Б.ЖҮГДЭР: МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРОНД ОЧСОН БҮТЭЭЖ ЧАДНА

2014 оны 12 сарын 23, 09:39
_DSC6823Шинэ оны босгон дээр Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэртэй ярилцлаа.

-Та ҮББК-ийн Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад сар гаруй хугацаа өнгөрч байна. Мөн корпорацийн ТУЗ-ийн дарга солигдсон. Удирдлагуудын энэхүү өөрчлөлтийг ҮББК-ийг бүрдүүлэгч таван компанийн 3000-аад ажилтан анхааралтай ажиглаж байгаа байх. Үүнд тайлбар хийхгүй юу?

-Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь Монголын барилгын салбарын таван шилдэг ерөнхий гүйцэтгэгч компанийн нэгдэл. Энэ утгаараа таван компанийн удирлагууд ҮББК-ийн ТУЗ-ийн даргын болон ерөнхийлөгчийн албыг ээлжлэн хаших учиртай. Үүний дагуу цэвэр ардчиллын зарчмаар ҮББК-ийн гүйцэтгэх удирдлагыг миний бие Ц.Эрдэнэбат захирлаас хүлээж аваад ажиллаж байна. Корпорацийн удирдлага өөрчлөгдсөн ч бидний ажил хэвийн үргэлжилж байгаа болохоор манай 3000 ажилтан санаа зовох зүйлгүй. Корпорацийн зорилго чиглэл, үйл ажиллагаа анх байгуулагдахдаа баримталж байсан чиг шугамаараа хөгжин урагшилж байна.

-Та Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад ямар ажилд түлхүү анхаарч байна вэ?

-Намайг корпорацийн ерөнхийлөгчийн албыг хүлээж авахтай зэрэгцээд өвлийн улирал эхэлсэн. Иймд өвлийн цагийн ажлын горимд шилжин ажиллахад түлхүү ажиллалаа. ҮББК-ийн гүйцэтгэж буй “Буянт-Ухаа 2” төсөлд халаалт авах бэлтгэл хангах, “Буянт- Ухаа 1” орон сууцны хорооллын айл өрхүүдийг тав тухтай өвөлжүүлэх асуудалд голлон анхаарлаа. Тухайлбал, “Буянт-Ухаа 1” төслийн хүрээнд ҮББК-ийн зүгээс ашиглалтын асуудал эрхэлсэн 10 гаруй инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй компани зохион байгуулаад оршин суугчдыг ая тухтай өвөлжүүлэх үүднээс захиалагч ТОСК, орон сууцны ашиглалт эрхэлсэн “Опен хаус өнө” компанитай хамтран цогц ажил хийж байна. Энэ бол долоо хоног, сарын хугацаанд хийгээд дуусах ажил биш. Монгол Улсын барилгын хуулийн дагуу бүтэн жил үргэлжлэх ажил юм.
Харин “Буянт-Ухаа 2” төслийн хүрээнд арванхоёрдугаар сарын 20 гэхэд эхний ээлжийн 22 барилгын дулаан авах ажлыг бид эрчимтэй зохион байгууллаа. Үүний үр дүнд “Буянт-Ухаа 2” хорооллын гадна бохирын шугам сүлжээ болон гадна дулаан цэвэр усны шугам сүлжээний ажлыг хийж дуусгасан. Хэрэв дулаан авах зөвшөөрөл авч чадвал ҮББК- ийн барилгачид өвөл ажилтай байна. Улмаар 22 барилга буюу 1400 гаруй айлын орон сууцыг графикт хугацаандаа хүлээлгэн өгөх нөхцөл бүрдэнэ.

-Орон сууцны зах зээлд ажил үүрэг гүйцэтгэнэ гэдэг өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ дагуу захиалагч, гүйцэтгэгч, ашиглалтын багтай хамтарч ажиллаж байна уу?

-Энэ бол ҮББК-ийн “Хамтдаа хөгжье” урианы гол ажил юм. Үнэхээр орон сууцны зах зээлд ажил үүрэг гүйцэтгэнэ гэдэг амар биш. Нөгөөтэйгүүр “Буянт- Ухаа 1” хороолол нь арван айлын асуудал биш. 100 айл ч биш. 1764 айлын орон сууцны асуудал. Багаар бодоход 6-7 мянган хүний тав тухтай амьдрах тухай асуудал болохоор манай корпорацийн зүгээс онцгойлон анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл, ҮББК нь улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж оршин суугчидтай ойртон ажиллаж байгаа хэрэг.
Ерөнхийдөө ҮББК нь барилгын гүйцэтгэгч компаниуд нэгдэж нийлээд өөрсдийнхөө хөрөнгө хүч, ажиллах нөөц бололцоог нэгтгэн зөв зохион байгуулснаар барилгын үйлдвэрлэлийг түргэн хугацаанд чанартай гүйцэтгэж болдгийг харуулж чадсан гэж бодож байна. Тиймээс ч ҮББК, түүний гишүүн компаниудыг нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналаар өргөмжилсөн байх. Бид цаашид энэ амжилтаа улам бэхжүүлж ҮББК-ийг барилгын салбарт толгой компани болгох зорилтоо хэрэгжүүлэхээр улам хичээн ажиллах болно.

