Бетон бүтээцийн Үл эвдэх сорил

2015 оны 04 сарын 20, 10:26
1429493781Манай улсад сүүлийн жилүүдэд төмөр бетон каркаст барилга олноор баригдах болсонтой холбоотой бетон бүтээцийн чанарыг барилгын талбайд шалгах шаардлага тавигдаж байгаа юм. Ийм шалгалт нь барилгын бетон бүтээцэд ямар нэг гэмтэл учруулахгүй хийгдэх нь зүйтэй. Орчин үед бетонд огт гэмтэл үүсгэлгүй шалгадаг үл эвдэх физик аргуудаас эхлээд бетоны гадаргыг дараа нь засаж болохоор бага зэрэг эмтлэх, ховхлох, цохих маягаар шалгадаг механик олон аргыг хэрэглэж байна. Эдгээр арга нь бетон бүтээцийн нягт, харимхайн модуль, бөх бат зэрэг үндсэн үзүүлэлтийг тодорхойлохоос гадна гадаргын хатуулаг, гадаргын шингээлт, бетон дахь арматурын байрлал хэмжээ гүн мэт бусад олон үзүүлэлтийг шалган тодорхойлогдоход зориулагддаг. Үл эвдэх сорилоор хуучин ба шинэ бетон бүтээцийн аль алиныг шалгахаас гадна бетоны үйлдвэрлэлийн аль ч шатанд, ямар ч настай бетонд тохирсон арга аргачлалыг сонгон хэрэглэж болно. Шинэ бетон бүтээцийн хувьд гол хэрэглээ нь барилгын материалын чанарын талаарх эргэлзээг тайлах, өөрөөр хэлбэл бетоны бөх бат, хэв гажилтын болон уян харимхайн модуль далд согог, арматур, бетоны барьцалдалт, бэхжилтийн явцын чанарын шалгалт байдаг. Хуучин бүтээцийн үл эвдэх сорил нь уул бүтээцийн бүрэн бүтэн байдал, согогийн үүсэл, түүний явц, насжилтыг үнэлэхтэй холбоотой хийгддэг.

Бетон бүтээцийн чанарын шалгалтад үл эвдэх сорилыг ашиглаж болох тохиолдлуудаас дурдвал:
-Суурийн блок, ялуу гэх мэт барилгад зориулж урьдчилан бэлтгэсэн бетон бүтээц буюу барилга дээр хийгдэх чанарын хяналт,
-Барилгын зураг төсөлд зааснаас өөр материал нийлүүлэгдсэн үед түүнийг хүлээн авахтай холбоотой эргэлзээг тайлах,
-Бетон хольц, зууралт, цутгалт, хатаах буюу нягтруулахтай холбоотой ажлын чанарын эргэлзээг тайлах,
-Цутгалтын хашлагыг авах, хатаалтыг дуусгах, ачаалал өгч эхлэхтэй холбоотой бэхжилтийн хугацааг хянаж тогтоох,
-Бетон бүтээц дэх цууралт, хөндий мэт аливаа согогийн хэмжээ ба байрлалыг тогтоох,
-Огтолж дээж авах, даацыг турших зэрэг өртөг өндөртэй туршилт буюу эвдэх туршилтын өмнө бетоны нэгэн төрөл байдлын хүрээг тогтоох, бүтээцийн чанарыг үнэлэхэд төлөөлөл болж чадах дээж авах байрлалыг тодорхойлох,
-Арматурын байрлал, чанар, төлөв байдлыг тодорхойлох,
-Цөөн тоотой хийгдсэн эвдэх сорилын үнэмшлийн зэргийг дээшлүүлэх (баталгаажуулах)
-Хэт ачаалал, цуцалт, гадна буюу дотроос үйлчлэх химийн үйлчлэл буюу өөрчлөлт, гал түймэр, хүрээлэн байгаа орчны нөлөө зэрэг хүчин зүйлээс үүсэх бетоны эвдрэлийг илрүүлэх буюу байрлалыг тогтоох, судлах,
-Бетоны насжилтыг тогтоох,
-Бетоны шинж чанарт гарах цаг хугацааны өөрчлөлтийг хянах,
-Даатгал буюу эзэмшигч солигдохтой холбоотойгоор барилгын зориулалт өөрчлөгдөхөд шаардлагатай мэдээллээр хангах гэх мэт.

