Ү.Ганбаяр: Монголд барилгын дулаалгын перлитийн шинэ үе ирсэн

2016 оны 06 сарын 17, 09:36
1466127860“Барилга хөгжил” сэтгүүл нийслэл хотод тулгараад буй хүндрэл болох агаар орчны бохирдол, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа билээ. Энэ сэдийнхээ хүрээнд судалгаа хийсний дүнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах гол арга зам бол нүүрс түлэхээ болих, эрчим хүчийг түлхүү хэрэглэх. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь бас нэгэн гарц байж болох юм гэсэн гаргалгааг олж харлаа. Харин энэ бүх ажлыг үр дүнгүй болгож ч мэдэх, магад хамгийн үр дүнтэй ч болгох нэг ажил бол барилгын дулаалга хэмээн үзэв. Тиймээс энэ удаагийн дугаарын гол зочноор “Нью север” ХХК-ийн ерөнхий захирал Ү.Ганбаярыг урилаа. Тус компани эх орныхоо түүхий эдээр барилгын дулаалгын материал болох керамзит, перлитийг үйлдвэрлэдэг бөгөөд “Монголд барилгын дулаалгын зах зээл дээр перлитийн шинэ үе ирсэн” хэмээн ам бардам өгүүлж байна.

-Манай сэтгүүлийн судалгааны нэгээхэн хэсэгт барилгын дулаалгын асуудал чухлаар тавигдаж байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж байхад эх орныхоо түүхий эдээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг хэмээн танай компанийн тухай сонслоо. Нэгэнт баригдсан барилгын нэмэлт дулаалга, анхнаасаа дулааны алдагдал багатай барих хоёр мэдээж их ялгаатай. Гэтэл танай бүтээгдэхүүнийг аль ч тохиолдолд хэрэглэж болдог гэх юм. Энэ талаар тайлбар өгөөч?
-Манай бүтээгдэхүүнийг аль ч шатанд хэрэглэж болдог онцлогтой. Монголд өдгөө полистрол, шилэн болон чулуун хөвөн, хонины ноосон дулаалга гэх мэтчилэн олон төрлийн дулаалгын материал хэрэглэгдэж байгаа. Эдгээрээс бид байгалийн гаралтай түүхий эд буюу нэгэн төрлийн цавуулаг ихтэй шавраар барилгын дулаалгын материал болох керамзитыг үйлдвэрлэдэг. Шаврыг хөөлгөж хийдэг керамзитийг дээвэр, шалны дулаалгад хэрэглэдэг гэдгээр нь монголчууд сайн мэднэ. Керамзитийг хонины ноос гэвэл ноолуурын хэмжээнд жишигдэхүйц бүтээгдэхүүн нь перлит юм. Перлит бол шинж чанараараа хөөсөнцөртэй адилхан дулаан тусгаарладаг мөртлөө цэвэр байгалийн гаралтай чулуу юм.

-Эко бүтээгдэхүүн гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бүгд эко. Бидний зорилго бол дотоодын 100 хувийн байгалийн гаралтай түүхий эдээр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал.

-Орд нь Монголд хэр тархацтай, хэр нөөцтэй, хэр элбэг байдаг юм бол?

-Шаврын орд газар ч нэлээд бий. Шарын голын нүүрсний дээд үеийн хөрс хуулалтын хэсэг, Багахангайд их хэмжээний шаврын нөөц бий.

-Барилгын салбарын техник технологи асар хурдацтай хөгжиж байна. Саяхан л хөөсөнцөр шилдэг нь байлаа. Одоо керамзит, перлитийг та дулаалгын шинэ үегэж нэрлэж байна. Тун удахгүй дахиад шинэ бүтээгдэхүүн гарч ирнэ дээ. Энэ талаар мэдээж та судалгаатай л байгаа байлгүй?

