МЭНДЧИЛГЭЭ

2014 оны 12 сарын 24, 09:32
10631661_911022322260179_276876761_oХөгжлийн тулгуур болсон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэгч барилгачид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны халуун мэндчилгээг дэвшүүлье.

2014 он Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн хувьд их бүтээн байгуулалтын өрнүүн жил байв. Бид төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар 1575 айлын 25 барилгаас бүрдэх “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг барьж захиалагч байгууллага, иргэддээ хүлээлгэн өглөө. Энэхүү төсөл нь манай корпорацийн гол зорилт болох иргэдийг хямд-чанартай орон сууцаар хангах, үндэсний ажиллах хүчийг ажилтай, орлоготой байлгах замаар барилгын үйлдвэрлэлийг улирлын хамаарлаас гаргах, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй барилгажилт, орон сууцжуулах төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэх бодлого, зорилгын эхлэл юм.

Бид зорьсон зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2014 онд Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-аас зарласан “Буянт-Ухаа 2“ төслийн хүрээнд баригдах нэгдүгээр ээлжийн 54 айлын, 48 орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт өрсөлдөж шалгарсан нь манай хамт олны хувьд бас нэгэн том боломж, өндөр хариуцлагатай үүрэг боллоо. “Буянт-Ухаа 2” төслийн барилга угсралтын ажил эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд ажлын явц 45 хувьтай байна. Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын дотор өрлөг болон зоорийн давхрын дулаалгын өрлөг дуусаад байна. Мөн эдгээр барилгын агаар сэлгэлт, дулаан, усан хангамж, бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын ажил хийгдэж байгаа ба цонх суулгах ажил 95 хувь, дээврийн ажил 50 хувь, гадна дулаалгын хөөсөнцрийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн гадна бохирын шугамын ажил 70 хувьтай, гадна дулааны шугам суурилуулах ажил 20 хувьтай үргэлжилж байгаа нь улирч буй он бидний хувьд их бүтээн байгуулалтын өрнүүн жил байсныг батлах биз ээ.

Монголчууд хамтран ажиллаж чадвал амжилтад хүрдгийг мэргэжлийн болон бизнесийн салбартаа нотлон харуулж буй бидний амжилтыг төр захиргааны байгууллагаас үнэлж нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Хангарьд” цомоор шагнасан нь манай хамт олны хөдөлмөрийг үнэлсэн, цаашид ихийг хийж бүтээхэд урам зориг өгсөн үйл явдал боллоо.

Айсуй онд бидний хувьд “Буянт-Ухаа 2“ төслийг амжилттай хэрэгжүүлэн захиалагч байгууллага, ард түмэндээ хүлээлгэн өгөх хариуцлагын жил юм. Мөн бүтээн байгуулалт, хөгжлийг цогцлоосон бусад төсөл хөтөлбөрт нэгдэх, шинийг санаачлан манлайлах зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх цаг үе ирж байна. Зорилтоо биелүүлэхийн төлөө хамтдаа бүхий л хүч чадал, нөөц бололцоогоо дайчлан ажиллацгаая. Нийт барилгачид, хамтран ажиллагч байгууллага, ард түмэндээ шинэ оны баярын мэнд хүргэе!

ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН КОРПОРАЦИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
comments powered by Disqus