Бетон бүтээц үл эвдэх сорилд дараах аргуудыг ашиглаж байна.
Үүнд:
-Гадна үзлэг шалгалт бол цаашид ҮЭС хийх зайлшгүй урьдчилсан шалгалт байдаг. Туршлагатай барилгын буюу хийцийн инженер хүн бетон хийцийн эвдрэлийн шалтгааныг тогтоож, түүнийг шинжлэхэд ямар ҮЭС-ын арга ашиглахыг зааж чадна,
-Бетоны арматурын савааны зэврэлийг илрүүлэхэд цахилгаан потенциалын аргыг хэрэглэнэ,
-Гадаргын хатуулгийг тодорхойлоход Шмидтийн буюу ойлтын алхны туршилтыг хэрэглэнэ,
-Чийг арматурт хүрч түүнийг зэврүүлж эхэлсэн эсэхийг тодорхойлоход карбонжилтийн гүнийг хэмжих туршилт,
-Бетоноор ус нэвтрэн гаралтыг хэмжихэд ус нэвчилтэд сорих туршилт,
-Гадаргын хатуулаг, гадаргуу ба гадаргууд ойр үеийн бөх батыг хэмжихэд нэвтрэлтийн эсэргүүцлийн буюу Виндсорын туршилт ашиглагдана,
-Арматур гадаргаас ямар гүнд байгаа болон түүний диаметрийг үнэлэхэд коверметрийг ашиглана,
-Бетон дахь хөндий, хоолой, арматур болон бусад гадны биетийг илрүүлэх, байрлалыг нь тодорхойлоход радиографийн сорилыг, бетоны эзлэхүүн жин болон бетон хольцын нягтралын байдал, дүүргэгчийн эзлэх хувийг тодорхойлоход радиометрийн аргаг ашиглана,
-Бетонд тархах хэт авианы долгионы хурд, давтамж болон эрчмийн сааралтыг хэмжин бетоны статик ба динамик үзүүлэлтүүдийг тодорхойлоход хэт авианы сорилыг ашиглана,
-Хоёр ба түүнээс олон чиглэлд хэт авиаг дамжуулсан өгөгдлийг ашигласан томографийг бетон дахь хөндийг бүртгэхэд ашиглана,
-Арматур ба хоолойн байрлалыг илрүүлэхэд радарын сорилыг ашиглана,
-Хөндий, хөвхийлт гэх мэт согог болон барилга руу ус орох цэгийг тогтооход хэт улаан туяаны аргыг ашиглана.
-Материалын физик-механик шинж чанар болон бүтээцийн геометрийн үзүүлэлтийг огтлолын зарим хэсэгт тодорхойлоход акустик импульс, радиометр, соронзон хэмжилт болон чичиргээний аргуудыг нэгтгэсэн радиотехникийн нийлмэл аргыг ашиглаж болно,
-Материалын хэв гажилт болон эвдрэлийн онолын судалгаанд радиотехникийн туршилтын аргыг ашиглана.

Бетоны сорилын стандарт MNS ISO 1920- 7-р хэсэг: Бэхэжсэн бетоны үл эвдэх шалгалт.
MNS ISO 1920-ын энэ хэсэг нь бэхэжсэн бетонд хэрэглэх үл эвдэх шалгалтын аргуудыг зааж өгнө.
Эдгээр аргад:
a) Ойлтын тоог тодорхойлох
b) Хэт авианы импульсийн хурд тодорхойлох
c) Суга татах хүчийг тодорхойлох аргууд багтана.
ШУТИС-ийн Материал үйлдвэрлэлийн сургуулийн багш
Ц.БАЙГАЛЬМАА
comments powered by Disqus