-Манай компани анх байгуулагдахдаа л барилгын дулаалгын материалын чиглэлээр дагнахаар зорилго чиглэлээ тодорхойлсон. Энэ чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн, эцсийн үйлчилгээ юу байж болох тэр хүртэл бид явна. Сүүлийн үед хөөсөнцөр галыг дэмжихгүй боллоо л гэж байна. Гэлээ гэхдээ тийм ч шилдэг шийдэл биш.

-Танай бүтээгдэхүүний галыг дэмжих үзүүлэлтийг сонирхвол?

-Огт дэмжихгүй, шатахгүй, манай бүтээгдхүүнүүд өөрсдөө 1100-1200 градуст шатаж хөөдөг учраас галын аюулаас огт айхгүй. 

-Таны шилдэг технологи хэмээн нэрлээд байгаа перлит, керамзитийг дэлхийд хэзээнээс хэрхэн хэрэглэж байгаа юм бэ?
-Керамзит 1950-1980 онд өргөнөөр хэрэглэдэг байсан. Үүний дараа хөөсөнцөр, шилэн хөвөн гээд шинэ материалууд гарч ирээд орхигдсон, нийгэм, зах зээлийн ороо бусгаа байдлаас болоод үйлдвэрүүд нь байхгүй болж байсан хэдий ч эцсийн бүлэгт керамзит нь дээр юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч эргээд маш ихээр хэрэглэдэг болж байна. Ингэж сэргэхдээ хуучнаасаа хамаагүй илүү сайжирсан байдалтайгаар, хүчтэй болон гарч ирж байна.

-Монголд керамзитийг хэр хүлээн зөвшөөрч байна вэ?
-Монголчууд керамзитыг сайн мэднэ. Эртнээс хэрэглэж ирсэн. Зураг төслийн үе шатнаас эхлээд барилгын төлөвлөлтөнд ороод явж байгаа бүтээгдэхүүн юм.

-Хүлээн зөвшөөрөөд өргөнөөр хэрэглээд эхэлбэл үйлдвэрлэл хэр хурдан өргөжиж чадах вэ?
-Үйлдвэрлэлийн явц их хүнд. Нэлээд хөдөлмөр ордог. Цахилгаан ч үгүй, ус ч үгүй уурхайгаас шавраа олборлоод, зам муутай газраар тээвэрлээд, үйлдвэрт авчраад нунтаг нүүрсээр шатааж хөөлгөдөг. Энэ зуурт их зүйл болно оо, орон нутгийн иргэд яг юу олборлоод байгааг ч ойлгохгүй, заримдаа бүр ойлгохыг ч хүсэхгүй эсэргүүцнэ. Ямар алт ухаад байгаа биш дээ, гэтэл аймаар ашигтай зүйл л ухаад байна гэж хүлээж авдаг. Мэдээж асуудал яривал их зүйл дурдаж болно л доо. Гэхдээ бид хийж бүтээхийн төлөө явж байгаа хүмүүс, саад бэрхшээлийг даван туулаад хийсээр ирсэн. Манайхыг үйлдвэрээ байгуулаад явж байхад ирээд асууж сураглаж байсан хүмүүсээс нэлээд хэд нь үйлдвэр байгуулчихсан явж байгаа. 

-Өрсөлдөгчөө өөрөө бэлтгээд байгаа хэрэг үү?

-Зах зээл нь байгаа. Өрсөлдөж чадаж байвал мундаг байна. Гэхдээ манай хамт олны олон жилийн туршлага, хөдөлмөрч зан чанарыг давж гарна гэдэг хэцүү дээ /инээв/.

deewer(1)-Керамзит, перлитийн давуу тал гэвэл?

