Ц.Эрдэнэбат: Утааг бууруулах ҮНДСЭН ГАНЦ Л АРГА бий

2017 оны 12 сарын 06, 12:12
1512534561.Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер Ц.Эрдэнэбатыг gogo.mn сайт "Хурц өнцөг" ярилцлагын буландаа урин ярилцсаныг хүргэе.

Өөрөө хөрөнгө оруулагч, өөрөө гүйцэтгэгч байх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг

-Төрөөс барилгын компаниудыг дэмжинэ гэж их ярьдаг. Барилгын компани гэж яг хэнийг хэлээд байна вэ?
-Хүмүүс барилгын компани гэхээр энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнийг хамруулж ойлгодог. Барилгын салбар бол хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зөвлөх ажил үйлчилгээ эрхлэгч, материал үйлдвэрлэгч, техникийнхэн гэх мэтчилэн компаниудын оролцоотой явагддаг үйлдвэрлэлийн процесс. Үүн дотроо хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг, их хэмжээний хөрөнгийн эргэлтийг үүсгэж байдаг нь гүйцэтгэх салбарынхан. Харин хөрөнгө оруулагч гэдэг нь хөрөнгө оруулалт хийгээд, түүнээсээ ашиг олж байгаа компаниудыг хэлдэг.

-Тэгвэл төр засгаас явуулдаг барилгын компаниудыг дэмжих бодлого эдгээрийн хэнд нь илүүтэй чиглэдэг вэ?

-Үе үеийн төр засгийн бодлогууд өөрчлөгдөж ирсэн. Жишээ нь 2008 онд хөрөнгө оруулагч компаниудыг дэмжих замаар барилгын салбарыг өөд нь татах бодлоготой байсан бол 2016 онд иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа дэмжих бодлого барьсан. Харин одоо бол энэ хоёр бодлогыг нь хослон барих нь зүйтэй юм гэж үзэж байх шиг. Гол нь төрийн бодлого барилгын салбар луу хэт орсноор үнийн өөрчлөлт үүсгээд байхааргүйгээр хөгжүүлэх, мөн бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүлүүд рүү чиглэх ёстой.

-Та барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг тус тусад нь нэрлэлээ. Харин манай улсад бол хөрөнгө оруулагч нь гүйцэтгэгч, борлуулагч байх нь элбэг. Энд ямар нэгэн асуудал үүсэх үү?
-Жишээ хэлье. Өөрт чинь тодорхой хэмжээний хөрөнгө санхүү байгаа учир барилга бариад зах зээл дээр гаргаад зарчихъя гэж өөрөө боджээ. Энэ тохиолдолд өндөр ашиг гаргахын тулд хамгийн хямдаар барихыг бодно. Энэ бол хэн байхаас үл хамаараад аль болох хямд бариад, аль болох үнэтэй барих зарчим руу өөрийн эрхгүй ордог зүйл. Тийм учир үүнийг ашиг сонирхлын зөрчил гэдэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч нь хамгийн хямд материалаар байшин барьчихаад, худалдан авагчид түүнийгээ сурталчилгаа хийж байгаад хүссэн үнээрээ зарах гээд байна. Ингэж хөрөнгө оруулагч компани, өөрөө хөрөнгө оруулаад, өөрөө бариад, өөрөө борлуулдаг нь маш буруу жишиг юм.

-Гэхдээ энэ улсад чинь мэргэжлийн хяналтын байгууллага бий шүү дээ?
-Манай мэргэжлийн хяналтын бодлого бүх барилга дээр хяналт тавьдаггүй. Түүвэрчилсэн, мэдээлэл дээр үндэслэсэн хяналтуудыг хийдэг. Улсын хэмжээнд баригдаж байгаа бүх барилга дээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина гэдэг угаасаа бүтэхгүй. Нэг талаас мэргэжлийн хяналтынхан гүйцэт хяналт тавьж чадахгүй, нөгөө талаас ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд хямдхан барилга бариад өндөр үнээр зарах эрмэлзэлтэй байдаг учир сайн, муу барилга баригдах шалтгаан болоод байгаа юм.

-Вашингтонд баригдаж байгаа барилга дээр очиж байсан юм. Тэгэхэд “энэ бол барилгын ажлыг дуустал хяналт тавих хэсэг” гээд тусдаа хэсгийг хэлж байсан. Тэрийг харчихаад манай хэдэн байцаагч нар энэ тохиолдолд бол хүрэлцэхгүй юм байна даа гэж бодож байлаа. Тэр хяналтыг тавьж байгаа этгээдүүд нь хэн бэ?

