Инженерүүд “Ногоон барилгын практик” сургалтад хамрагдав

2015 оны 09 сарын 28, 10:46
IMG_1932Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын төсөл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид “SWITCH-Asia” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Ногоон барилгын практик” сургалтад хамрагдлаа. Сургалтын хүрээнд “SWITCH-Asia” төслийн мэргэжилтнүүд болон ШУТИС-ийн багш нар “Барилгын салбарын тогтвортой хөгжил”, “Эрчим хүчний үр ашиг болон цаг уурын өөрчлөлт”, “Барилгын чанрын менежмент ба баталгаа”, “Хуучин барилгын хог хаягдлыг дахин боловсруулах технологи” сэдвээр ҮББК-ийн инженерүүд, "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импэкс" компаниудын инженер, техникийн ажилтнуудад сургалт явуулсан юм.

Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай барилгын материал үйлдвэрлэх замаар цаг уурын өөрчлөлт, эрсдэлийг багасгах зорилготой “SWITCH-Asia” төсөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хаягдал үнсийг боловсруулж Монгол Улсын болон Европын стандартад байгаль орчин, барилгын аюулгүй талаасаа нийцсэн “ногоон” барилгын материал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад гадаад зах зээл дээр борлуулах боломжийг бүрдүүлэхээр ажилладаг юм.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод их хэмжээний барилгажилт явагдаж, хүн амын орон сууцны хэрэгцээг хангахын тулд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Хэдий тийм ч барилгажилтаас гарах хог хаягдал, бохирдолт, байгалийн баялаг ашиглалт зэрэг байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөлд тавих анхаарал сул байна.

Монгол Улсын барилгын салбарт хэрэглэгдэж байгаа голлох материалын нэг бетоны орцонд цахилгаан станцуудаас гарсан хаягдал үнсийг нэмснээр өртгийг бууруулж, дулааны чанарыг сайжруулах боломжтой аж. Ингэж орлуулалт хийх нь байгалийн баялагийг гамнаж, байгальд хор хөнөөл учруулж байгаа хуурай үнсийг газарт булах, хөрсөн хучилт хийх хэрэгцээг бууруулах боломжийг бий болгох юм.

Нүүрсээр галладаг нэг станц жилд 300.000 гаруй тонн үнс гаргадаг ба үүнийгээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй аргаар буюу газарт булж байна.
IMG_1934

comments powered by Disqus