-Дуу, дулааныг юу хамгийн сайн тусгаарладаг вэ? Агаар. Тийм ч учраас халуун сав, цонхыг агаарыг вакуумжуулж хийдэг. Керамзитийн томруулдаг шилээр харвал асар олон жижигхэн бөмбөлгүүд байгаа. Тэр болгон дотроо агаартай. Тэр агаарууд дулаан тусгаарлах үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Шаврыг зуурах явцад усаар чийгэлдэг, хорголжин хэлбэрт оруулдаг. Хорголжинг 1100-1200 градусын халуунтай хэвтээ зууханд оруулахад шавар
хайлж хорголжингийн гадна хэсэг хайлмаг бүрхүүлтэй болно. Огцом халуунд оруулахаар шавран дахь ус тэлж агаарын бөмбөлөг үүсгэдэг. Керазитийн анхдагч нь галт уулын хүрмэн чулуу. Галт уултай газар нутгуудад ийм чулуулаг дулаан сайн тусгаарлаж байгааг мэдээд өргөнөөр хэрэглэж эхэлсэн бол галт уулгүй газарт энэ чулуулаг хэрхэн үүссэн явцыг судалж хүний оюун ухаанаар үйлдвэрийн аргаар гаргаж авсан нь керамзит юм. 

-Илүү сайныг нь яаж мэдэх вэ?
-Хамгийн энгийн шалгуур үзүүлэлт бол усан дээр хөвөх. Усан дээр хөвдөг зүйлс дулаан хамгийн бага дамжуулдаг юм шүү дээ, тэгээд огт шатдаггүй.

-Керамзитийг бол шал, дээвэрт дэвсдэг гэдгийг мэдэх юм байна. Перлитийг юм юманд янз янзаар хэрэглээд байгаа харагдлаа? 
-Манай үйлдвэр барилгын дээвэр, шалны дулаалгад зориулж керамзит үйлдвэрлэж эхэлсэн. Түүхий эдийн үйлдвэрлэл зөв, сайн яваад эхлэхээр хэмжээ ихсээд, анх үйлдвэрлэж байсан түүхий керамзит зарагдахаа болиод эхлэхээр дараагийн шат руу оръё гэж шийдээд цемент, элс, 0.5-ын хайргатай холиод керамзитан гулдмай /блок/ хийхэд хуучин барилгачид их дуртай хүлээж авсан. Керамзитаар дүүргэлт хийсэн барилга дулаахан болдог гэдгийг тэд мэддэг. Анх 2008 онд хотын ерөнхий архитектор асан Нямсүрэн гуай замын цадаагийн хажууханд баригдсан хотхоны барилгын бүх ханыг керамзитаар төлөвлөж дүүргэж байсан. Дараа нь циркийн баруун талд баригдсан “Номун хотхон” бас манай блокоор дүүргэлтээ хийсэн. Үүнээс хойш их ч олон барилга гадна хана, айл хооронд бүюү өрөө хоорондын ханыг керамзитан гулдмайгаар дүүргэсэн дээ. Дулаахан гэдгийг нь тэндээс шалгачихаж бараг болно доо. Үүнээс гадна хуучин угсармал орон сууцнуудын ханыг ярьж болж байна. Тэр угсармал барилгын хананы зузаан нь 32 см, ханын гол хэсэгт 18 см орчим керамзит, 2 талд нь 7.5, 7.5 см бетон бий. Гаднаа ч, дотроо ч дулаалгагүй байхад тухайн үеийн техникийн нөхцөлийг хангаж байсан.

-Одоо 32-ын ханатай хийж болохгүй биз дээ. Яагаад ханаа зузаалах болсон юм бол?
-Тэр үед барилга ч цөөн байж, 3 цахилгаан станц ажиллаад дулаанаар асуудалгүй хангаж байсан хэрэг л дээ. Сүүлийн үед баригдаж байгаа барилгын тоо эрс нэмэгдэж эрчим хүчний үйлдвэрлэл нэг хэвэндээ л байна. Ханаа 36 см болго, гаднаас нь хөөсөнцрөөр дулаал гэх шаардлага тавих болсон. Хуучны 5 давхар, 9 давхар угсармалуудыг дулаан алдаж байна гэж үзээд дулаалах шаардлага гарч ирж байна. Миний бодлоор энэ барилгууд ханаараа дулаан бага хэмжээгээр алдаж байгаа, харин угсармал бетон хавтангийнхаа заадсаар л их алддаг болов уу. 