-Манайд байгаа тогтолцооны гажуудал буюу зөвлөх үйлчилгээний компани байхгүй байгаа асуудлыг наад улсад чинь хэдийнээ шийдчихсэн байгаа нь. Барилгын ажлыг эхнээс нь дуустал нь хянаж байгаа тэр хүмүүс бол Америкийн мэргэжлийн хяналттайгаа гэрээ хийчихсэн, зөвлөх ажил үйлчилгээний бие даасан хяналтын компаниуд. Энэ компаниуд гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагч аль алийг нь хянадаг. Энэ компаниудаар дамжуулж мэргэжлийн хяналт нь ажлаа явуулдаг. Манайд ийм компаниуд байхгүй, хууль дүрэм журмууд нь гараагүй байгаа учир хариуцлага хүлээх чадамж бүхий зөвлөх үйлчилгээний компаниуд үүсч бий болохгүй, хөгжихгүй байгаа юм.

-Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч хоёр өөрийг нь хөндлөнгөөс хянах хэн нэгнийг бий болгохыг хүснэ гэж үү?

-Жишээ нь, Америкт бол “наад ажлаа зөвлөх ажил үйлчилгээний компаниар хийлгэх ёстой” гэсэн утгыг хуулиндаа заачихсан байна.

-Энэ бол дэлхийн стандарт?

-Тийм. Гүйцэтгэгч байгууллага, хөрөнгө оруулагч та бүхэн дураараа барьж болохгүй, стандарт, норм, хууль дүрмээ барих ёстой, энийгээ барьж байгаа эсэхийгээ зөвлөх ажил үйлчилгээний компаниар хянуулах ёстой гээд хуулиндаа заачихдаг. Манайхантай адилхан мэргэжлийн хяналтын байцаагч нар томилдоггүй, мэргэжлийн хяналтын байгууллага нь ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулах чадамжтай компаниудтай гэрээ хийж энэ ажил үйлчилгээг явуулдаг. Ийм төрлийн компанийн зөвшөөрөл нь өндөр үнэ төлбөр, нэр хүндтэй, түүнийг олж авахын тулд уралдаан шалгаруулалт шиг зүйл болдог ийм тогтолцоо.

-Манайд аливаа зүйлийг монголчлох гэж нэг аюул бий. Зөвлөх ажил үйлчилгээ мэдээж сайн байна. Гэтэл зөвлөх ажил үйлчилгээ явуулагч компани нөгөө гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагчтай хуйвалдахгүй байх баталгаа нь юу вэ?

-Зөвлөх ажил үйлчилгээний байгууллагуудын хууль, дүрмүүд гэж байдаг. Тэр дүрмээ барихгүй бол тэр компани амьдрах боломжгүй. Тийм учир норм дүрэм дээр суурилсан үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Одоо бол монголчлох гэдэг нь бүх салбарт байна. Яагаад энэ амь бөхтэй оршсоор байна вэ гэвэл бид стандарт, норм нормативийн орчинд, хууль дүрмийн орчинд амьдрах соёл, суурь хүмүүжил дутмаг байгаатай холбоотой. Улаанбаатарт замын хөдөлгөөнөөс эхлээд бүх зүйл болохгүй байгаа нь бий болгочихсон норм дүрм, стандартаараа бид амьдардаггүй. Гол шалтгаан нь норм стандартыг хангуулахын тулд ажиллах ёстой компаниуд байхгүй.

-Төр ачааллаа дийлэхгүй байгаа шүү дээ.

-Төр ачааллаа дийлэхгүй хаячихсан, тийм учир иргэд нь хууль, дүрмээ тоохоо барьчихсан.

-Жил бүр л барилга дээр залуус амиа алдаж байна. Шалтгаан нь ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмээ хангаагүй, стандарт бариагүйн улмаас байдаг. Түүнчлэн орон сууц худалдан авсан иргэд байр нь болохгүй байгаа талаар гомдол гаргадаг. Насан туршдаа төлөх зээл тавьж авч байхад асуудалтай байна гэдэг харамсалтай. Таны яриад байгаа зөвлөх үйлчилгээ бий болсноор энэ асуудал арилах болов уу?

