллын барилгын талбайд цутгалтын үед Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн 900 гаруй мэргэжлийн ажиллагсад ажилласан бол дотор гадна заслын ажлын үед 1200 гаруй мэргэжлийн ажилчид нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан юм.
"Буянт-Ухаа 1" хорооллыг барьж байгаа Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь барилга угсралтын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импекс" компаниудын нэгдэл бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 200-гаад инженер техникийн ажилтан, 2676 туршлагатай ажилчинтай, Монголын барилгын салбарын хамгийн том нэгдэл гэдгийг дуулгахад таатай байна.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь ирэх жилүүдэд үүнээс илүү өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалт өрнүүлэх боломжийг одооноос эрэлхийлж, удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цаашид "Буянт-Ухаа 1" хороолол шиг олон арван тохилог хороолол бий болсноор бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүлүүд болон төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах төрийн бодлогод нийцэх билээ.




Хамтдаа хөгжье.