-Сүүлийн үед керамзитаар шал, таазаа дулаалсан гэж нэг их сонсогдохгүй байх шиг. Барилгын орцоос хасчихсан юм уу?
-Ашиг олох гэж байгаа газрууд тухайн барилгынхаа дуу, дулааныг тусгаарлахыг нэг их бодохгүй байна л гэсэн үг. Барилгуудын шалыг шууд бетон цутгаж тэгшлээд байгаа нь буруу. Нэгдүгээрт, бетон цутгаснаар барилгын масс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, дуу чимээ ихээр нэмэгдэж хөндий цуурайтах болсон. Керамзит 0-10, 20-40 гээд 2 фракцаар гардаг. 0-10 мм фракцтай керамзитыг шалны тэгшилгээнд хийх номтой. 12 давхар 2 орцтой орон сууцны дээврийг дулаалахад борлуулж буй нэг м2 болгонд керамзитны хэрэглээ мөнгөн дүнгээр ердөө л 2000 төгрөг, шаланд 5-хан см хийхэд хангалттай, өртөг нь 3000 төгрөг болох тооцоо гарсан. Барьсан барилгынхаа м2-ыг 2 сая төгрөг гаргаж зарж байгаа мөртлөө иймхэн зардал гаргаад дуу, дулааны алдагдлаа бууруулахыг бодохгүй зардлаа хэмнэх, мөнгө олохоо л бодоод байх болж. Нэг м3 нь одоо 60.000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм хэмжээний керамзитаар дээвэрт бол 3 м2 талбайг дулаална. 

-Өө, тэгвэл хаа сайгүй барилгууд цуурайтаад байдаг болсон шүү дээ. Энэ байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?
-Иргэдийг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх шаардлагатай. Миний авах гэж байгаа байр, барилга дулааны алагдал хэр ихтэй вэ, байх ёстой зүйлс нь зохих ном журмаараа орж уу гэдгийг асууж шаарддаг, ашиглалтын зардал их гараад байх юм биш биз гээд шалгах хэмжээний мэдлэг, чадвартай болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол барилгын салбар тогтвортой ажилладаг хэдхэн компаниас бусад мөнгө хөөсөн хэдэн хүний гараар ороод баларч байна. Ихэнх нь ашгаа бодно, жил бүр нэрээ солиод бултаад, зугтаад л. Заримдаа барилга бариад, заримдаа наймаа хийгээд ноос ноолуур цуглуулаад явж байдаг хүмүүсээр дүүрчихсэн. Хуучин бол барилгын салбарт үйлдвэрлэл явуулдаг хэдхэн газартай. Тэд нь өвөл, зунгүй барилга барьдаг. Ингэхийн тулд өвөл нь угсрах хийцлэлүүдээ бэлтгэж, зун нь заслаа гүйцээдэг байсан. 

-Одоо бол барилгын салбар улирлын хамааралтай өрнөөд байгаа. Шалтгаан нь юу вэ?
-Аргагүй шүү дээ. Дээр үед өвөл барьдаг барилга нь угсармал хийцлэлтэй. Тэгээд нэг хэв маягийн барилгууд олноор баригдаж байгаа нөхцөлд угсармал хийцийн гол давуу чанар нь энэ. Гол ажил нь гагнах, холбож бэлтгэх. Одоо бол барилга, орон сууцнуудын том өрөө, гал тогоог том байхыг шаардаж байна. Угсармал барилгын нүхт хавтан хамгийн урт нь 63*12. Энэ хэмжээнд хязгаарлагдахгүйгээр барина гэвэл яалт ч үгүй цутгана. Цутгалт өвөл хийх боломжгүй. 