-Арилна. Мэргэжлийн байгууллага, иргэд, худалдан авагчийн ямар ч оролцооггүйгээр захиалагч, гүйцэтгэгч хоёр хөндлөнгийн хяналтгүйгээр барилга барьчихсан учир наад бүхэн чинь бий болоод байгаа юм. Тийм учир зөрчил гаргахгүйн тулд зөвлөх ажил үйлчилгээний байгууллагууд олон улсын болоод манай улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, материалын чанар аюулгүй байдлын дэг хариуцлагыг мөрдүүлж ажиллах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

-Гэхдээ би гүйцэтгэгч компанийн захирал байлаа гэхэд та бид хоёрын ярилцлагыг уншаад эгдүүцэх байх. Гүйцэтгэгч, захиалагч аль аль компанийх нь зах зээл дээр цаашид оршин тогтнох нэр хүнд гэж зүйл байна шүү дээ. Тэрийг бий болгохын төлөө хичээдэг л байж таарна даа?

-Би өөрөө томоохон гүйцэтгэгч компанийн захирал хүн л дээ. Мэдээж компанийн захирал хүний хувьд манай барьсан барилга чанартай байгаасай гэж боддог. Хэрэв зөвлөх үйлчилгээний компани байсан бол би жаргах байсан юм.

-Яагаад?

-Амар байхгүй юу.

-Харин ч төвөгтэй биш үү?

-Ёстой үгүй. Яагаад амар болж байгаа вэ гэвэл нэгдүгээрт, бид захиалагчийн өгсөн материалаар ажлыг нь чанартай хийсэн. Асуудал гарвал зөвлөх компани хариуцна. Хоёрдугаарт захиалагчтайгаа “наад материалаар чинь хийхгүй, өөр материалаар хийнэ” гэж маргалдах хэрэг байхгүй болно. Хөрөнгө оруулагч компанийн захиралд ч туйлын ашигтай. Яагаад гэвэл гүйцэтгэгч нөхөр өөрийнх нь материалаар хамгийн сайныг хийсэн эсэхэд зөвлөх үйлчилгээний компанийн нөхдүүд хариулт өгч байна. Тэгэхээр өнөөх захирал сэтгэл амар байх нөхцөл бүрдэнэ. Аль аль талынх нь хүсэл зорилгыг холбож байгаа зөөлөн эдийн холбоос шиг зүйл. Засаглалын зөв хуваарилалт гэдэг энэ зүйл төр, бизнес, процессын үйл ажиллагаа гээд бүх шатанд маш чухал.

-Өөрчлөлт шинэчлэлтийн томоохон хүчин зүйл юм уу даа?

-Манай улс захиргааны удирдлагын тогтолцооноос хэвтээ удирдлагын буюу төслийн удирдлагын тогтолцоонд шилжихтэй холбоотой гол зүйл. Өнөөдрийг хүртэл бид командын системтэй захиргааны удирдлагын тогтолцоотой явж ирлээ. Монгол Улсын хэмжээнд ийм тогтолцооны өөрчлөлтийн хувьсгал маягийн зүйл явагдаж байна. Одоо нэлээд сайн эмхэрч цэгцрээд хөгжлийнхөө шинэ шат руу орж байна гэсэн үг.

Цүнх барьсан пацанд манай констракшн яаж ялагдахыг хараарай

1512534590.-Барилгын салбарын 90 жилийн ой боллоо. Бид 70 жил төр засгаас “энэ барилгыг барь” гэж өгсөн даалгавраар явж ирсэн. Үлдсэн 20 жилд нь хувийн компаниуд хүссэнээрээ барилга барьж, хүссэн үнээрээ зарж ирлээ. Харин Таны яриад байгаа энэ тогтолцоо руу яг одоо л шилжих ёстой гэж та үзээд байна уу?
-Тэгж байна. Энэ цаг үе биднийг дарга төвтэй нийгмээс хүн төвтэй нийгэм рүү аваачих ёстой. Бидний барьсан барилга хүнд хэрэгтэй байх ёстой болохоос хэн нэгэн даргын командаар босох ёсгүй, ашиг олох гэсэн компанийн захирлын хүсэл тэмүүллээр босох ёсгүй. Дотор нь амьдрах монгол хүний төлөө, хүний хэрэгцээнд зориулагдсан барилга болох ёстой. Ингэж босохын тулд миний яриад байгаа хөндлөнгийн хяналт буюу зөвлөх үйлчилгээ хэрэгтэй. Барилгын тухай А ч мэдэхгүй иргэний өмнөөс барилгын зөвлөх үйлчилгээний компани хяналтаа тавьж, хөрөнгө оруулагч буюу мөнгөө гарган гүйцэтгэгчээр барилга бариулж, улмаар танд зарах гэж байгаа энэ үйл явц нь шударга болж, сайн барилга баригдсан гэх баталгааг өгч чадах тийм механизм бүрдүүлэхийг л хүн төвтэй гэж хэлээд байгаа юм.

