ХҮНИЙ “ОРОН БАЙРТАЙ БАЙХ ҮНДСЭН ЭРХ”-ИЙГ ЗӨРЧСӨН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

2017 оны 01 сарын 05, 10:11
download(3)Улсын минь нийслэл Улаанбаатарт агуулгын хувьд асар чухал боловч анхаарал хандуулсан байдлаараа дулимагхан нэгэн жагсаал болоод өнгөрснийг мэдэх хүн тийм ч олонгүй болов уу. Шинэ жилийн уур амьсгалд дарагдчихсан энэ жагсаал “Төр үүргээ МЭД, БИЕЛҮҮЛ” гэсэн уриан дор хүний орон байртай байх үндсэн эрхийн төлөө байв.

Монгол Улсын Үндсэн хуульд “...Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Мөн иргэнийхээ энэ эрхийг хангах эдийн засаг, нийгэм, зохион байгуулалтын арга хэмжээг төрөөс авах үүрэгтэй...” гэсэн байдаг. Дэлхий нийтэд ч хүний түгээмэл эрхэд орон байртай байх эрхийг нь баталгаажуулсан хөдөлшгүй заалтууд бий. Гэтэл өнөөдөр монголчуудын талаас илүү хувь нь Улаанбаатарт, утаа, түгжрэл, халдварт өвчний голомтод амьдарч байна. Нийслэлийн агаарын бохирдлын 65 хувийг гэр хорооллын бүрэн шаталтгүй зуух ялгаруулдаг бол нас баралтын шалтгааныг хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчлөл тэргүүлж байна. Гэвч, энэхүү эмх цэгцгүй амьдралын хэвшилд төрийн зүгээс зохицуулалтын дорвитойхон арга хэмжээ авсан нь даанч үгүй. 

Байдал ийм байхад, нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлт гээчийг санаачлан иргэдийг өмчлөлийн газраас нь салгаж орхисон. Үр дүнд нь утаа арилсангүй, иргэд орон байртай болсонгүй. Харин ч хохирсон иргэд хэвлэл мэдээлэл, шүүхийн байгууллагуудад хандаж гомдлоо илэрхийлэх болсон. 
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь алдаатай байсныг олон улсын хүний эрхийн байгууллага “Эмнести Интернэшнл”-ийнхэн ч баталсан байна. Тус байгууллагаас төрийн зүгээс иргэдээ орон байртай байх эрхийг хангалтгүй хэрэгжүүлж байгаа тухай 55 хуудас бүхий судалгааны тайлан гаргажээ. Уг тайланд гэр хорооллыг дахин төлөвлөх нэрээр иргэдийг нүүлгэн шилжүүлж, дахин суурьшуулах ажил дутуу дулимаг хийгдсэнээс мянга мянган хүн орон байргүй болох эрсдэлд орсныг дурдсан байна. 

“Эмнести Интернэшнл”-ийн Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлин хэлэхдээ “Хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанаас болж иргэд орон гэргүй болох вий гэсэн айдастай амьдарч байна. Эрх баригчид иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж байна. Хот дахин төлөвлөлтийн амбицтай хөтөлбөр нь албадан нүүлгэлтээс сэргийлэх үр дүнтэй хамгаалалтыг бий болгож хэрэгжүүлсэнгүй. Эрх баригчид иргэдийн эрхийг хамгаалах үр дүнтэй бөгөөд тодорхой хамгаалалтыг нэн даруй бий болгох шаардлагатай байна” гэдгийг онцолсон. 

Улаанбаатар хотыг дахин  төлөвлөх одоогийн төлөвлөгөө нь нийслэлийн 1.3 сая хүн амын ойролцоогоор 9 хувь нь амьдардаг гэр хорооллын 24 байршилд хэрэгжиж байна. Энэ нь иргэдийг илүү сайн орон сууцаар хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр нийслэлийн иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилготой. Мөн уг хөтөлбөр нь газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын айлуудыг ус дулааны нэгдсэн шугамд холбогдсон орон сууцаар хангах замаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн. Гэвч хот дахин төлөвлөлтийн шаардлагад бүрэн нийцсэн, тодорхой төрийн зохицуулалт, үр дүнтэй зөвшилцөх явц байхгүй. Хэрэгжилтэнд нь хяналт тавиагүйгээс дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй иргэдийн эрх, ялангуяа тэдний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүрсэн гэж “Эмнести Интернэшнл” үзэж байгаа. 