-Угсармал барилга ч сүүлийн үед нэмэгдэх шинжтэй болоод явчихлаа. Хуучин байсан бетон эдлэлийн үйлдвэрүүд дээр шинээр нэмж байгуулагдаад л байна. Хуучных шиг дотроо керамзиттэй байх болов уу?
-”Эрэл”, “Гранд байшин” компаниуд ханын хавтангууд хийгээд эхэлсэн гэж сонссон. Ханын хавтангаа керамзитаар дүүргэнэ гэж одоохондоо манайд санал ирүүлээгүй.

-Хөөс ч болох, болохгүй чанараа сайн үзүүлж байгаа даа. Дулаахан болдог хэдий ч шатлаа, хууларлаа?

-Ямар ч асуудалгүй хийсэн хөөс ч гэсэн 20 жилийн дараа гэсэн агшсан байдаг. Та нар ч булан нь шарлаад атиралдчихсан хөөснүүд зөндөө харсан байх. Одоо фасаданд хийгээд байгаа хөөснүүд бас л тийм л болно. Ихэнх нь хямдыг нь бодоод чанаргүй хөөс хэрэглэж байгаа өнөөгийн нөхцөлд бүүр богино настай байх болов уу. Тэгээд дээр нь технологийн дагуу хийхгүй, ам дарж тогтоохгүй байна. Ингэхээр хөөсөнцөр сайн байлаа ч дулаан алдагдсаар л байх болно. 

-Хөөсөнцөр борлуулдаг компанийн хүнтэй уулзаж ярилцаж байхад хөөсөнцөр мөд үеэ өнгөрөөхгүй, галыг дэмжихээ больсон гэх мэт маш сайн хөгжиж байгаа гээд байсан?
-Дэлхийд хөгжиж байгаа байх л даа. Монголд тэр шинэ технологийг өргөнөөр нэвтрүүлж ойрдоо л лав чадахгүй байх. Яагаад гэхээр тийм хөөсөнцөр хэрэглэх чадамж, боломж Монголд, монгол барилгачдад, барилгын компаниудад бага байна шүү дээ. Яахав, зөв хөөсөнцрөө сонгоод, зөв ашиглаад явбал хөөсөнцрийн өөрийнх нь шинж чанар маш сайн юм шүү дээ.

-Ингэхэд перлитийн хэрэглээ нэлээд сонирхол татаж байна. Юу юунд хэрэглээд байна?

-Керамзитийн дараагийн үе шат юу вэ, Монголоос хэрэглэчихмээр түүхий эд юу байна гээд судалсан чинь перлит гараад ирсэн. Перлитний хэрэглээг дэлхийн бөмбөрцгийн зурган дээр харвал Солонгос, Япон, АНУ, Канад, Европ тэр чигээрээ буюу өндөр хөгжилтэй орнууд дээр тэмдэглэгдсэн байдаг. Сүүлийн үед Орос, Хятад 2 ч ихээр хэрэглэх боллоо. БНХАУ-ын Шанхай хотод 57 давхар худалдааны төвийн гадна ханын дулаалгын хөөсөнцөр шатсанаас болж хөөсөнцрийг гадна дулаалганд хэрэглэхийг болиулах тушаал гарч байсан. Нэг хэсэг гадна ханын дулаалганд перлит ашигладаг болсон. Үүнээс болоод хятадад перлитний boom үүсч, олон ч үйлдвэр бий болсон доо. Перлитний хэрэглээ бол маш өндөр. Газар тариалан, барилга, металлург, хүнсний үйлдвэр, ундаа, пиво, нефтийн үйлдвэрүүд, хүүхдийн памперс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл гэх мэт олон зүйлд ашигладаг. Яагаад гэхээр, перлит өөрөө шингэнийг маш ихээр, өөрийнхөө жингээс 400 дахин илүүг шингээх чадвартай. Далай дээр нефть асгарахад ганц аврал нь перлит. Перлит аваачиж цацахад нефтийг өөртөө шингээгээд авчихна. Тэгэхээр нь перлитээ цуглуулаад авчихна. Мөн маш чухал нэг чанар нь шингээсэн усаа удаанаар гадагшлуулдаг. Энэ чанарыг нь гольф, хөлбөмбөгийн талбай, газар тариаланд ашиглахдаа хөрсөнд хольж хэрэглэж байна.