-Манай улсад барилгын компаниуд татвараа бүрэн төлж чаддаг уу. Та гүйцэтгэгч компанийн захирлын хувьд шудрагаар хариулаач?

-Зөвлөх үйлчилгээний компанийг оруулж ирэх хэрэгтэй гэж байгаа нь бүртгэлийн системийг сайжруулахад нэг том агуулга нь байгаа юм. Нэг талаас ямар материалууд хэчнээн төгрөгөөр авч байна, ямар хөрөнгө оруулалт энэ барилга руу орсон гэдэг нь зөвлөх үйлчилгээний компаниар ил тод тусах нөхцөл бүрдэнэ. Татвараа нуух үзэгдэл нэг хэсэг барилгын салбарт их байсан. НӨАТ-ын баримт жишээ нь далд эдийн засагт ямар их мөнгө эргэлдэж байсныг гаргаад ирлээ. Энэ баримт гарч ирснээс хойш эдийн засаг эрүүлжиж байна. Зөвлөх ажил үйлчилгээг барилгын салбарт хэрэгжүүлээд эхэлвэл эдийн засгийн талаасаа далд шинж чанартай үйлдлүүд компаниуд хийхгүй байх нөхцлийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой. Үүний үр дагавар нь иргэн хүнд ил тод, сайн үр дагаврыг авч ирнэ.

-Одоо байгаа нөхцлөө ярихгүй юу. Барилгын компаниуд татвараас хэр бултаж чадаж байна вэ?

-Сэтгүүлчид “компани бүр татвараас бултдаг” гэдэг ойлголтоо халах цаг болсон. Дунд болон дундаас дээш компаниуд бүгд нэг тайлантай болсон. Том компаниудын хувьд эхнээсээ олон улсын чанарын удирдлагын сертификатуудаа аваад эхэллээ. Энэ сертифекатыг чинь Хонконгод очоод хэдэн төгрөг төлөөд авчихдаг зүйл биш юм шүү дээ.

-Гэхдээ барилгын салбарт эрүүл өрсөлдөөн байж чаддаг уу?

-Хариулахад хэцүү асуулт байна. Яагаад гэвэл улстөр нийгэм, эдийн засгийн салбарт хэт нөлөөлөлтэй байгаа учир цэвэр өрсөлдөөн байдаг гэж хэлж чадахгүй. Ихэнх том төслүүд ширээний ард хуваагддаг байх гэж боддог. Гүйцэтгэгч компаниудын хувьд цэвэр өрсөлдөөн байсан бол манай компани хамгийн их ажилтай байх байсан. Яагаад гэвэл олон улсын ISOO гэрчилгээ авсан угсралтын ганц компани шүү дээ. Гэтэл манай зах зээл дээр жирийн нэг жижиг компани, манайх хоёрын хувьд онц ялгаа алга. Хоёрдугаарт, төрийн ямар ч ажлыг цүнх барьсан дурын нэг пацан манай констракшныг ялна. Үүний баталгаа болгож харуулахын тулд энэ жил манайх төрийн дөрөв юм уу, таван тендерт оролцоно. Төрөөс зарласан сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих тендэрт манай компани хэзээ ч оролцож байгаагүй. Бид оролцоод тэртэй тэргүй манайх шалгарахгүй гэж боддог байсан. Харин энэ жил таван тендэрт оролцож, асуудал шудрагаар шийдэгдэж байна уу, үгүй юу гэдгийг өөрийн биеэр үзэх бодолтой байна. Цүнх барьсан пацанд бидний ялагдахыг сэтгүүлчид та бүхэн ирж хараарай.

