ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН “СЕРВИС ЦЕНТР” ДЭХ ИРГЭДИЙН ОРОЛЦОО

2017 оны 03 сарын 29, 14:58
blobГэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчилсэн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн инженерийн хангамжийн төв “Сервис центр” төслийн талаар манай сэтгүүл цувралаар нийтэлж байгаа билээ. Бидний нийтлэл, мэдээллийн мөрөөр уншигчид “Сервис центр” төслийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийн талаар болон технологийн шийдлүүдийн талаар бодит мэдээлэлтэй болсон гэж найдаж байна. “Барилга хөгжил” сэтгүүлийн зүгээс үргэлжлүүлэн төсөл дэх оролцогч талуудын нэг чухал сигмент болох иргэдийн оролцоо, тэдний амьдралд “Сервис центр”-ийн үзүүлэх нөлөө, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй танилцуулахаар бэлтгэлээ.

ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ + ТӨР, НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ = ТАВ ТУХТАЙ ОРЧИН

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн төв - “Сервис центр” төсөл нь “Гэр хорооллын иргэдийн хүсэл, санаачилга, чадамжид суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийг хүргэж, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулан, орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгон хөгжүүлэх” үндсэн зорилготой. Төсөл хэрэгжсэнээр иргэд өөрийн өмч болох газартайгаа үлдэж, тухайн газар дээрээ инженерийн шугам сүлжээгээр хангагдан амьдрах орчин нөхцлөө сайжруулах, газрынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, хэрэгцээндээ суурилсан төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах бүрэн боломжтой болох юм.

Иргэдийн хүсэл, санаачлага, чадамжид суурилсан төсөл гэдэг нь иргэд өөрсдөө амьдрах орчин, газар нутгаа төлөвлөн тус төлөвлөлтийн дагуу “Аз жаргалтай хот”-ыг иргэд өөрсдөө бий болгоход чиглэнэ. Ингэснээр төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт иргэд өөрсдийн санаачлагаар хэрэгцээт орчноо төлөвлөн ая тухтай амьдрах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчиноо шийдэх боломж бүрдэх юм.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн санаачлаад буй “Сервис центр” төслийн “Сервис центр”-ийн барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар байхаар төлөвлөгдсөн бөгөөд зоорийн давхарт цэвэс ус, дулаан, цахилгаан, ариутгах татуурга, холбоо дохиоллын хангамжийн тоног төхөөрөмжүүдээ байрлуулж, 1 болон 2 дугаар давхартаа төр, нийгмийн үйлчилгээний салбаруудыг байршуулах боломжтой байхаар тусгасан. Иймд “Сервис центр”-ийн барилгын 1 болон 2 дугаар давхрыг олон нийтийн төвийн хэлбэрээр ашиглан иргэд өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцэн үйл ажиллагаа явуулж болох юм. Тухайлбал, СӨХ, эмнэлэг, цагдаагийн хэсэг, хороо хорин, үсчин, оёдолчин, эмийн сан, цэцэрлэг, номын сан, бялдаржуулах төв, супермаркет зэрэг маш олон үйлчилгээнээс сонголтоо хийж болно. Тэгэхээр “Сервис центр” нь инженерийн хангамжийн төв байхаас гадна тухайн газарт оршин суугчдын олон нийтийн төв байж, иргэд оршин байгаа газартаа гол шийдвэр гаргагч нь байх зөв амьдралын хэвшлийг түгээгч болох нөхцөл бүрдэнэ.

“Сервис центр”-ийн барилгын ашиглалтад санал болгож байгаа олон нийтийн төв нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг “Community center”-ийн үйл ажиллагааны зарчимтай бүрэн нийцнэ. “Com¬munity center” нь тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд нэгдэн нийлж өөрсдөдөө хэрэгцээтэй үйлчилгээгээ өөрсдөө бий болгож буй нийгэмлэг, хөршийн холбооны нэг хэлбэр юм.