Үндсэндээ гэр хорооллын  айл өрхийг өмчлөлийн газрыг хоёр өрөө байраар солих нь өөрөө залилан, хатуухан хэлбэл, дээрмийн шинж чанартай зүйл. Нөгөөтэйгүүр нэг хашаанд хэд хэдэн айл амьдардаг ба нүүлгэн шилжүүлэх болон орон сууцжуулах үйл ажиллагааг зохицуулахдаа газар өмчлөл, эзэмшлийн албан ёсны бичиг баримтгүй эсвэл уг бичиг баримтад нэр нь ороогүй иргэдийг эдлэх эрхгүй үлдээж байгаа нь том алдаа юм. Тэгээд ч иргэдтэй зөвлөлдөлгүй, хангалттай нөхөн олговор олголгүйгээр газар, орон байрнаас нь хуулийн нэрээр “албадан” нүүлгэж байгаа нь олон улсын хэмжээнд нийтээр дагаж мөрддөг хүний эрхийн тунхаглалыг ноцтой зөрчиж байгаа хэрэг төдийгүй төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн муу жишээ, дахин төлөвлөлтийн хөтөлбөрийн зорилгын эсрэг ажиллагаа билээ. 

Иргэд мэдээллээр дутмаг, хуулийн мэдлэг хомсын улмаас хөрөнгө оруулагчид, барилгын компаниудын өмнө хүчгүй, “тоглоом”-ны гадна үлдэж байна. Тэгээд ч тухайн бүсэд дахин төлөвлөлт хийхээр шалгарсан компанитай гэрээ байгуулахгүй л бол хүчээр албадан нүүлгэх асуудлыг иргэдэд тулгадаг шүү дээ. Эндээс харахад Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хөтөлбөрт хувийн барилгын компаниуд гол тоглогчид нь байна. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийг сайтар хангах замаар асуудлыг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй гарц болох юм. 

Дахин төлөвлөлтийн гомдол эдийн засгийн хямралаар цааш үргэлжилсэн. Төслийн эхэнд шинэ байр барих хугацааны туршид түр болон түрээсийн орон сууцаар хангана гэж гэрээлсэн ч эдийн засгийн хямралаас болж олон төсөл зогсож, компаниуд иргэдэд түрээсийн байрных нь мөнгийг өгч чадахгүйд хүрээд байна. Байдал ийм байгааг дахин төлөвлөлтөөс хохирсон олон иргэн хэлсэн. Одоо олон улсын хүний эрхийн байгууллага баталлаа.

Энд яагаад “Эмнести Интернэшнл”- ийн тайланг онцлоод байна вэ, гэвэл НҮБ-д зөвлөх эрх бүхий байгууллага болоод тэр. Дэлхийн эв хамтын байгууллагын хурлаар Монголын дахин төлөвлөлтийн асуудлыг яриасай гэж хүсэх монгол хүн үгүй биз. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Харин дахин төлөвлөлтөө шинэчилсэн үзэл баримтлалаар баяжуулан орчин цагийн технологийн шийдэл бүхий ИРГЭН-ТӨР-Аж Ахуйн Нэгжийн оролцоог ижил тэгш хангасан тохиромжтой хувилбарыг нэвтрүүлэх хэрэгтэй юм. Төр, засгийн хувьд гэр хорооллыг зөв зохион байгуулалтад оруулан инженерийн дэд бүтцээр хангаснаар нийслэлд тулгамдаад буй асуудлууд болох агаарын бохирдлыг бодитоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах, улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн дунд үүсээд буй нийгмийн ялгааг арилгах, нийгмийн соёлын түвшнийг сайжруулах, гэмт хэрэг, халдварт өвчнийг бууруулах зэрэг олон асуудлыг зөвхөн гэр хорооллыг оновчтой төлөвлөснөөр шийдэх боломжтой. Нөгөөтэйгүүр иргэд өмчлөлийн газартаа инженерийн дэд бүтцээр хангагдаж, газрынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдраад зогсохгүй жижиг, дунд бизнес эрхлэх боломжоор хангагдах гарц нь мөн л дахин төлөвлөлтийн шинэлэг хувилбар юм.

Иймээс ГЭР ХОРООЛЛЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ТӨРИЙН БОЛОН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦЭЭР ХАНГАГДСАН ТОХИЛОГ АМИНЫ ОРОН СУУЦ ГОЛЛОСОН ХОРООЛОЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагуудаас хүсье.

"БАРИЛГА ХӨГЖИЛ" сэтгүүл