-Барилгын салбарт боловсон хүчин хэр асуудал болж байна вэ. Хятад ажилчид хямд өртөгтэй, ажлаа хурдан амжуулдаг гэх. Харин монгол ажилчид архи уудаг, цементийг нь зарчихдаг гэх мэт сул талтай гэх?
-Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг бид хийсэн гэдгийг та мэдэх үү? Самсунгийнхан хийсэн гэж боддог биз дээ. Самсунгийн найман инженер л ажилласан. Үлдсэн бүх ажлыг нь монголчууд хийсэн. Хөшигийн хөндий ямар гоё барилга гэж та мэдэх үү? Инчёны нисэх онгоцны буудалтай зэрэгцэхүйц байгууламж. Тэрнээс ч гоё байж магад.

-Чанарын хувьд?
-Чанарын хувьд л яриад байна. Энэ барилгуудыг нэг ч солонгос, япон, хятад ажилтангүйгээр монголчууд хийсэн. Шангриллаг хятадууд барьсан гэж бодож байна уу. Манай Дельта констракшны залуучууд барьсан юм. Хятадын заслын ганц нэг багууд байсан байх. Бусад бүх ажлыг нь монголчууд хийсэн. Улаанбаатарт байгаа сүүлийн энэ гоё шилэн барилгуудыг бүгдийг нь монголчууд барьсан. Рапид харш, Хүннү хорооллыг барихад нэг ч хятад хүн ажиллаагүй. Ривер гарден хорооллыг барихад нэг ч хятад ажиллаагүй. Номингийн нөхдөөс мэдээлэл аваарай. Таны ярьж байгаа монголчууд бий юу гэвэл бий. Архи уудаг, хулгай хийдэг байж болно. Гэхдээ энэ бол ердөө 15 хувь нь. Би 15 хувь гэж бүр их том тоо хэлж байна шүү. Барилгын салбарт одоогоор 65 мянган монгол хүн ажиллаж байна. Таны ярьж байгаа байдал 2003-2008 онд байсан. Тэр үед барилгын салбарт 25 мянган монгол, 50 мянган хятадууд ажилладаг байсан. 2012 оноос хятадуудын хураамжийг 2 дахин нэмснээр цалин нь мөн адил өссөн. Тийм болохоор хятадуудад өндөр цалин төлж ажиллуулахаа больсон юм. Ингээд 2016 он гэхэд барилгын салбарт хятад ажилчид ажиллахаа больсон. Харин хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа яармагийн гүүр гэх мэт төслүүд дээр хятадууд байна. Шинэ яармаг төсөлд нэг ч хятад ажилтан байхгүй. Яагаад гэвэл тэр компанийг манай компани барьж байгаа юм. Буянт- Ухаа хорооллыг барихад нэг ч хятад ажиллаагүй. Содон хороололд нэг ч хятад ажиллаагүй. Тэгэхээр монголчуудын чадвар асар өндөр болсон гэсэн үг. Шангриллагийн шилийг монголчууд хийж байна. Нисэх онгоцны буудлыг монголчууд хийлээ. Нэгнийгээ доош нь хийсэн, улиг болсон яриагаа одоо болих хэрэгтэй.

-Бид ч бүр балраад байгаа юм болов уу гэтэл хөгжөөд байгаа хэрэг үү?
-Манайд улстөрийн түвшинд л хямрал байна. Энэ хямрал нь тодорхойгүй байдал үүсгэж, эдийн засгаа дагуулж хямруулаад байгаа хэрэг. Улстөрийн түвшний хямрал байхгүй болчихвол эдийн засаг нь угаасаа хямраад байхааргүй асар их зүйл шаардаж байгаа өлсгөлөн эдийн засаг. Хийгээд л, тэлээд л байх ёстой эдийн засаг байгаа юм. Монголчуудын тухайд таны ойлголт өөрчлөгдөх хэрэгтэй.

Гэр хорооллыг утаагүй болгоё гэвэл инженерийн хангамжтай л болгоно

-Утаанаас Улаанбаатарыг хэрхэн салгах вэ гэдэг дээр ярилцъя. Утаанаас салах цорын ганц шийдэл нь орон сууцжуулах гэж ярьж байна. Энэ цор ганц шийдэл мөн үү?
-Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс дугуй зохиохдоо их сайн. Шинэ санаанууд буюу өнхрөхгүй дугуйнууд их зохиодог гэсэн үг. Хот төлөвлөлтийн бодлого дэлхийд ердөө ганц л бий. Орчны бохирдлыг инженерийн шугам сүлжээгүй хэсэг нь үүсгээд байдаг. Жишээ нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдлын 80 хувийг гэр хороолол үүсгэдэг. Бангкок мөн адил. Сөүл, Токио, Лондон харин энэ асуудлаа шийдсэн. Энийг шийддэг ганц л арга бий. Тэр бол инженерийн төвлөрсөн шугамаа тэлэх, инженерийн хангамж хүрэхгүй газраа хэсэгчилсэн инженерийн хангамж өгдөг. Гэр хорооллыг утаагүй болгоё гэвэл инженерийн хангамжтай л болгоно.