-ҮББК барилгын үйлдвэрлэлийн процессийг сайжруулахад чиглэсэн олон шинэлэг арга нэвтрүүлж ажилладаг. Корпорацийн ерөнхийлөгчийн хувьд энэ талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Мэдээж ҮББК-ийн хөгжлийн асуудал чухал. Энэ асуудлыг буюу ҮББК-ийн стратеги бодлого, хэтийн төлөвийг корпорацийн ерөнхийлөгч асан Ц.Эрдэнэбат тусгайлан хариуцаж байгаа. Тиймээс 2013, 2014 онд корпорацийн хэмжээнд гарсан үйлдвэрлэлийн удирдлагыг сайжруулах дэвшилтэт аргуудыг бид улам хөгжүүлэх болно. Тухайлбал, барилгын үйлдвэрлэлийн ажлыг иж бүрэн графикаар удирдах, гишүүн компаниудын ажил үүрэг гүйцэтгэх байдлыг хянах, барилга угсралтын чанарыг ахиулах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгбүрчлэн сахих гэсэн гол ажлуудыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Түүнчлэн ҮББК-ийн ерөнхийлөгчийн албыг авснаасаа хойш барилгын ажлын зургийг сайжруулахад чиглэсэн ажлууд хийж байна. Зураг төслийн байгууллагаас ирүүлсэн зургийг гол нэр төрлийн ажлууд дээр нарийвчилсан зураг болгон боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

-Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн нэр хүнд богино хугацаанд өсч, барилгын салбарын тэргүүлэх нэгдэл болж чадсан. Тэгэхээр гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг корпорациудтай хамтарч ажиллахад хэрхэн анхаарч байна вэ?

-Манай корпораци үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж ажилладаг. Энэ дагуу эх орондоо үйлдвэрлэх боломжтой бараа материалыг судлах зорилгоор өнгөрөгч онд Япон, Өмнөд болон Хойд Солонгос Улсын үйлдвэрүүдтэй танилцсан. Мөн энэ онд БНХАУ-ын өргөгч механизм болон шилэн фасад, барилгын халаалт, салхивчны холбох хэрэгслийн томоохон корпорациудтай танилцлаа. Ингэж танилцах явцдаа бид нэн тэргүүнд Монголдоо үйлдвэрлэх боломжийг эрэлхийлсэн. Манай зарим компаниуд барилгын зарим материалыг үйлдвэрлээд эхэлчихлээ. Цонх болон бусад пластик материалын үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зэргээр бид ҮББК-ийг хөгжүүлэх, корпорацид ажилладаг хүн бүрийн бахархлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал ажил зохион байгуулж байна. Үндсэндээ ҮББК нь зөвхөн Монголдоо ажил үүрэг гүйцэтгэхийн хажуугаар гадаад орнуудын барилгын салбарт гарч ажиллах бэлтгэлээ хангаж байна гэж ойлгож болно. Бид барилгын салбарын хамгийн сайн удирдлага, үйлдвэрлэлийн систем хаана байна, тэнд хүмүүсээ сургах ажил хэрэгжүүлж эхэлсэн. 2014 онд ҮББК болон гишүүн компаниуд гадаадад мэргэжил эзэмшсэн инженерүүдийг олноор нь элсүүлж байгаа. Энэ бол монгол хүн дэлхийн аль ч оронд очсон бүтээж чадна гэдгийн баталгаа болох юм.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн өмнө 2015 онд ямар ажил хүлээж байна вэ?

-Ирэх 2015 оны хамгийн том ажил бол “Буянт-Ухаа 2” хороолол. Бид 2015 оны аравдугаар сарын 31-нд “Буянт-Ухаа 2” хорооллын 2592 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой. Энэ төсөл нь зөвхөн есөн давхар 48 барилга барьснаар хязгаарлагдахгүй. Хорооллын инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, гадна тохижилт гээд бүх ажлыг иж бүрнээр нь бид хариуцаж байна. Тэгэхээр айлчлан ирж буй 2015 онд манай барилгачдыг нүсэр ажил хүлээж байна. Энэ ажлыг бид хавар буюу 2015 оны гуравдугаар сараас эхлүүлбэл амжихгүйд хүрч мэднэ. Тиймээс бид энэ оны арванхоёрдугаар сард дулаанаа авч, заслын ажлаа эхлүүлэхээр шамдаж байгаа хэрэг. Мэдээж цаашид манай корпораци төрийн захиалгатай томоохон бүтээн байгуулалтын тендерт оролцох болно.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Танд баярлалаа. Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монгол Улс маань амжилт бүтээл дүүрэн шинэ оноо угтаж байна. Би жирийн барилгачин хүн. Миний бодлоор манай улс төрийн хүчнүүд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг харж хүч бололцоогоо нэгтгэн эдийн засгаа өөд нь татаж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхээр хамтарч ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг үргэлжлүүлж байгаад баяртай байна. Энэхүү хөгжлийн цаг үед миний болон нийт барилгачдын маань зүгээс бүхий л хүч чадлаараа ажиллах болно гэж хэлмээр байна. Ингээд ирж байгаа шинэ ондоо нийт барилгачид маань амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Хамтран ажиллагч бүх байгууллага, тэр тусмаа Төрийн орон сууцны корпораци, туслан гүйцэтгэгч 100 гаруй мэргэжлийн байгууллагын болон гишүүн компанийнхаа нийт барилгачдад шинэ оны баярын мэнд хүргээд “Хамтдаа хөгжье” хэмээн уриалъя.
М.ХАНГАЛ