-Перлитээ хэзээнээс эхэлж үйлдвэрлэх болов?
-2013 онд үйлдвэрээ байгуулж эхний бүтээгдэхүүнээ гаргасан. Өнөөдрийн байдлаар дулаалгын перлит, керамзитны элстэй хольж холимог дүүргэгчтэй дулаалгын материал, перлитэн гулдмай, перлитобетонон хавтан зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүнийг амины орон сууц бариулж байгаа хувь хүн, компаниуд илүү сонирхдог доо.

-Перлитээр хэд хэдэн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Барилгад хэрхэн хэрэглэх талаар сонирхмоор байна?
-Энэ хавар нийслэлийн Засаг дарга гадна ханын дулаалгын талаар ярьж байна лээ. Бас зарим нэг компанийн хийсэн зүйлсийг ч үзэж харсан байх. Бид 3 жилийн өмнөөс энэ асуудлыг ажил хэрэг болгоод айлуудын байшинг дулаалаад эхэлчихсэн. 2 см зузаантай перлитэн шавардлага нь 12 см-ийн тоосгон ханатай тэнцдэг. Мөн энэ шавардлагын өөрийн өртөг маш бага. Яг энэ туршилтыг “Баярс констракшн” ХХК бас хийсэн байна лээ. Угсармал 5 давхар байшингийн гадна ханыг перлитэн шавраар шавардахад нэг айл ойролцоогоор 700-800 мянган төгрөгийн зардал гарахаар тооцоо гарсан гэсэн. Ингэж дулаалаад хэмжилт, зураг авалт хийгээд үзэхээр эрчим хүчийг 25-30 хувиар хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Даанч энэ санал нэг их дэмжигдэхгүй өнгөрчих шиг боллоо.

-Зүгээр шавардлагын материал дээрээ нэмээд хийчихдэг юм уу?
-Шавардлага хийхэд хэрэглэдэг цемент, элсэн дээр уян арматур гэж нэрлэдэг файбер утас, бусад нэмэлт бүтээгдэхүүнүүдийг барьцалдах чанарыг сайжруулах зорилгоор нэмж байгаад перлиттэйгээ холиод энгийн шавардлага хийнэ. Дээр нь шууд фасад хийнэ. Дахиж торлох, хар замаск явах ч хэрэггүй. Хагарахгүй, нурахгүй, урсахгүй.

-Ийм бүтээгдэхүүнийг олонд таниулах, хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа ийм нөхцөлд перлит нэмснээр өртөг нь жаахан өсөх үнийн дүнг хараад хүмүүс татгалзаад байх шиг байна. Үр өгөөжөө бодвол хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх нь илүү чухал л даа. 

-Гадны технологиуд Монгол таарахгүй байна л гэдэг. Энэ тал дээр ямар нэг хүндрэл үүсэх болов уу?
-Би юу ч гаднаас аваагүй. Түүхий эдээ эх орноосоо олборлож байна. Тэрийг нь Дундговиос, энийг нь Булганаас авчирч байгаа. Улаанбаатар хотын 2 захад нэг нэг үйлдвэрт боловсруулж байна. Хэн рүү ч бухах аргагүй, бүгдийг өөрийн гараар хийж байна. Таарахгүй, нийцэхгүй зүйл гэж гарахгүй гэдгийг ам бардам хэлж чадна.