-Яаж?
-Яаж гэдгийг би Сервис центр гэдэг төсөлдөө тусгасан. 200 хашааны дунд инженерийн хангамжийн дэд бүтцийн төв байгуулах. Улаанбаатарт 100 төв байгуулахад Улаанбаатарын нийт утааны 90 хувь нь байхгүй болно. 100 дэд төв гэхээр 20 мянган хашаа холбогдоно гэсэн үг. 20 мянган хашаа нь онц байдал зарлагдах ёстой долоон буудал, зурагт, ханын материал, дарь-эх гэх мэт нийслэлийн хойморт байгаа гэр хорооллын бүсийг энэ дэд бүтцэд холбоно. Утаагүй зуух, утаагүй түлш, айлуудад тень тавих, дулаалга хийх гэх мэтийг бусад аргыг нь завсрын шийдлүүд гэж нэрлэдэг. Энэ шийдлүүдийг зогсолтгүйгээр хийж байх ёстой.

-20 мянган айлыг энэ төвд холбосноор утааны 90 хувь арилна гэдэгт та яагаад итгэлтэй байгаа юм. Гэр хороололд байгаа өрхийн тоотой харьцуулвал хэт бага тоо биш үү?
-Энийг техникийн хувьд шийдэх нь өөр асуудал. Би өөрөө тооцоо, судалгаа хийгээд хойд энгэрийн 20 мянган хашааг холбоход утаа ингэж шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм. Хашаа, айл хоёр чинь хоёр өөр ойлголт шүү. Бид бол 20 мянган хашааг холбоно. Тэгэхээр нэг хашаанд багадаа хоёр айл байгаа гэж бодвол 40 мянган айл холбогдоно гэсэн үг. Улаанбаатарын хойд энгэрт 80 мянган айл байгаа юм. Хоёр талынх нь айлуудыг хаяад голынх нь 40 мянгыг дэд бүтцэд холбосноор утааны асуудал ингэж шийдэгдэнэ гэж инженер хүний хувьд тооцсон. Харин манай багийн хийсэн нарийн тооцоонууд бол бий л дээ.

-200 айлыг дэд бүтцэд холбох нэг сервис центрийн өртөг нь хэд болох вэ?
-Иргэдээ инженерийн хангамжаар хангах нь төрийн өөрийнх нь үндсэн үүрэг байдаг юм. 200 айлын нэг ийм сервис центрийн дундаж өртөг нь таван тэрбум төгрөг. Гэхдээ одоо бол ийм сервис центрийг барих нь мөнгөөр илэрхийлэгдэх хүчин зүйл байхаа больчихоод байна. Утаанаас үүсч байгаа иргэдийн аюулгүй байдалд учруулж байгаа занал нь мөнгөөр үнэлээд байх зүйл биш болчихлоо.

-Нэг сервис центрээс иргэд юу авах вэ?
-Халаалт, цэвэр ус, бохир, цахилгаанаа авна, өндөр хурдны интернэтээ авна. Гудамж нь асфальттай, гэрэлтэй байна. Шороо байхгүй болно гэсэн үг. Энэ бүхэн таван тэрбум төгрөг. Энэ бол бага өртөг юм. Одоогоор бид утааг арилгана, утаагүй түлш гэсээр байгаад 300 гаруй тэрбум төгрөг зарчихаад байна. Завсрын шийдэлтэйгээ ноцолдсоор байтал үндсэн шийдэл рүүгээ орж чадсангүй. Ядахдаа 10 га газар янданг нь, ил жорлонг нь байхгүй болгож чадсангүй. Завсрын шийдэл нь сүүлдээ арга зальтай хүний бизнес болж, үргүй хөрөнгө ихээр зарцуулчихаад байна. 300 тэрбум гэж бодвол 60-70 сервис центр барих хөрөнгийг утаа болгочихжээ. Одоо үндсэн шийдэл рүүгээ орж хүчтэй, зоримог алхмуудыг хийх хэрэгтэй.

