Нийслэлийн барилга байгууламжуудад орчны хүртээмжид үнэлгээ хийнэ

2016 оны 12 сарын 02, 16:12
1480666360Нийслэлд өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй нэвтрэх, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн хүртээмжтэй барилга байгууламжуудын тоо цөөн хэвээр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн (ХБХ) саадгүй зорчих нөхцөлийг хангах асуудлыг 2016 онд батлагдсан ХБХ-ийн Эрхийн тухай хуулийн 3-р бүлэгт тусгайлан заасан төдийгүй Хот байгуулалтын тухай хуулийн 20 зүйл, Барилгын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тусган хэрэгжүүлж байгаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм”, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага MNS 6055: 2009”, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар. MNS 6056:2009, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам.

Техникийн шаардлага. MNS5682-2006, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон зайн төлөвлөлт” барилгын дүрэм, “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” (БНбД 30.01.04), “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД, “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт” (БД 31-111-11), “Эмнэлэгийн барилга” БД 31-115-11, “Авто зогсоол” БНбД 21-05-10 зэрэг 10 гаруй норм, дүрэм, стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагуудыг тусган барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийх замаар хянан мөрдүүлж байна.

Нийслэлийн зүгээс энэ бүхний хэрэгжилтийг хянахаар Японы Олон улсын Жайка байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2016 оны 6 дугаар сараас 4 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчныг бий болгоход нөлөөлөх зорилго бүхий “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд нийслэлийн барилга байгууламжуудад орчны хүртээмжийн үнэлгээ хийхээр төлөвлөсөн байна.