У.Хүрэлсүх: Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ

2017 оны 10 сарын 25, 12:48
8d22b756c4f836756099d1f50bece080Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж, асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгаврыг өглөө.

2015 онд Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, тендер зарлан 5 компани шалгарч эцэст нь Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага, Монгол Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд шалгарсан байна. Эдгээр төслүүд нь өөр өөрийн онцлог, давуу талтай талаар асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн танилцуулгыг сонсоод Ерөнхий сайд одоо Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг богино хугацаанд эхлүүлэх нь хамгийн чухал нь. Тиймээс өнөөдөр БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах захирамжийг гаргана. Сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, ТЭЗҮ-ийг нь харгалзан хөрөнгө босгож, барилга угсралтын ажлыг ирэх хавар эхлүүлэх нь нэн тэргүүний зорилт байх болно гэлээ. Мөн ирэх сард хөрөнгө оруулагч, доноруудын уулзалтыг Мянганы сорилтын Корпорацитай хамтран зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав өмнө нь ажлын хэсэг ахалж Төв цэвэрлэх байгууламжийн шалгарсан төслүүдтэй танилцахад Японы "ЖАЙКА" Олон улсын байгууллагын ТЭЗҮ оновчтой. Урт хугацаанд чанартай бүтээн байгуулалт хийгдэх нөхцөлтэй байсныг мэдэгдлээ. Харин АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Усны асуудал хариуцсан Ерөнхий захирал Кумар Ранганатан тендерт шалгарсан төслүүдтэй танилцахад Японы төслийнхөн эхний шатанд цэвэрлэх байгууламжийг шинэчилж, дараа нь лагийг зайлуулж, шинэчилсэн цэвэрлэх байгууламжаас гарах лагийг боловсруулах бол Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, концессын гэрээний дагуу 25-30 жилийн хугацаанд ашиглахдаа 12-15 жилд нь хөрөнгө оруулалтаа нөхнө. Дараа нь монголын талд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Саарал усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлж, Цахилгаан станцуудад дахин ашиглуулснаар эдийн засгийн хэмнэлт гаргана хэмээн тооцсоны дээр шийдвэр гарсан тохиолдолд богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд дөхөм төсөл байсан гэлээ.

Ерөнхий сайд эдгээр мэдээллийг сонсоод 2013, 2015 онд төслүүд хийгдсэнээс хойш нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн учир шинээр ТЭЗҮ-ийг гаргаж Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх нь чухал. Энэ асуудал дээр Мянганы сорилтын корпорацитай хамтран ажиллах болно.

Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ. Төслөөс сонголт хийж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт босгох арга замыг эрэлхийлнэ. Одооноос бэлтгэл хангаж, Олон улсын тендерийг энэ ондоо багтаан зарлаж шалгаруулалт явуулж ирэх хавар гэхэд барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэх боломжтой болно. Монгол улсын эрх ашиг Монгол хүний эрүүл мэнд, Үндэсний аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой гэсэн юм.

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах өнөөдрийн уулзалтад УИХ-ын Байгаль орчин,хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, БХБ-ын сайд Х.Баделхан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, НЗД-ын Ногоон Хөгжил ,агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төрийн байгууллага болон Мянганы сорилтын корпорацийн асуудал хариуцсан захирлууд, Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.