-Таны яриад байгаа сервис центр бол олон улсын жишээ тийм үү?
-Инженерүүд дугуй зохиодоггүй. Харин туршлага судалдаг. Нью-Йорк яаж шийдсэн, Токиогийн нутаг дэвсгэрийн 90 хувь нь яагаад хоёр давхар барилга байгаа юм, Сөүл яагаад тэр чигээрээ хоёр давхар барилгаа эрхэмлэдэг юм гэдгийг судлаад, үзээд, агаар, хөрс, орчны бохирдлоо шийдсэн зарчмуудыг нь харж байгаад гаргасан хэрэг. Манай гэр хороололд 200-аар бүлэглэвэл зүгээр юм байна, 50 бол цөөдөөд ашиглалтын зардал нь өндөр байх юм байна гэх мэтээр судалсан гэсэн үг.

-Та төрд танилцуулсан уу?
-Бүх шатанд нь танилцуулсан.

-Тэгээд?
-Үр дүнд нь тавдугаар сард Засгийн газраас сервис центрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг тогтоолыг гаргасан. Энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Хятадын засгийн газрын нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг энэ чиглэл рүү захиран зарцуулах нь зүйтэй гэсэн. Одоо сервис центрүүдийн ТЭЗҮ, зураг төслийг таван байршилд боловсруулах ажлын уралдаан тендер шалгараад байгууллагууд хийгээд явж байна. Ирэх хавраас бүтээн байгуулах ажлуудыг хийх байх.

-Та Буянт- Ухаа хорооллыг барьж байгуулсан хүн. Энэ төсөл цаашид хэрэгжих үү? Миний харж байгаагаар орон сууцны өндөр үнийг нэлээд буулгасан байх шүү.
-Хямд төсөр орон сууц бариад бусдын орон сууцны үнийг доош нь буулгалаа гэж харж байгаа таны өнцөг бол сэтгүүлчийн харах өнцөг л дөө. Миний хардаг нь бол өөр өнцөг. Манайд үнэтэй тансаг орон сууцны зах зээлээс орон сууц авч чадахгүй байгаа нь нийт иргэдийн 80 хувь байна. Төрийн албан хаагчид, залуу гэр бүлүүдэд таарах үнэтэй орон сууц барих нь зүйтэй юм гэсэн санаа анх эхэлсэн. Ингээд 980 мянгаар м/кв-ыг нь бодож ашиглалтад өгсөн. Манай улсын түүхэнд 1764 айлын орон сууцыг 13 сарын дотор 3000 орчим монгол хүний хөдөлмөрийг дайчлаад, ашиглалтад өгсөн түүх бол анхных нь. Энэ түүхээ дагаад сайн болон муу зүйлс нь бий. Сайн нь гэвэл 1764 айлаас 1750 нь сэтгэл дүүрэн байгаа. Харин 14-т нь цантах гэх мэт аливаа том бүтээн байгуулалтын үеэр гардаг жижиг алдаа дутагдлаас болж иргэдэд хүндрэл учруулсан асуудал үүссэн. Үүнийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Буянт-Ухаа 1 дээр гаргасан алдаануудыг II дээр бүгдийг нь засч, бүр сайхан хороолол болсон гэж бодож байгаа. Энэ практик цаашдаа үргэлжлэх хэрэгтэй. Монголчууд бидний үрс өсөөд улам олон болж байна. Залуу хүмүүсийг ийм орон сууцанд олноор нь оруулах юмсан гэж боддог. Гэр хороололд амьдардаг гэдгээсээ ичиж явмааргүй байгаа юм. Тийм учир 1080 айлын түрээсийн орон сууцны барилгын ажил ирэх хавраас эхэлнэ. Энэ орон сууцны барилгуудыг 2018 оны 10 сард багтааж ашиглалтад өгөх чиглэлийг өчигдрийн /2017 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр/ Ерөнхий сайдын салбарынхантай хийсэн уулзалтаар үүрэг болгосон. Би бол ингэж хийж чадна. Асуудлыг нь шийдвэл энэ ажилдаа туйлын хариуцлагатай хандаж, ашиглалтад оруулах нь бидний хувьд асуудал биш.

Ярилцлага өгсөнд баярлалаа.