-Та импортоос хараат биш байна гэдэг маш том давуу тал шүү?
-Хүн сайн технологи оруулж ирээд мундаг юм хийж болно л доо. Талхаар зүйрлэвэл Германаас гурилыг нь оруулж ирээд л, шарахдаа маш сайн бэйкэри хийдэг тогоо хэрэглээд, нэр хүндтэй тосонд шарчихаар л талхны үнэ 2000 гараад явчихна. Би болохоор бүтээгдэхүүнийг минь миний жолооч дүү авч чадахаар байна уу? Нэг их өндөр үнэ, тансаг хэрэглээ чухал биш ээ, яахав би Монголын дээд гурил, шар тосоор бор давс усанд уусгаж байгаад хийчихье гэж оролдвол миний талх 700 төгрөг болох жишээтэй. Нэг нь гоё өнгөтэй, үзэмжтэй, сайхан амттай. Үнэн. Гэхдээ миний талхыг идэхэд муу юм ерөөсөө байхгүй. Адилхан л хүний хэрэгцээг бүрэн хангана. Тэгэхээр би хөөсөнцрийг орлох хавтан хийе, дулаалгын шавардлагад хэрэглэе, гулдмай блок хийе. Үүнийг амьдралд нэвтрүүлэхийн тулд үнээ 20 хувиар бууруулсан. Би овойж оцойтол баяжих нэг хэрэг. Холбогдох салбаруудаа өөд нь татмаар байна. Хувь нэмрээ оруулмаар байна. Мэдээллээ түгээмээр байна. Хэрэглээнд оруулмаар байна.

-Та бүхэн ямар зүйлийг хүмүүст санал болгож чадах вэ?
-Барилгачдад чанартай дулаалгын болон дүүргэлтийн бүтээгдэхүүнүүд. Иргэдэд дуу, дулааны алдагдал багатай байшингийн торх. 

-Торх?
-Яагаад гэхээр дулаалга муутай байшин хамаг дулаанаа алдаад, ашиглалтын зардал ихтэй байдаг. Манай санал болгож байгаа торх бол 60 см зузаантай керамзитан блокоор ханыг өрж, гадна дотор талаас нь 2 см перлитэн шавардлагатай. Мэдээж гадна фасадыг хийж өгнө. Бидний үйлдвэрлэж байгаа керамзит-перлитэн гулдмай нь даацын гулдмай учраас бетонон каркас хийх шаардлагагүй шууд өрөөд хучилтын хавтан тавьж байгаа. Дээвэр, шалыг керамзитаар дулаалж өгснөөр дулааны алдагдал маш багатай байж ашиглалтын Дугаарын зочин үеийн зардал маш ихээр хэмнэнэ. Өвлийн хүйтэнд огт галлаагүй хэдэн сар орхичихоод эргээд очиход дотроо -8 градус байсан юм шүү. Гаднаас орох хүйтнийг дор хаяж 40 хувь бууруулна. Яаж ийм байлгасан технологио яривал нэлээд сунжрах гээд байна. Сонирхсон хүн ирвэл тайлбарлаж өгөхөд бэлэн. 100 жилийн баталгаатай вааран дээвэр, сайн чанарын модон вакуум цонх суулгана. Ингээд иргэд дулааны алдагдалгүй маш сайн байшинтай болох боломжийг бид амлаж чадна. Ийм байшинг дулаацуулахын тулд 15 квт-ын хүчин чадалтай шалны халаалтын систем хэрэглэхэд гуравны нэг горимоор нэг цагт 20 минут буюу өдөрт 8 цаг ажиллахад л хангалттай. Дулааны алдагдал маш бага учир нэгэнт 22 градус хүртэл халсан температур 18 хүртэл буутал багагүй хугацаа өнгөрнө. Эсвэл шөнө цахилгааны хямдралтай үнийн үеэр бүрэн сайн халаачихаад өглөө халаалтаа салгасан байхад орой гэртээ хүн ирэхэд хангалттай дулаан байж чадна.

-Үнэ өртөг нь хэр их байх бол?
-Нийтийн орон сууцны үнэ хэд байгаа билээ. 1.5-2.0 сая төгрөг орчим байгаа. Манай байшингийн үнэ 1 м2 нь 850.000 төгрөг дотор цэвэр талбайгаар. Үүн дээр байшин бариулж байгаа хүн маань дотор заслаа хийхэд л болно. Бид бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах бодлого байнга баримталж байгаа.

Ярилцсан Ч.БАЙГАЛМАА