1800-аад онд Европт үүссэн “Community center” буюу олон нийтийн төв гэх ойлголт нь иргэд нэгдэн нийлж, харилцан үзэл бодлоо илэрхийлэх замаар дуу хоолойгоо нэгтгэдэг нэг суваг, хэлбэр юм. Ингэснээр тухайн орон нутгийн иргэд хэрэгцээт төрийн болон нийгмийн үйлчилгээ авдаг, оршин суугчдыг зөв дадалд сургадаг нийгмийн хариуцлага, идэвхийг нэмэгдүүлдэг соёлд суралцдаг байна. Анхандаа нэг төрлийн асуудлыг шийдвэрлэх, нэг хэсэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус нийгмийн төвүүдийг байгуулж байсан бол өнөө үед нэг нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд харилцан зөвшилцсөний дагуу оршин буй газраа сайжруулах, дахин төлөвлөх, нийгмийн хэрэгцээгээ тодорхойлоход санал бодлоо нэгтгэх шаардлагад суурилан, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйлчилгээг авахын тулд олон нийтийн төвүүдийг улам хөгжүүлсээр байна.

“Community center”-ийн ач холбогдол:
     Иргэд аминчлах үзлээс нийгэмших үзэлд шилжинэ.
     Тухайн нутаг дэвсгэрийн нөхцөл, боломж нь иргэдийн хэрэгцээ шаардлагаар тодорхойлогдоно.
     Иргэдийн нийгмийн хариулцлага өндөр болно.
     Иргэд тухайн оршин буй газрын зохион байгуулалт, төлөвлөлт, сайжруулалтыг өөрсдийн хэрэгцээндээ тохируулан сайжруулах боломжтой болно.
     Дотоод нөөц боломж, потенциалыг удирдах боломжтой болж иргэд дотооддоо ажлын байрыг бий болгоно.
     Тухайн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд оновчтой шийдвэрлэх боломжоор хангагдах зэрэг давуу талтай.


Иргэдийн оролцоог хангасан “Сервис центр”

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн төв “Сервис центр”- ийг байгуулахын тулд иргэд эхлээд нэгдэн нийлж, иргэдийн бүлэг байгуулах учиртай. Иргэдийн бүлэг нь оршин суугчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөлтийг гаргах, саналаа оруулах, ерөнхий төлөвлөлтөө мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэргээр төсөл хэрэгжих хугацаанд хамтран ажиллах бүрэн боломжтой. Ийнхүү иргэд өөрсдөө төлөвлөлтөө гаргаснаар иргэд нийтийн орон сууцанд амьдрах эсэх, амины орон сууцанд амьдрах эсэх, газраа чөлөөлөх, чөлөөлөхгүй байх эсэх, газраа цоо шинээр төлөвлөх, зохион байгуулалтыг нь сайжруулах эсэх хийгээд “Сервис центр”-ийн барилгыг олон нийтийн төв хэлбэрээр ашиглах зэрэг асуудлуудаа өөрсдөө шийднэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, иргэд төсөлд хамрагдах нийт нутаг дэвсгэрээ хэрхэн зөв ашиглах, “Сервис центр”-ийн барилгыг ашиглан эмнэлэг, цэцэрлэг, цагдаа зэрэг нийгмийн үйлчилгээг байршуулах эсэх хийгээд дэлгүүр, жижиг дунд үйлдвэрлэлийн төв, номын сан, бялдаржуулах төв, секц, дугуйлан зэрэг бизнесийн болон хөгжлийн төв байгуулах эсэхээ иргэдийн бүлгээрээ дамжуулан шийдэх юм.
“Сервис центр”-т “Commu¬nity center” байгуулах гол ач холбогдол нь иргэд өөрсдөө ерөнхий төлөвлөлтөө гаргасан учир түүнийгээ хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ шаардлагаасаа хамаараад засан сайжруулах, бүтээн байгуулалтаа хамгаалах, зөв зохистой ашиглах дадалд суралцдагтай холбоотой. Оршин суугчид нь өөрсдөө төлөвшиж, өөрсдөө эрүүл аюулгүй орчноо бий болгон хөгжүүлж байгаа энэхүү хэлбэр нь “Сервис центр” төслийн нийгэмд үзүүлэх гол эерэг нөлөө юм.

“Сервис центр” дэх иргэдийн үүрэг, оролцоо нь

     Бүлэг болж зохион байгуулалтад орох
     Өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон төлөвлөлтийг гаргах
     Хот, нийслэлээс баримталж буй норм, дүрэм, стандартыг баримтлах
     Сэргээгдэх эрчим хүч ашигласан эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай болох, хуучин байшингаа засч, сайжруулах ажлыг      эрчимтэй хэрэгжүүлэх
     Бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах, хайрлаж, хамгаалах явдал юм